Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Золжаргал: Улс төр, эдийн засгийн тогтолцоо эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална DNN.mn

Баянгол дүүргээс хамгийн олон санал авч парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргээс хамгийн олон санал авч УИХ-д сонгогдсон. Өмнө нь энэ тойргоос хуучин улс төрчид л тэргүүлж гарч ирдэг байсан. Харин өнгөрсөн сонгуулиар улс төрийн өөр хүчин, өөр хүнийг баянголчууд сонголоо. Таны хувьд энэ тойргоос нэгээр гарч ирэх байх гэсэн итгэл, хүлээлт ямар байсан бэ?

-Миний ялалт гэж хэлэхээс илүүтэйгээр иргэний ардчилал байж болдог гэдэгт итгэсэн хүмүүсийн хамтын ялалт гэж хэлмээр байна. Иргэдийн хүлээлт, хүсэлтэйгээ нийцсэн учраас ялалт гарсан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт энэхүү шинэ хөрс бүрдчихсэн байсан гэсэн үг. Учир нь Баянгол дүүрэгт Монголын сонгодог дундаж давхарга оршсоор ирсэн. Тухайлбал, гурав, дөрөвдүгээр хороолол, СОТ-2, эрчим хүчнийхэн гээд инженер, техникийн чиглэлийн иргэд олонтой ийм онцлогтой дүүрэг. Мөн төсвөөс, дарга нараас хамаарал бус буюу жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүс олон байдаг. Энэ утгаараа Баянгол дүүрэгт шинэ сонголт хийх эхлэлийн цэг байсан гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан. Харин таны асууж байгаа шиг нэгээр үү, эсвэл сүүлээр үү гэдэг дээр тодорхой таамагласан зүйл байгаагүй. Дараагийн нэг зүйл бол таны хэлдгээр иргэдийн өөр хүлээлт их байсан. Юу гэхээр нэг нам сүлжээгээ мөнгөөр баздаг байдлыг болих гэсэн хүлээлт баянголчуудад их байсан нь мэдрэгдсэн. Тиймээс энэ ялалт асар олон зүйлийн тайлал мэт болсон гэж ойлгож байгаа.

Энэ асар итгэлийг даасан шиг дааж, хүлээсэн шиг хүлээж ажиллана гэдэгтээ би итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр эрх чөлөөт хүмүүсийн сонголт бодитой болоосой гэсэн хүлээлт их байсан. Үүнд нь зориулж бид сурталчилгаа, зарчмаа барьж ажилласанд ялалтын үнэ цэнэ нэмэгдсэн болов уу гэж бодож байна.

-Нийслэлээс инженер хүн сонгогдон төр түшилцэж байгааг олон хүн ам сайтай хүлээн авч байна. Учир нь нийслэл хотын асуудал уул овоо мэт их. Бодитой шийдэгдэж байгаа асуудал бараг байхгүй гэж хэлэхэд болох юм шиг. Ийм цаг үед инженер хүний бодлого, тооцоолол асар дутагдаж байгааг баянголчууд харж, таныг сонгосон болов уу гэж бодож байна. Тэгэхээр танаас шууд асууя. Нийслэлийн утааны асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Өдийг хүртэл явж ирсэн бодлогод ямар алдаа байна. Цаашид яаж өөрчлөх вэ?

-Шууд асууж байгаа бол шуудхан л хариулъя. Утаагүй болох шийдэл бол түлш огт биш. Шийдэл нь дулаан байшин. Үндсэн асуудал нь түлш биш, харин эсрэгээрээ орон байр. Орон байрны асуудал шийдэгдсэн бол утаа бараг байхгүй байх байсан. Тиймээс янз бүрийн түлш, нарны халаагуур гэх мэт аахар шаахар зүйлд мөнгө зарахгүйгээр дулаан сууцтай болоход л анхаарчих. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр миний хувьд уг асуудал дээр сүүлийн арав гаруй жил ажилласан. Түлшний мэргэжилтэн хүн. Түлшийг яаж сайжруулбал утаа буурах вэ гэдгийг бодитоор хэлэх хүн нь би. Гол нь сайн түлш хэрэглээ ч утаатай л байна.

