Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гайхамшигт Монгол наадам эхэллээ DNN.mn

“Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ”. Орчин үед энийг сонсоод ихэнх нь инээд хөөр болж шоолж байна гэж ойлгодог. Энэнд шоолох юм байхгүй. Энэ бол бичиг номын хүмүүст бол ив ил зүйрлэл юм. Ингэхэд домгийн шувуу гэж юуг хэлнэ вэ. Анх энэ үгийг хэн хэлэв, хэн бичив гэж.Тэгвэл энэхүү “Домгийн шувуу” хэмээх нь одооны хүмүүсийн үл ойлгох бичгийн хэлний л зүйрлэлээс өөр юу ч биш. Энэ үгийг анх сонин, телевиз, радиогийн үе, үеийн нэрт сэтгүүлчид хэлж, бичсээр өдгөө монголчуудын сэтгэл, зүрхэнд наадам гэх үгтэй дүйцэхүйц хоногшин үлджээ. Үлгэр домогт өгүүлэх шувуудын хаан буюу гайхамшигт хүч чадалтай, маш том биетэй шувууг Хангарьд хэмээн нэрлэдгийг бид мэднэ. Үүнийг санскрит хэлэнд “домгийн шувуу” гэж тайлдаг аж.Хэрвээ энэхүү аварга том домгийн шувууг хунгийн чуулган мэт олуулаа чуулж байхад нь үргээвэл яах вэ. Том шувуу учраас хөөрөх гэж аварга далавчаа хэдэнтээ дэвэхийн хажуугаар багагүй зайнд газарт гүйж, хурдаа авч таараа.Маш их сүр хүч, тод үзэсгэлэнт агшин төсөөлөгдөж байгаа биз.Тэгвэл энэхүү домгийн шувуудын дэвж байгааг эрийн гурван наадмын нэг хүчит бөхчүүдийн гараа, дэвэлттэй адилтган зүйрлэж. Наадмын хүчит бөхчүүд Хангарьдын дэвэлтээр дэвэн дэвсээр гарч ирлээ гэж ярьдаг.Улсын цолонд “гарьд” хэмээх цол бий.Тиймээс л Монголын сэтгүүл зүй энэхүү үгийг анх олон түмэндээ таниулснаар эдүгээ хүртэл монголчууд бид домгийн шувуу үргээж, Монгол наадам эхэллээ хэмээн ярьдаг болжээ.Гэхдээ шоолж доош нь хийж гутаах маягаар.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам.Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай. Энэхүү баярын талаар түүхийн хуудаснаас сөхөн үзвэл, эртний Хүннүгийн үед очих аж.Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан үе буюу МЭӨ I-II зууны үеэс эхтэй. Тухайн үеийн сурвалж, бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх төдийгүй морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв. Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор наадам зохион байгуулж ирсэн нь өдгөө монгол угсаатнуудын эрийн гурван наадмын төрхийг олжээ гэж үздэг. Түүнчлэн Монголын нууц товчоонд эрийн гурван наадмыг “Хуран сар” буюу долдугаар сард тэмдэглэдэг байсан тухай тэмдэглэсэн нь бий. Энэ мэт Үндэсний их баяр наадмын үүх түүх, ёс заншил, бэлгэдэл, бэлгэшээлийг яривал асар их зүйлийг бичнэ.Юутай ч энэ жилийн наадам хатуу цагийн дараа бас шинэ сонголтын дараа болж байгаагаараа онцлогтой.

Өнгөрсөн өвөл, хавар ямаршуухан болж өнгөрснийг малчид, иргэд мартаагүй.Өвөл хүндхэн болсон ч энэ зун нийт нутгаар зуншлага сайхан болж байгааг олон хүн хэлж байгаа.Цаг сайханд наадам, найр тэмдэглэх шиг жаргал хаана байх вэ гэж ярих хүн ч олон байна.Төрт ёсны их баяр наадмаа шинэ төр, шинэ засагтай угтаж байгаа нь ч энэ жилийн наадмын нэгэн онцлог.Тиймээс монголчууд бүгд Үндэсний их баяр, цэнгэл наадмаа тэмдэглэхдээ ам сайтай, сэтгэл уужуу золгон баярлаж байна.Ард түмэн баярлах, цэнгэх эрхтэй.Харин ардын засаг, “алаг” засаг баярлах арай эрт байна.Баярлахаасаа өмнө овоорсон баахан асуудлаа шийдэх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа байлгүй.Баяр болж байна гээд ард түмэнтэйгээ зэрэгцээд хөөрцөглөөд байх цаг үе биш. Зуны сар зургаа биш.Урин дулааны цагт шийдэх асуудал олон байгаа.Даруйхан хамтарсан Засгийн газрынхаа үйл ажиллагааг идэвхжүүлж салбар бүрийнхээ овоорсон ажлаа цэгцлэх хэрэгтэй байна.Наадмын дараа намар.Намрын эхэнд л цахилгаан, эрчим хүчний асуудал чинь яригдаж эхэлнэ. Өнгөрсөн өвөл арай ч гал алдалгүй давсан. Энэ жил шинэ шийдэл, нэмэлт станцгүй л бол ёстой найраагүй, бүгдээрээ хөлдөцгөөнө гэдгээ мэдэж байгаа юу. Наадмаас хойш энэ асуудлаа шийдэхэд та нарт гуравхан сарын хугацаа л байгаа. Энэ хугацаанд шинэ том станц барина гэж хоосон хийрхэж байгаад асуудал үүсэх вий. Том станцаа ч барих ажлаа хаялгүйгээр хажуугаар нь батерей станцуудаа байгуулчих. Энэ богинохон хугацаанд та нарын хийж чадах гол ажил чинь л энэ болж таарах байх.

Харин энэ ажлаа түргэн хийх шаардлагатай. Тэгж чадвал намар, өвөл эрчим хүчний асуудалд хэсэгтээ санаа зовохгүй давчихна гэж эрдэмтэд, судлаачид хэлсэн. Наадам, найр гэлтгүй намрын асуудлуудаа өнөөдрөөс яаралтай шийдэх хэрэгтэй.Нийслэл хотын хувьд наадмын дараа хэсэгхэн аниргүй орших байх.Энэ хугацаандаа бид утаа, түгжрэлээ түр мартдаг муу зуршилтай. Ард түмэн хэсэг хугацаанд мартаж болох ч шинэ төр, засаг мартаж болохгүй. Та нарт мартах ч эрх байхгүй.

Энэ жилийн өвөл нийслэлчүүд нөгөө л сайжруулсан түлшээ түлэх байх. Угтаа хагас коксжсон нүүрс түлдэг болъё гэдэг нь зөв гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.Гэхдээ энэ жилдээ манай төр, засаг энэ чигийн үйлдвэрээ барьж амжихгүй болсон нь тодорхой.Ирэх жил Хятадын утаагүй түлшийг оруулж ирэх асуудлаа эртнээс ярьж, санхүүжилт, тендер юу хэрэгтэй байна тэр бүхнийг нь одооноос шийдэхийн төлөө Төрийн бодлого, шийдвэрээ яаралтай гаргацгаа. Тэгж байж нийслэлчүүд утаанаасаа ойрмогхон салж чадна.Сургууль орохоор түгжрэл жинхэнэ утгаараа тэг зогсолт үзүүлнэ.Тиймээс одооноос тендер юмнуудаа явуулж, давхар зам, тойруу зам, гүүрэн байгууламжуудынхаа зураг төслийг яг таг бэлэн болгочих хэрэгтэй байна.Энэ жилдээ багтаад дээрх бүтээн байгуулалтын ажлуудынхаа зураг төслийг гаргаад, санхүүжилтийг нь шийдчихэж чадвал ирэх жилийн хавар гэхэд ажлууд нь эхнээсээ хэрэгжээд явах боломж үүснэ.Энэ жилийн есөн сарын 1-ийг түгжрэлтэйгээ өнгөрөөдөг юм аа гэхэд ирэх жил бид түгжирмээргүй байна шүү, Ерөнхий сайд аа, Хотын дарга аа. Угтаа хамгийн амархан, богинохон хугацаанд асуудлыг нь шийдэх боломжтой зүйл бол Улаанбаатар хотын автозамын түгжрэл гэж гадна, дотны мэргэжилтнүүд ярьдаг. Үнэн бол энэ асуудлаа даруй шийдэцгээ.Та бүхний хамтарсан засгийн гол уриа бол том асуудлаа шийдье, хурдан хөгжье гэж байгаа.

Яг энэ уриа шигээ ажлаа гялалзуулмаар байна.Наадам найр гэж хавтайгаар явбал энэ сонгуулийн үр дүн, иргэдийн саналаар та нар тоглолоо л гэж ойлгох хэрэгтэй.Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гэх зүйлийг дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрсөн.Энэ бодлогод тусгагдсан боомтын боймыг тайлна гэх хөтөлбөр чинь юу болсон бэ.Одоо хүртэл боомтууд боймлогдсон хэвээрээ байна. Тиймээс боомтынхоо боймыг бодитой тайлцгаа.Хамтарсан Засгийн газрын шийдэх гол ажлуудын нэг нь энэ байх. Сонгуулийн дараахь эдийн засгийн нөхцөл байдал таагүй болно гэж эдийн засагчид анхааруулж хэлж байсан. Тэгвэл эдийн засгийн өнөөгийн өсөлтөө хадгалах, төгрөгийн ханшаа алдахгүй байх чиглэлд одооноос л анхаарч ажиллах шаардлагатай. Наадам, найр гээд явчих л юм бол энэ олон ажлууд та нарын шийдвэрийг хүлээгээд байж байхгүй л байх.Валютын нөөц таван тэрбум ам.доллар давсан. Энэ зун, энэ наадмаар нөөц улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Гэвч наадмын дараа гаднаас барилга, хүнс, түлш, шатахуун, хувцас, автомашин, эрчим хүч гээд авах бараа, бүтээгдэхүүн асар их бий. Тиймээс экспорт, импортынхоо асуудлыг одооноос л анхаар.

Асуудлыг товчхон хэлэхэд ийм олон зүйл байна. Шийдэл, шийдвэр, санхүүжилтээ хүлээж байгаа олон асуудал Монгол Улсад байна. Бараг энэ олон асуудлыг харж, мэдрээд, яаж шийдэх вэ гэж толгойгоо гашилгаж суугаа хүнд юун наадам, юун зугаалга, амралт бодох манатай баймаар. Гэтэл шинээр байгуулагдсан парламентын гишүүд, хамтарсан Засагт орох тохироогоо хийсэн улстөрчид та бүхэн чихэр долоосон хүүхэд шиг баярлан бахдаж, инээж цовхчиж байгаа чинь ард түмэнд таалагдахгүй шүү.Нэг л их инээцгээсэн, нэг л их ард түмнийхээ төлөө гэж ирээд шударга дүр эсгэн хүмүүс яваад л байна даа. Та нарыг ард түмэн, улс орныхоо төлөө ажиллах уу, эс ажиллах уу гэдгийг иргэд андашгүй мэднэ.

Төрийн ордны торгон хивсэн дээгүүр толгойндоо шинэ ширээ сандлаа бодон маасайн явахыг чинь ч ард түмэн алхаа гишгээнээс чинь шууд л танина.Ард түмэн баярлаж, цэнгэж, зугаалж болно. Ардын засаг, алаг засаг, анхын 126-д энэ жилдээ наадах эрх байхгүй.Ирэх жилийн ажлаа энэ жилдээ багтаан хийчихээд дараа жил даврахгүй сайхан наадацгаагаарай. Эцэст нь, гайхамшигт Монгол наадам эхэллээ. Монгол түмэн маань хотол олноороо сайхан наадаарай.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *