Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: 2024 оны Үндэсний их баяр наадам DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилласан юм.

Нээлтийн үеэр археологийн олдворуудаас үнэтэй өв соёлууд илрэн гарч ирж байгааг орчин үеийн урлагийн хэлбэрт оруулж, мюзикл байдлаар харуулсан.

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэй байв. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг долдугаар сарын 11-ний 22:00 цагт дахин нэг удаа толилуулснаараа онцлог байлаа.

БӨХИЙН БАРИЛДААН


Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдлаа. Энэ жилийн барилдаанд саяхан хөдөлмөрийн баатар цол хүртсэн дархан аварга Г.Өсөхбаяр болон даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай нарын таван аварга гурвын даваанд цолоо дуудуулснаараа онцлог байв.

Хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд өвдөг шороодсон. Харин дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм.

Мөн улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд аймгийн арслан М.Буяндэлгэрийг өвдөг шороодуулсан боловч бэртэл авсан харамсалтай үйл явдал боллоо. Түүнийг зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь амлан авсан боловч бэртлийн улмаас барилдсангүй.

Увс, Сэлэнгийн бөхчүүд үзүүр, түрүү булаалдахаар есийн даваанд үлдэв

Есийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяртай 57 минут барилдав. Ийнхүү Монгол орны баруун хязгаар Увсын цэнхэр нутгаас Үндэсний бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар улсын баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурьт Монгол Улсын дархан аварга цол хүртээсэн юм.

Улсын начин:

  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Баатар дулаан хан ХХК-ийн бөх аймгийн арслан Д.Төрболд,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал,
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, Нутгийн буян групп, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх аймгийн арслан Т.Довчинсэмбээ,
  •  Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бүрэн минж транс ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Г.Дармаажанцан,
  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, Алсын жим ХХК, Алтаргана Констракшн ХХК-ийн бөх аймгийн арслан Л.Энхсаруул,
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Завхан” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Кивико Интернэт ХХК-ийн бөх аймгийн арслан М.Амарсанаа нар улсын начин цолтон боллоо.

Улсын харцага:

  • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Юү Би Ойл ХХК-ийн бөх аймгийн арслан Т.Сайханжаргал
  • Төв аймгийн Баянчандмань сумын харьяат “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Урьхан ХХК, Мэжик Транс ХХК-ийн бөх улсын начин Э.Ууганбаяр улсын харцага цолын болзол хангасан.

Улсын заан:

  • Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдсэн клуб, ШШГЕГ-ын 427 дугаар ангийн бөх улсын начин Д.Хүдэрбулга улсын заан цолын болзол хангав.

Улсын дархан аварга:

  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх даян аварга Н.Батсуурь

ХУРДАН МОРЬ

Нас насны морьдын уралдсан дарааллаар айргийн таван морийг танилцуулж байна.

Төрийн наадамдаа шандас сорин уралдахаар бүртгүүлсэн морьдын сэрвээний өндрийн хэмжээг зааж, хэмжилтийн явцыг шууд дамжуулан хүргэв.

ХЯЗААЛАН:

  • Түрүү магнай: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ,
  • Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ,
  • Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ,
  • Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ,
  • Айргийн тав:  Хэнтий аймгийн Норовлон сумын уяач Нямноровын Мөнхийн бор халзан үрээ хурдлав.

ШҮДЛЭН:

  • Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ,
  • Аман хүзүү: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хурдан хар үрээ,
  • Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Т.Баярхүүгийн хурдан хээр үрээ,
  • Айргийн дөрөв: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ,
  • Айргийн тав: Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.

АЗАРГА:

Азарганы уралдаанд аманд хүзүүдсэн Архангай аймгийн Их Тамир сумын уяач Уясахын Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй тул уралдаанаас хасах шийдвэрийг Хурдан морины комиссоос гаргасан.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азаргыг аманд хүзүүдсэнд тооцож, айргийн зургаад хурдалсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга айргийн тавд бичигдэхээр болов.

  • Түрүү магнай: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга,
  • Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,
  • Айргийн гурав: Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,
  • Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга,
  • Айргийн тав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга хурдалсан юм.

ИХ НАС:

  • Түрүү магнай: Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь,
  • Аман хүзүү: Говь Алтай аймгийн Халиун сумын уяач Ганзоригийн Чинзоригийн дөлгөөн халтар морь,
  • Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы сартай халиун морь,
  • Айргийн дөрөв: Архангай аймгийн Хотонт сумын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь,
  • Айргийн тав: Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь хурдаллаа.

СОЁОЛОН:

  • Түрүү магнай: Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ,
  • Аман хүзүү: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ,
  • Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ,
  • Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан үрээ,
  • Айргийн тав: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын буган хээр үрээ хурдаллаа.

ДААГА:

  • Түрүү магнай: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага,
  • Аман хүзүү: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага,
  • Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Ж.Намнанпэлжирийн хээр даага,
  • Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Г.Гантулгын сартай хээр даага,
  • Айргийн тав: Хөвсгөл аймгийн уяач Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдлуулсан байна

СУР ХАРВАА

Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо.

Эмэгтэй харваачдаас Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэв.

Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү 24 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолын болзол хангалаа. Түүнийг “Toyota Aqua” загварын машинаар мялаасан юм.

Буриад сур харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Апу” хувьцаат компани, “Хасбуу” сурын холбооны харваач спортын мастер Борын Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, түрүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Гүмжавын Эрдэнэтуул түрүүлж, буриад сурын улсын мэргэн болсон юм.

ШАГАЙН ХАРВАА

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд тэмцээнд нийт 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө. Үүнээс

  • Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг тэргүүн байранд,
  • Аймгийн Гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, “Алтан арвай” ХХК-ийн баг дэд байрт шалгарсан бол
  • Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг Хеттрик” группийн баг гутгаар байрыг тус тус эзэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *