Технологийн хөгжил хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг тогтоож байдаг. Тавхан жилийн өмнө алдар нэрийн оргилд хүрч байсан мэргэжлүүд өнөөдөр ач холбогдлоо маш хурдан алдаж байна. Иймээс ямар мэргэжил эзэмшихээ сонгохдоо ойрын таван жилээр биш, 10-15 жилээр төлөвлөх хэрэгтэй болжээ. Тэгвэл судлаачдын тогтоосон таны эзэмшвэл зохих, ирээдүйтэй 10 мэргэжил.
- Программхөгжүүлэгч буюу программист
Мэдээллийн технологи нь сансар огторгуй төдийгүй анагаах ухаан, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг бүхий л чиглэлд үргэлжлэн хөгжинө. Компьютержуулалт нь бидний үйл ажиллагааны бүх салбарт нэвтэрч, томоохон компани бүр өөрийн гэсэн программ хөгжүүлэгчтэй байх болно. Иймээс та программчлалын хэл, программ хэрхэн бүтээх, дижитал аюулгүй байдлын зарчмуудыг сурах хэрэгтэй болно. Өнөөдөр АНУ-ын Стэнфордын их сургууль Цахиурын хөндийн ийм мэргэжилтнүүдийг амжилттай бэлтгэж байгаа гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.
- Аж үйлдвэр, барилга, үйлдвэрлэлийн инженер
Эдийн засаг, хууль эрх зүй, хүмүүнлэгийн ухааны боловсролыг олноор сонгох болсноос дэлхий даяар инженерийн хомсдолд орсон. Техникийн мэргэжлийн чиглэлээр Массачусетсийн их сургууль зэрэг нэлээд олон их дээд сургууль байдаг ч өнөөдөр инженерийн хомсдол АНУ-д ч мэдрэгдэж байна. Иймээс ирээдүйн инженерийн мэргэжлийг сонгох аваас тив дамнасан томоохон компанид ажиллах найдвар танд бий болно. Техникийн ур чадвараас гадна тодорхойгүй нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлэх, стандарт бус шийдлүүд олох, хуучирсан загварлаг үйлдлээс холдох чадвар шаардлагатай болж байгаа бөгөөд эдгээр ур чадварыг компьютерийн технологи гүйцэтгэх найдвар ирэх 10 жилд лав харагдахгүй байна. Тиймээс инженерийн албыг хүмүүс эзэлсэн хэвээр байх болно.
- Вэб болон 3D дизайнер, техникийн дизайнер
Ийм ур чадварыг ашиглаж буй хүрээ өнөөдөр ер бусын өргөн байна. Эдгээр мэргэжилтнүүд барилга, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн дизайн, маркетинг, сурталчилгаа, тоглоом, программ хөгжүүлэх, вэб сайт бүтээх чиглэлээр эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байна. Эдгээр мэргэжилтнүүд төрөл бүрийн жижиг хэсгүүдээс эхлээд хүний эд эрхтэн хүртэл бүх зүйлийг хэвлэдэг 3D принтер дээр ажиллаж түүнийг хөгжүүлэх чадвартай болжээ. Иймээс ирээдүйд тэд бүхэл бүтэн үйлдвэрлэлийг ч орлож магадгүй болоод байна.
- Маркетер, PR мэргэжилтэн, контент менежер
Орчин үеийн бизнесийн салшгүй хэсэг болжээ. Мөн мэдээллийн технологийн хөгжил нь менежерүүд болон зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд олон шинэ боломж бий болгох болно. Энэ чиглэлд ойрын 10 жилд бүтээлч мэргэжлийн автоматжуулалт амжилттай хөгжихөөр байна. Роботууд зохиолч, зураач, яруу найрагч, тоймч сэтгүүлчийг орлохгүй, харин тэдний бүтээлийн үр дүнг хэрэглэгчдэд хүргэх арга замыг илүү олон талт, хурдан, шуурхай болгоход л туслах болно. Агуулгын менежерүүд зохиогч, редактор, сурталчлагч, дизайнерын үүрэг хариуцлагыг улам бүр нэгтгэх учир тэдний эрэлт хэрэгцээ өснө.
- Дижитал аюулгүй байдлын мэргэжилтэн
Аль хэдийнэ эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр хэрэгцээ нь нэмэгдэх болно. Учир нь зөвхөн дэлгүүр гэлтгүй банк, хөрөнгө оруулалтын төсөл, хувийн санхүү гээд бүгд л интернэтэд шилжиж байна. Дижиталчлал нь хүний үйл ажиллагааны бүхий л салбарыг хурдацтай хамарч байгаа бөгөөд энэ нь янз бүрийн луйварчдад үүд хаалга болж байна.