Үүнийг бууруулах гол зүйл бол дулаан байшин. Дулаан байшинтай байснаараа түлшний хэрэглээгээ хоёр дахин бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өдөрт хоёр уут түлш хэрэглэдэг байсан бол нэг уутыг, бүр хагас уутыг хэрэглэдэг болно гэсэн үг. Энэ л утааны ойрын гол шийдэл. Нөгөөтэйгүүр дулаан байшинтай болчихвол цахилгаанаар халаах өртөг багасна. Асар их хэмнэлт гарч ирнэ. Дулааны алдагдал ихтэй бол хэдэн уут түлш, хэдэн мВт цахилгаан зарцуулсан ч хэрэглээнд нийцэхгүй. Тиймээс хамгийн эхэнд анхаарах зүйл бол дулаан байшин юм.

-Дулаан алдагдалгүй байшин гэж олон жил ярьсан, хэрэгжүүлсэн. Бодитой үр дүн гарсан нь ховор шүү дээ…?

-Яагаад дулаан байшингийн төсөл олигтой явдаггүй вэ. Дэд бүтэцгүй газар хашаандаа байшин барихад ипотекийн зээл олгодоггүй. Нэгдүгээрт, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хүн хаана ч байшин барьсан тодорхой эдийн засгийн хөнгөлөлт эдэлж байх учиртай. Үүнийг алагчлах хэрэггүй гэсэн үг. Гол нь эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөлтэй байшин хашаандаа барихад тодорхой хөнгөлөлтөд хамрагдах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Үүнээс л утаагүй болгох зорилт эхэлж байгаа юм. Үүнийг хийх санхүүжилт дотоодын болон, гадны эх үүсвэрээс татах боломж бий. Олон ч төсөл яригдаж байгаа. Тэгэхээр миний хувьд энэхүү өөрчлөлтийг л хийхийг зорьж байгаа. Энэ зорилт биелбэл айлууд илүү тохитой сууцтай болохооос гадна нийтээрээ утаагаа бага зардлаар бодитой бууруулж чадна.

-Зун, намрын зургаан сардаа нийслэлчүүд бид урьд өмнө хэзээ ч утаатай байгаагүй юм шиг л утаагаа мартдаг. Нэг талдаа иргэдийн хандлага сул байна уу. Утаагүй болох хамгийн бодитой арга бол цахилгаан халаагуур. Гэтэл нийслэлийн гэр хорооллын айлууд бүгд цахилгаан халаагууртай боллоо гэхэд эрчим хүчний асуудал гарч ирнэ. Одоо ч нийслэл хот эрчим хүчний асуудалтай байгаа. Энэ намар, өвөл яаж эрчим хүчний асуудлаа шийдэхээр байх шиг байна вэ. Цаашид эрчим хүчний хараат байдлаасаа бид салахын тулд богино, дунд хугацааны ямар шийдэл гаргах ёстой вэ?

