“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дэргэд байрлах коллежийн танхимд өчигдөр эхлээд буй.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас хохирогч болон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилнэ. Уг хурлаас хэргийн холбогдогч нарын гэм бурууг шүүх хурлын тов гарна. Шүүхийн танхимд багтахгүй байгаа учир уг коллежийн танхимд явагдаж байгааг эх сурвалж тайлбарлав.
Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:
- Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
- 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
- 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.
Тус хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.