Аюулгүй байдлын мэргэжилтнүүд жижиг компаниуд, хувь хүмүүс төдийгүй тив дамнасан томоохон корпорациудад хэрэгтэй байна. Аль ч төсөл өгөгдөл алдагдах, вирусийн халдлага, спам, өрсөлдөгчдийн заль мэх зэргээс хамгаалах шаардлагатай болсон. Нэмж дурдахад, технологийн хөгжил нь тандалт хийх, хувийн бүсэд нэвтрэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна. Ийм учраас хөдөлмөрийн зах зээлд аюулгүй байдлын мэргэжилтэн үргэлж эрэлт хэрэгцээтэй байх болно.
- Хот төлөвлөлтийн мэргэжилтэн
Орчин үеийн хот төлөвлөлтийг сайн мэддэг хүн юм. Хүмүүс хот руу нүүж, тохь тухаа дээд зэргээр хангахыг эрмэлзэж, улмаар хүрээлэн буй орчинд ихээхэн аюул занал учруулж байна. Хотжилтын мэргэжил үүнтэй тэмцэхээс гадна орчин үеийн метрополисын бүх бүтцийн харилцан үйлчлэлийг зохицуулах шаардлагатай болж байна. Зөвхөн барихаас гадна барилга байгууламжийн харилцан үйлчлэх ашигтай ажиллагааг бий болгож удирдах, тээврийн системийг зөв зохион байгуулах, хангамж, нутаг дэвсгэрийг цэвэр байлгах шаардлага улам нэмэгдэж байна. Үүнээс гадна нийгмийн салбаруудад ашигтай хөрөнгө оруулалтыг хөгжүүлэн зөв удирдах шаардлага нэмэгдсээр байна.
- Био инженер бол ирээдүйн мэргэжил
Гэхдээ та үүнийг өнөөдөр эзэмших боломжтой. Анагаах ухаан болон бусад салбарт биотехнологи бидний амьдралд улам бүр нэвтэрч байна. Гэсэн хэдий ч одоохондоо ийм олон тооны мэргэжилтнүүд байх шаардлагагүй байна. Гэхдээ шинжлэх ухаан биотехнологийг ашиглах шинэ боломжийг нээж 5-10 жилийн дараа тэдний ээлж ирнэ. Энэ салбарт хамаарах технологийн олонх нь хөгжүүлэлт, туршилтын шатандаа байгаа бол заримынх нь онолын үндэслэл ч хараахан гараагүй байна. Гэхдээ биотехнологи ойрын ирээдүйд идэвхтэй хөгжихийг дэлхийн эдийн засгийн чиг хандлага харуулж байна. Энэ нь анагаах ухаан, эрхтэн ургуулах, шилжүүлэн суулгах, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбарт илүүтэй хамаарах болно.
- Альтернатив
эрчимхүч
Ойрын жилүүдэд энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд дэлхий дахинд хэрэгтэй болно. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүнээс татгалзах шаардлагатай гэдэгтэй хэн ч маргахаа больсон. Ирээдүйд альтернатив эрчим хүч, эрчим хүч хэмнэх, байгальд ээлтэй эрчим хүчний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд хөгжинө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Та өнөөдөр энэ чиглэлээр мэргэжил эзэмших боломжтой болсон. АНУ-ын олон их сургуулийн технологийн тэнхимүүд энэ чиглэлийн хичээлүүдийг зааж байна.
- Автоматжуулалтын системийн мэргэжилтэн
Гар урлалыг эс тооцвол бараг бүх салбарт ийм мэргэжилтэн хэрэгтэй болоод байна. Тэрээр хүн ба роботын хоорондох бүх харилцаа холбоог хариуцах бөгөөд тэдний ур чадвар зайлшгүй шаардлагатай, эрэлт ихтэй байх болно гэсэн үг юм. Илүү их автоматжуулалт хөгжих тусам үйлдлийн системийн нарийн төвөгтэй байдлын түвшин өндөр байх болж, үүнийг удирдах тусгай мэргэжлийн хүмүүс шаардлагатай болно.
- Тариаланчид, агрономичид
Автоматжуулалт хөдөө аж ахуйн салбарын үйл явцыг удирдан чиглүүлэх болно. Мөн орчин үеийн фермүүд өндөр ашиг олох нь ховор боловч хүн төрөлхтөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзахад бэлэн биш байна. Тиймээс ойрын жилүүдэд хүнсний үйлдвэрлэлд ноцтой өөрчлөлтүүд гарч, байгаль орчны менежмент, боловсруулалт, бүтээгдэхүүн нийлүүлэх хандлагыг бүрэн өөрчилнө гэдэгт найдаж болно. Энэ нь биологи, хөдөө аж ахуйн технологи, технологийн цогц мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй болно гэсэн үг юм.
Г.АМАРСАНАА