-Явж, явж эрчим хүч гэдэг Монголын улс төр, эдийн засгийн тогтолцоотой шууд холбоотой асуудал. Тэгэхээр энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална л гэсэн үг. Юу гэхээр бүх үйлдвэрлэсэн эрчим хүчээ үйлдвэрлэсэн үнээсээ бага зардлаар бид зардаг. Нүүрсний уурхайнх нь олборлож байгаа өртгөөсөө бага үнээр борлуулалтаа явуулдаг. Энэ дунд гарч ирж байгаа зөрүү нь яадаг вэ гэхээр нэг бол татаас, нэг бол өр болж хуримтлагддаг. Үүнийгээ дараа нь гадаадын өр, зээлээр л төлдөг. Гаднаас авсан зээлээ буцаагаад татвар төлөгчдийнхөө кармаанаас л төлдөг, дардаг. Иймэрхүү тогтолцоогоор явж ирсэн. Эдгээрийг удирддаг, бодлогыг нь гаргадаг хүмүүс намын шахаагаар, эсвэл аль нэг эрх мэдэлтний цүнх баригчид байдаг. Тиймээс энэ хүмүүс энэхүү асуудал дээр зоригтой дуугарч чаддаггүй. Энэ утгаараа ийм байдлаар тогтолцооны хувьд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Цаашлаад эрчим хүчний тарифт ухаалаг зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа. Тарифыг чөлөөтэй болгоно гэдэг маань эрчим хүчийг үнэтэй болгоно гэсэн үг биш. Ийм хандлагаасаа болоод эрчим хүчний хараат бус байдлыг тогтоох, шинээр станц барих асуудлууд гацдаг. Тэгэхээр нүүрсний, эсвэл нарны, салхины байх нь хамаагүй. Бүгдийг нь бодлогоор дэмжээд өгвөл эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эх үүсвэр бий болгохын тулд тарифын зохицуулалт л хэрэгтэй. Бид одоо импортоор цахилгаан авч байгаа. Гэтэл жилд зарлагадах энэхүү хөрөнгөөрөө бид нэг томоохон цахилгаан станц барьчихаж болж байна. Манайд нэг ийм хандлага байна. Олонх болсон нам нийтэд сайхан харагдах гэж хичээдгээс болоод нийтээрээ утаатай, түгжрэлтэй, ядууралтай, эдийн засгаа тэлж чаддаггүй ийм байдалд хүрсэн. Тэгэхээр эрчим хүчний салбараа эрүүлжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт тат. Тарифын бодлогоо өөрчил. Хэрэв ингэж чадвал эрчим хүчний олон эх үүсвэртэй болно. Олон эх үүсвэртэй болох тусам үнэ чөлөөлөх нөхцөл бүрдэнэ. Одоо шууд үнэ чөлөөлье гэхээр тийм техникийн боломж манайд байхгүй. Яваандаа эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд усан цахилгаан станц болон усан цэнэгт цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх, дэмжих бодлого бидэнд маш их хэрэгтэй байгаа.

-Хот түгжрэлтэй байгаа. Энэ намар хичээл эхлэхтэй зэрэгцээд хотын түгжрэл тэг зогсолт руугаа очих байх гэсэн тооцоолол бий. Түгжрэлийг бид олон жил ярьж байна. Уулзвар өргөсгөх, тэмдэг тэмдэглэгээ сайжруулах, чиглэл өөрчлөх зэрэг жижиг ажиллагааг л өдий болтол авч ирснээс биш бодитой том өөрчлөлт хийгдсэнгүй. Яармагийн түгжрэлийг бууруулна гээд гүүр барьж байгаа ч буух цэгийн ачааллыг улам ихэсгэхээр байна. Янз бүрийн зам тавьдаг ч нөгөө мухар төмөр зам гэдэг шиг нэг талын ачааллыг нөгөө талд нь нэмэх ийм бодлогоор өдий болтол явж ирлээ. Угтаа баруун, зүүн дөрвөн замын уулзвар дээр давхар зам барих, гүүрэн зам барих ажил хийчихвэл хотын түгжрэл эрс буурна гэж иргэд үзээд байгаа. Таны хувьд хотын түгжрэлийг яаж бууруулах ёстой гэж харж байгаа вэ?

-Түгжрэл үүсгэхгүй байхын тулд тухайн хөдөлгөөнийг зогсоохгүй байх шаардлагатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль болох уулзваруудад зогсохгүй шууд явдаг байхыг хэлээд байгаа юм. Ингэхийн тулд том уулзваруудад дээгүүр доогуур автомашинууд зогсолтгүй зөрдөг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, явган хүний гарц дээр автомашин бага зогсдог байх хэрэгтэй. Ингэхийн тулд гарц болгоныг гүүрэн болгох шаардлагатай. Гүүрэн гарц гэхээр заавал гоё өнгөтэй, үнэтэй материалтай, тав тух хангасан байх шаардлага уг нь байхгүй л дээ. Хамгийн чухал л нь аюулгүй зорчдог байх нөхцөлийг л хангасан байх хэрэгтэй. Бусдаар үзэмжийн хувьд анхаарах шаардлага огт байхгүй. Манайд баригдсан гүүрэн гарцуудаас арав дахин хямд өртгөөр барих олон гүүрэн гарцын шийдэл бий. Заавал үүнд хамгийн гоё тансагийг нь барих шаардлага байхгүй. Гүүрэн гарцад бид ямар тухалж суух гэж байгаа биш. Алхаж өнгөрөөд л бууна. Тиймээс аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу хийгдсэн гарц л хэрэгтэй. Түүнээс биш сүүлийн гишүүд тойрогтоо ийм гарц хийсэн гэж рекламдаад байгаа шиг зүйл бидэнд, хотын иргэдэд огт шаардлага байхгүй. Хоёрдугаарт, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлснээрээ түгжрэлээс гарсан салсан хотууд олон. Манайх сүүлийн үед метротой болъё гэж ярьж байна. Төслүүд ч явж байх шиг. Нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн бол бодитой үр дүн гаргаад явах нь зөв. Зөв гэхээсээ илүү үнэхээр метротой болчихвол сайн л байна. Гэхдээ метротой болох төсвөөс арав дахин хямд зардлаар нийтийн тээврийг тултал хөгжүүлэх, шийдэх төслүүд бий. Энэ нь тусгай замын автобусны төсөл. Уг төслийг аль арав гаруй жилийн өмнө ярьж байсан. Бүр санхүүжилтийг нь ч шийдчихсэн байсан шүү. Гэтэл шийдчихсэн санхүүжилтээ авч хэрэгжүүлэхгүй байсаар байгаад Азийн хөгжлийн банк гэрээгээ цуцалчихсан. Гэхдээ одоо үүнийг сэргээгээд хийх боломж бий.

-Яг одоо ойрын хугацаанд баригдах цахилгаан станцууд юу байна вэ?

-Одоо баригдаж байгаа, удахгүй ашиглалтад оруулах хэд хэдэн төслүүд бий. Хамгийн түрүүнд Бөөрөлжүү-тийн цахилгаан станц ашиглалтад орно. Миний мэдэхийн 300 мВт-ын хүчин чадалтай станц баригдахаас эхний 150 мВт-ын блок удахгүй ашиглалтад орох байх. Чойбалсангийн 50 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон. Завханы Тосонцэнгэлд баригдаж байгаа станц удахгүй ашиглалтад орох байх. Нарийнсухайт дээр Шивээхүрэнгийн нүүрсний цахилгаан станц бий. Нарны цахилгаан станц Хөвсгөлийн Мөрөнгийн ойролцоо баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орчих байх.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-аа барих, байгуулах асуудал тэмтэр тумтар яахав байна. Ер нь эдгээр эрчим хүчний төслүүд юунаас шалтгаалж удааширдаг юм бэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг элдэв янзын эргэлзээгүйгээр түргэн барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ бол гарцаагүй зүйл. Эгийн голын тухайд эргэлзээтэй байгаа. Том чадлын УЦС. Хоёрдугаарт, Оросын талаас байгаль орчны асуудал яригддаг. Нэгэнт асуудал яриад байгаа бол тэрийгээ шийдэх гэж явна гэхээс биш үүнээс болоод бусад төслүүдээ гацаах шаардлага огт байхгүй. Ер манай улсад 20-50 мВт-ын хүчин чадалтай УЦС барих газар маш олон байгаа. Тэр жижиг станцуудаа барьчихсан байхад өнөө маргаашдаа заавал Эгийн гол гэж яриад байх шаардлага байхгүй. Монгол төрийн шийдвэрийг монголчууд л гаргадаг. Зөв шийдвэр гаргахын төлөө ажиллах ёстой. Тэрнээс биш өөрсдөө алдаатай шийдвэр гаргах, эсвэл огт шийдвэр гаргахгүй байгаагаа бусад улс орнууд руу чихээд сууж байж болохгүй.

-Таны хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон. Танай байнгын хорооноос гарах гол бодлого, чиглэл юу байгаа вэ. Ер нь инновац, цахим бодлого гэж юу юм бэ. Ямар ач холбогдолтой юм бэ?

