Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын нээлтэд 1500 гаруй уран бүтээлч оролцжээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн Есөн хөлт цагаан тугаа залснаар ёслол төгөлдөр эхэллээ.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, наадамчин олондоо хандаж хэлсэн үгэндээ Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, монгол төрийн ой санамж, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй, эвийн хүчтэй монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохуйн дархлаа билээ. Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээгээд өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан, “Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж, “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор ”Монгол оршихуйн Итгэл Үнэмшил”-ийг байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж, мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, 21 аймгийн өвлөн уламжлагч нарын хамтарсан 1500 гаруй уран бүтээлч оролцлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *