Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгахаар живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.
Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын багт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг үүрэг бүхий анги, салбаруудын алба хаагчид болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд ажиллаж байгаа юм.
Ажлын багийн бүрэлдэхүүн 44 жилийн өмнө буюу 1980 оны 4 дүгээр сард Хөвсгөл нуурын Дүбэрлэг уул, Хэрээний үүр орчимд живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргалаа.
Тус автомашин нь 1980 оны 4 дүгээр сарын 30-нд Ханх сумаас Мөрөн сум руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөсөн замаар үзүүлж яваад осолдсон эмнэлгийн машин байжээ. Автомашинд 8 зорчигч явсан бөгөөд 4 нь амиа алдсан харамсалтай тохиолдол болсон байна.