-Төрийн үйлчилгээг цахимжуулснаар үйлчилгээг нь хүртээмжтэй, түргэн шуурхай болгохоос гадна хамгийн чухал нь авлига буурдаг. И-Монголиа систем нэвтрээд маш олон хүнд хүрсэн. Тиймээс энэ мэт цахимжуулалтыг цааш нь төгөлдөржүүлэх шаардлагатай. Цахимжуулалт бол салбар болгонд л тулгамдаж байгаа асуудал. Тухайлбал, тээврийн салбар байна. Өндөр хурдны хямд сүлжээг өрх бүрд. Бүх насны хүмүүс зайнаас сурч боловсрох, гэрээсээ ажиллах, харьяалал үл харгалзан ЭМД-аар үйлчлүүлдэг болохын тулд мэдээллийн технологийг ашиглах. Хил хязгаар үл хамааран дэлхийн зах зээл дээр программ хангамж, мэдлэгийн үйлчилгээ эрхэлдэг монгол залуучууд бишгүй олон болж байна. Тэднийг бүр олон болгож, оюуны экспортын орлогоо нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хиймэл дагуул, сансар судлал, мэдээллийн аюулгүй байдлаа хангах хялбар, хямд технологийн шийдлүүд бий болсон. Монгол хиймэл дагуул, сансар судлалын бааз, олон улсад ажиллаж байгаа судлаачдаа дэмжих хэрэгтэй байна. Нисгэгчгүй онгоц, жолоочгүй гудамж цэвэрлэгч машин, кофе зөөгч робот, үйлдвэрийн автомат удирдлага зэргийг монгол залуучууд хөгжүүлж байна. Ийм инновацийг тусгайлсан бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Ковид мэтийн халдварт өвчний давтамж дэлхийн хэмжээнд ойртож байгаа. Монголчууд бүх эрүүл хүүхдээ вакцинд хамруулдаг хэрнээ Үндэсний вакцины хяналтын лаборатори байдаггүй. Цаашилбал малынхаа вакцинаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Монголын байгаль цаг уурын онцлогт үүсэн бий болсон ховор ургамал, малын гаралтай түүхий эдийн эм, гоо сайхны чиглэлээр ашиглах санаачилгууд бий, хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Генийн инженерчлэл, биотехнологийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Галт уулын чулуугаар базальт файбер хийх, нүүрсний гүн боловсруулалтын нийлэг мяндас үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн нарийн ноолууран утас, ноосны боловсруулалт, арьс ширны боловсруулалт гэх мэт. Дандаа дэлхийд өндөр эрэлттэй бүтээгдэхүүн. Мэдээллийн технологи, эрчим хүчний бие даасан эх үүсгүүр, дотоодын түүхий эдээр хийсэн супер материал, хүний хөдөлмөрийг орлох автомат машин зэрэг эдгээр технологи инноваци бол Монголын ирээдүй. Орос, Хятад их гүрний дунд оршин тогтнохын тулд дэлхийн технологийг түрүүлж эзэмшихээс өөр зам бидэнд үгүй. Нэгэнт технологи бол хүн ам цөөн хэрнээ хурдтай монголчуудын онцлог учраас урт хугацаандаа үндсэн бүтцийн Технологи, инновацийн яам байгуулах шаардлагатай.

-Цаг үеийн асуулт танаас асууя. Эхнийх нь Хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Энэхүү Засагт улс төрийн гурван нам хамтарч байгаа. Та ХҮН намаас нэр дэвшиж гарч ирсэн хүн. Тэр утгаараа ХҮН намын Засагт хамтарсан зорилгыг та гишүүнийхээ хувьд ямар байдлаар дүгнэж байгаа вэ?

-Энэ асуудлаар ХҮН нам дотроо маш их ярьсан. Битгий хамтраарай гэсэн мессэжүүд сонгогчдоос болон найз нөхдүүдээс олон ирсэн. Зарим нь орох нь зөв ч гэдэг зүйлийг хэлж байсан. Гэхдээ энэ бол ганц хүний шийддэг асуудал огт биш. Хамтаараа шийдэх ёстой асуудал. Энэ ч утгаараа олонхын саналаар шийдсэн асуудал. Нэгэнт шийдчихсэн асуудал дээр одоо буруу гэж ярих нь утгагүй. Учир нь бид нэг баг, институци гэдэг утгаараа асуудалд хандах хэрэгтэй. Ямартаа ч зөв үр дүнд хүргэхийн тулд хамтарч ажиллана.

