Categories
гадаад мэдээ

Оросын хөрөнгийг хэрхэн царцаах талаар санал авч эхлэв DNN.mn

Европын Холбоо ОХУ-ын Төв банкны хөрөнгийг илүү урт хугацаагаар царцаах хоёр хувилбарыг гишүүн орнууддаа санал болгов. Bloomberg агентлаг энэ тухай “АНУ Европын Холбооноос уг хувилбарыг боловсруулахыг хүсээд байсан юм” гэж мэдээлжээ.

Эхнийх нь ОХУ-ын Төв банкны хөрөнгийг тодорхойгүй хугацаагаар нэгмөсөн царцаан тогтмол хянаж байх хувилбар юм. Хоёр дахь нь 18, 24, 36 сар тутамд Оросын хөрөнгийг царцаах тухай хориг арга хэмжээг сунгаж байх явдал аж. Одоо Европын Холбоо тогтмол зургаан сар тутамд нэг удаа уг хоригийг сунгаж байгаа бөгөөд өнгөрсөн сард болсон “Их 7”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр тэд Украинд жилийн эцэс гэхэд Оросын хөрөнгөнөөс нийт 50 тэрбум долларын (46 тэрбум евро) хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсон аж.

Барууны орнуудад битүүмжилсэн Оросын хөрөнгийн орлогын ихэнх нь буюу 260 тэрбум еврогийн 191 тэрбум орчим нь Европын хадгаламжийн сан болох Euroclear-д хадгалагдаж байгаа бөгөөд 2023 онд энэ хөрөнгөний хүү 4.4 тэрбум евро болжээ. Чухамхүү энэхүү жил болгоны Оросын ашгаар Киевт олгосон зээлийг буцаан төлөх юм байна. Гэвч Вашингтон энэ уулзалтаар Европын Холбооны гишүүд бүгд санал нэгдэж байж, зургаан сар тутамд ОХУ-ын хөрөнгийг царцаах хугацааг сунгах шаардлагатай байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Учир нь Унгар улс Европын Холбооны санаачилгыг удаа дараа хааж байсан юм. Тиймээс Вашингтон Брюссельд хандан ОХУ-ын Төв банкны хөрөнгийг царцаах баталгаатай үргэлжилж байх хувилбар боловсруулахыг

хүссэн юм байна. АНУ, Их Британи “илүү зоримог сонголт” хийхийг шаардсан ч “Их 7” Оросын өмчөөс олох ашгийг ашиглахаар тохиролцож, харин хөрөнгийг нь хураан авахгүй байхаар тохиролцсон гэж Bloomberg мэдээлжээ.

Энэ сарын 9-нд буюу “Их 7”-гийн дээд чуулган эхлэх өдөр Саудын Араб “Оросын хөрөнгийг хураан авахгүй байхыг анхааруулж, ингэсэн тохиолдолд Европын улсуудын өөрийн худалдан авсан бондуудыг зарж эхэлнэ” гэж сүрдүүлсэн билээ. Эр-Рияд хэдэн арван тэрбум еврогийн үнэ бүхий Франц болон Европын бусад улсын бондуудыг эзэмшдэг бөгөөд тэдгээрийг худалдах нь Европын санхүүгийн зах зээлд төдийлөн нөлөөлөхгүй юм. Гэхдээ гол аюул нь бусад улс Саудын Арабын жишээг дагаж магадгүйд байгаа билээ. Иймээс Европын Холбоо Оросын хөрөнгийг хэрхэн баталгаатай царцаах талаар гишүүн улсуудаасаа хоёр хувилбараар санал авч эхэлсэн нь энэ юм байна

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *