УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалтыг үндэслэн УИХ-ын Байнгын хороодыг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолд тусгажээ. Тогтоолд тусгаснаар ес дэх удаагийн парламент 11 Байнгын хороотой байх бөгөөд хороо тус бүр 14-25 гишүүнтэй байх аж. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Байнгын хороодыг баталж, гишүүдийг хуваарилсны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Байнгын хороодыг хуваарилахдаа сонгуульд нам, эвслийн авсан суудлын тоонд харьцуулж квот тогтоож ирсэн. Энэ квотын дагуу өнөөдрийн 126 гишүүний 53.9 хувийг МАН, 33.3 хувийг Ардчилсан нам, 6.3 хувийг ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр 3.1 хувийг эзэлж байгаа. Хуулиараа Байнгын хороо нь 25 хүртэлх гишүүнтэй байхаар хуульчлагдсан. Тиймээс МАН Байнгын хороонд 13, Ардчилсан нам найм, ХҮН нам хоёр, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр нэг, нэг гишүүн оруулах боломж бүрдсэн.
Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах хүсэлтийг гишүүд олноор ирүүлсэн. Гэвч квотоор тайрагдаж байгаа. Засгийн газрын гишүүдийг томилсны дараа УИХ-ын гишүүд байнгын хороон дээр орох боломж нээгдэнэ. Дахин зохицуулалт хийх боломжтой” гэлээ.
Байнгын хороодыг танилцуулъя.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
Ёс зүй, дэгийн байнгын хороо
Инновац, цахим бодлогын байнгын хороо
Нийгмийн бодлогын байнгын хороо
Төрийн байгуулалтын байнгын хороо
Төсвийн байнгын хороо
Хууль зүйн байнгын хороо
Эдийн засгийн байнгын хороо