-Саяны сонгуулиар сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аж үйлдвэржилтийн асуудал, тэр дундаа боловсруулах үйлдвэр барих чиглэлд олон санаачилгууд тусгагдаж өгсөн байсан. Таны хувьд аж үйлдвэржилтийн хувьсгалыг илүү тод дуугарч ярьдаг шүү дээ. Энэ парламент, энэ Засаг үнэхээр Монгол Улсыг үйлдвэржүүлсэн орон болгож чадах болов уу?

-Аж үйлдвэржилтийг дэмжих хамгийн том зохицуулалт бол татвар. Үйлдвэрлэл эрхэлж байвал, экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргаж байвал татварын хөнгөлөлт эдэлдэг байх хэрэгтэй. Үйлдвэр барих гээд тоног төхөөрөмж оруулж ирж байгаа бол гаалийн татвараас чөлөөлдөг болох хэрэгтэй. Үүнийг л хийхийн тулд УИХ-д гишүүн болж зорьж орж ирсэн. Энэ утгаараа энэ парламент зоригтой өөрчлөлтүүд хийх болов уу гэж найдаж байна.

-Байгалийн ховор элемент, уранаа гадагшаа буюу гуравдагч хөрш орнууд руу экспортлох асуудал яригддаг. Гэхдээ энэ асуудлыг ярих болгонд ОХУ-аас бидэнд ямар нэгэн байдлаар хориг хязгаарлалт тавьдаг гэх юм. Энэ яг ямар учиртай юм бэ. Монгол Улсын хувьд гуравдагч хөршүүдтэй томооохон төсөл дээр харилцан ашигтай хамтарч ажиллах эрх чөлөөтэй биз дээ.

-Чухал эрдэс, газрын ховор элемент бол Монголыг дэлхийн анхаарлын төвд оруулах боломж. Гуравдагч хөршийг эдийн засаг, хөрөнгө оруулалтад татах сайхан боломж гэж харж байгаа. Үүнийг өнөөгийн эрх зүйн орчин нь царцаасан, боомилсон байдалтай болчихсон. Ураныг дагалдаж ихэнхдээ байгаль дээрээ оршдог газрын ховор элементийг цацраг идэвхт материалыг тооцох үндэслэл бол Цөмийн эрчим хүчний тухай хуулиар зохицуулагддаг. Цацраг идэвхт материал гэж тооцогдсон л бол хэмжээнээсээ үл хамаараад стратегийн ач холбогдолтой орд газарт ордог. Нөгөө нэг хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна. Сая сонгуулийн нэг өөрчлөлтийг сэмхэн хйичихсэн. Тэр нь стратегийн ач холбогдолтой ордод хөрөнгө оруулагч нь 3/1-ээс илүү эзэмшиж болохгүй гэж заасан. Тэгэхээр нэг чухал эрдсийн ордыг хайгуул хийж илрүүлээд ашиглахад бэлэн болгочихсон чинь тухайн хөрөнгө оруулалтынхаа ердөө 3/1-ээс илүүг эзэмшихгүй шүү гэдэг зүйлийг хуулиар гаргаж өгсөн. Үүнийг Засгийн газар үнэгүй эзэмшинэ гэсэн үг. Ингээд хөрөнгө оруулагчдад хуулиараа хатуу тулгачихаар энэ салбар луу том хэмжээний бизнес орж ирэхгүй гэсэн үг. Эсрэгээрээ үүнд Засагтай наймаалцаж чадах түвшний томоохон корпорациуд л орж ирнэ. Түүнээс биш бидний хүсээд байгаа чөлөөт бизнесийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй. Тиймээс эрх зүйн орчноо бид засах хэрэгтэй байна.

-Таны хувьд хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажилласан хүн. Энэ салбарын асуудлыг мэдэрдэг хүний хувьд нэг зүйл асууя. Сая сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жил хорих ял шүүхээс оноолоо. Энэ асуудалд та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?

-Маш товч тодорхой хариулъя. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй бол ардчилал байхгүй. Эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажиллана. Н.Өнөрөөгийн хувьд улс төрийн том дохио өгч өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *