Улаанбаатар хотноо жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах 2024 оны тэмцээн өнөөдөр эхэллээ.
Гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Зүүн Азийн бүс нутагт харьяалалтай 7 орны 170 гаруй тамирчин оролцож байна. Тодруулбал, Монгол Улсаас гадна БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макаогийн баг тамирчид өрсөлдөж байгаа юм.
Анх удаа манай улсад болж буй тус тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бол Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дэмжин ажиллаж байна.
Мөн сайн дурын 70 гаруй ажилтан тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцож, гадны болон дотоодын үзэгчид тамирчдад туслан ажиллаж байгаа юм.
Тэмцээнийн насанд хүрэгчдийн ангиллын тухайд эмэгтэйчүүдийн -45, -48, -52, -57, -63, -70 кг болон эрэгтэйчүүдийн -56, -62, -69, -77, -85, -94 кг-ийн жинд болно.
Манай улсаас оролцох тамирчдын хувьд энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд жин жиндээ тэргүүлсэн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн өрсөлдөх учиртай.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь ирэх 2025 оны наймдугаар сард БНХАУ-ын Чендү хотноо болох “World Games” буюу Дэлхийн спортын наадамд оролцох эрхийн оноо олгох юм.
Спортын үндсэн 35 төрлөөр зохиогдох энэ наадмын жюү жицүгийн төрөлд нийт 19 багц медалийн эздийг тодруулна.
Дэлхийн спортын наадмын эрхийн оноо олгох насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн маргааш буюу долоодугаар сарын 16-ны Мягмар гарагт эхэлнэ.
Мягмар гарагт мөн 21 хүртэлх насны ангилалд шилдгүүдийг тодруулж, тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болно.
Тэгвэл тэмцээний эхний өдөр 16 болон 18 хүртэлх насны ангиллын барилдаанууд боллоо.
16 хүртэлх насны ангилалд охидын 7, хөвгүүдийн 9 жинд 18 хүртэлх насны ангилалд охидын 6, хөвгүүдийн 7 жинд медалийн эзэд тодорсон байна.
Монголын жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгч С.Мөнхсүх энэ оны тавдугаар сараас эхлэн Азийн жюү жицүгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Зүүн Азийн жюү жицүгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллах болсон нь тэмцээний эрхийг авч, зохион байгуулахад мөн түлхэц болжээ.
Энэ удаагийн тэмцээн бүсний ангилалгүй төрлөөр зохион байгуулагдаж байна.
Жюү жицүгийн спортын үндсэн 5 төрөл байдгаас энэ төрөл нь Азийн наадмын хөтөлбөрт багтдаг онцлох төрөл билээ.
2018 оноос эхлэн Азийн наадмын хөтөлбөрт багтаж эхэлсэн жюү жицүгийн төрөлд манай баг тамирчид хоёр наадам дараалан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Тодруулбал, 2018 онд Ц.Удвал Монголын багийн анхны жюү жицүгийн медалийг хүртсэн бол 2023 онд М.Даваадорж медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан билээ.
Зүүн Азийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнийг МҮОНРТ-ийн “MNB Sport” суваг албан ёсны эрхтэйгээр орон даяар шууд дамжуулан үзүүлж байна.