УИХ-ын сонгууль өндөрлөж, шинэ УИХ ажилдаа орлоо. Таван субьектын 126 гишүүн энэ УИХ-ыг бүрдүүлж байна. МАН 68, АН 42, ХҮН найм, ИЗНН дөрөв, Үндэсний эвсэл дөрвөн суудалтай болов.Шинэ гишүүдийн 80 орчим хувь нь УИХ-д, тэр байтугай улс төрд шинээр орж ирж байгаа хүмүүс байна. Өөрөөр хэлбэл УИХ ийм хэмжээгээр шинэчлэгдсэн байна.Дээрээс нь нийгмийн сегментүүдийн төлөөлөл чэнэ УИХ-д багтсан.Энэ агуулгаар нь хөөвөл өнгөрсөн жилүүдэд Л.Оюун-Эрдэнийн санаачилж батлуулсан Үндсэн хуулийн өөрчлөлт “ажиллаад” эхэлсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрвөн жилийн бүрэн эрхийн гурван жил хагаст нь Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Уг нь тэр бүрэн эрх одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх. Лавсүүлийн 12 жилд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын “насжилт” жил хагасаас хэтрэхээ болиод байснаа У.Хүрэлсүхийн оронд Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнийнх 3.5 жил үргэлжилж бүрэн эрхийг нь дуусгасан юм.
2012 оны сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаж эхлээд хугацааныхаа дунд огцорч Ч.Сайханбилэг тэр бүрэн эрхийг дуусгасан. 2016 оны сонгуульд М.Энхболдын удирдсан МАН ялж, Ерөнхий сайдаараа Ж.Эрдэнэбатыг томилсон. Жил гаруй ажиллаад огцорсон. Оронд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Тэрээр уг бүрэн эрхийг дуусгасан. Ингээд 2020 оны сонгуульд намаа удирдаж ороод ялсан. Гэвч 2021 онд цар тахлын үеэр гэнэт огцорч, Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг шилжүүлсэн. Үндсэндээ дээр дурдсан хугацаанд нам удирдаж легитим үүсгээд ялсан сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацааг хэн ч дуусгаж байгаагүй юм.
Тэр утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч одоо л өөрийнхөө легитимд суурилсан сонгуулийн дүнг үзэж байна. Тэрээр Засгийн газрын насжилтыг “Өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой.Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм” гэж дүгнэдэг. Олон удаа үүнийг хэлж байв.Үүнийг засах гарц нь буюу шинэ 30 жилийг эхлүүлэх зам нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэсээр байсан. Тэр тухайд “Харахад сонгууль явагдаад байгаа мөртлөө нөгөө л мөнгөтэй, нүүрс, зэсийнхэн, хэдэн тоглогчид байж байдаг. Төлөөллийнхөө хүнийг томилоод л төрийг алсаас удирддаг. Гэхдээ энэ байдлыг 30 жилийн дараа нийгэм ойлгочхоод байна. Одоо засахаас өөр ийм арга байхгүй.УИХ баталж чадвал цаашдаа улстөрчид ЖДҮ, Хөгжлийн банкнаас зээл авдаг нь хязгаарлагдана. Зарим гишүүн “Яагаад бидний эрхийг хязгаарлаад байгаа юм бэ. Бид чинь адилхан л иргэн шүү дээ” гээд байгаа юм.Би “Үгүй ээ, УИХ-ын гишүүн бол иргэний төлөөлөл юм. Иргэдээсээ хамаагүй давуу эрхтэй. Нэг давуу эрх нь ч одоо яриад байгаа халдашгүй байдал мөн. Хамаагүй илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тийм учраас хэрэв та Үндсэн хуулийн тэгш байдлыг ярих гэж байгаа юм бол иргэнтэйгээ адилхан болчих. Иргэнээсээ илүү үүрэг хариуцлага хүлээж байж энэ тухай ярих эрх зүй болон ёс зүйн одоо ийм өндөрлөг дээрээ байх боломжтой” гэж байгаа юм.Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болчихлоо. Ер нь 30 жилийг бүхэлд нь дүгнэх ёстой” гэсэн.
Мөн “Биднийг “Та нар л ялаад байдаг” гэдэг. Тэгвэл бид тэр ялаад байгаа тоглоомын дүрэм, ялаад байгаа тогтолцооноосоо одоо болих ёстой гэж байгаа юм. Парламентад байх ёстой төлөөллийг өсгөх ёстой. Аль ч тохиолдолд Ерөнхий сайдын хувьд, эрх баригч намын даргын хувьд нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний хувьд “Холимог тогтолцоо зөв” гэж хэлнэ” гэсэн. Өнгөрсөн жил УИХ-аар хэлэлцэх үед “Авлига, албан тушаалын ашиг сонирхлоос ангид байж, УИХ бол зөвхөн иргэдийн төлөөлөх эрхийн мандат юм гэдэг сонгодог агуулга руу орох алхам хийж байгаа нь үнэн. Парламентын гишүүд энэ агуулгыг дэмжиж байгааг талархаж байна. 76 дарга, 76 төсвийн захирагч иргэдийн хувьд бодлогын мэтгэлцээн гэхээс илүүтэй тойрог дээрээ ямар хөрөнгө оруулалт татав, ямар төсөв тусгуулав, тойргоос хэнийг томилж байна гэдэг уралдаанд 30 жил боллоо. 76 даргаас 126 иргэний төлөөлөгч рүү шилжих, эрх мэдлийн задрал, тогтолцооны реформ гэж ойлгож байна”, бас “ Зоригтой шийдэл гарган, эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах шийдвэр гаргах гэж буй гишүүддээ баярлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүн байх нь сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна. Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар зөвшилцлийн ардчилал руу орно” гэсээр байв. Ингэсээр Үндсэн хуулийг өөрчилж, Монгол Улс сонгуулийн шинэ тогтолцоотой, 126 гишүүнтэй УИХ-тай болсон.
Харин энэ 126-г бүрдүүлэхдээ МАН-ын дарга өөрөө жагсаалтаа “чөлөөлж” тойрогт өрсөлдсөн. Мөн нэг ч сайд, гишүүн оруулаагүй. Үүнийгээ бараг жилийн өмнө зарласан. Тэгээд хийсэн. Ингэж жагсаалтаа дан нийгмийн сегментүүдээс бүрдүүлсэн нь УИХ-ыг ингэж шинэчлэгдэх том түлхэц болсон.
Өнөөдөр ингэж явагдсан сонгуулийн үр дүнгээр УИХ-ын бүтцийг томилж сонгоод явж байна. УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонголоо. “Ерөнхийлөгчөөс Ж.Энхбаяр, Ерөнхий сайдаас Д.Амарбаясгалангийн нэр гарч ирж өрсөлдөөд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга боллоо” гэсэн яриа анхдугаараа чуулганы дараа Төрийн ордноор яригдсан. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас нь салгалгүй байлгаж байгаад хууль тогтоох байгууллагын удирдлага руу гаргалаа гэсэн тайлбар явж байна. Улс төрийн хүрээнийхэн үүний учрыг маш сайн ойлгоно.
Одоо Засгийн газрын асуудал яригдаж байна. Тэр тусмаа хамтарсан Засгийн газар байгуулах талаар намууд санал солилцоод эхэллээ. Энэ долоо хоногтоо багтаж шийдэлд хүрэх мэдээлэл байна. МАН нэр, тоо бүхий том төслүүд, авлигын эсрэг асуудал, баялгийн сангийн хуулийн хэрэгжилт дээр нэгдмэл байхыг хүссэн байна. Хэрэв үгүй бол дангаараа Засгийн газраа байгуулна гэжээ.Хамтарсан Засгийн газрын сурагтай зэрэгцээд Шинэ Зеланд маягийн парламент гэдэг үг их дуулдаж байна. Тэр учиртай аж. Тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим буюу хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимаас бүрддэг. Нутаг дэвсгэр нь 16 муж, сонгуулийн 72 тойрогт хуваагддаг. Парламент нь гурван жилийн хугацаагаар холимог тогтолцоогоор сонгогддог. Нийт 120 гишүүнтэй. Парламентын ээлжит сонгууль 2023 оны аравдугаар сарын 14-нд болж, сонгуулийн дүнд Үндэсний нам, Анхдагч нам, Акт Шинэ Зеланд намаас бүрдсэн эвслийн Засгийн газар эмхлэн байгуулагдсан. Сонгуульд 48 суудал авч ялалт байгуулсан бизнесмэн КристоферЛаксоноор удирдуулсан Үндэсний нам нь Акт Шинэ Зеланд нам болон Шинэ Зеланд Анхдагч намтай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээг сонгуулийн дүн гарснаас хойш сар хагас гаруй хугацаанд хийсэн. Үүний үр дүнд Засгийн газрын танхимын 20 сайдын 14-ийг нь Үндэсний нам, харин Акт Шинэ Зеланд нам, Шинэ Зеланд Анхдагч нам тус бүр гурван сайдын албан тушаалыг авахаар тохиролцсон. Түүнчлэн танхимын бус найман сайдын таван суудлыг Үндэсний нам, Акт Шинэ Зеланд нам хоёр, Шинэ Зеланд Анхдагч нам нэг сайдын албан тушаалыг авч, Акт Шинэ Зеланд нам, Шинэ Зеланд Анхдагч нам тус бүр нэг Парламентын нарийн бичгийн дэд даргатайбайхаар тохиролцжээ. Энэ талаар шинжээчид “Олон намын эвслийн Засгийн газар байгуулснаар илүү тогтвортой Засгийн газар бүрдэж, шийдвэр гаргалтын хувьд илүү олон талын оролцоотой, олон нийтийн санал бодлыг өргөн хүрээнд тусгах боломжийг олгож байна” хэмээн үздэг. Ер нь л олон намын бодлого, мөрийн хөтөлбөрийг уялдуулснаар илүү оновчтой бодлого гаргах, үйл ажиллагаа явуулах боломжтой аж. Хамгийн гол нь Шинэ Зеланд улс нь Монгол Улстай геополитикийн зэрэг асуудлаараа ихээхэн төстэй. Үүнийг зовлон нэгтэй гээд хэлчихэд болно. Энэ талаар ч Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө хэвлэлд ярихдаа бараг хэлчихсэн үг нь байна. “Ингээд 50:50 болчихоор 50 хувь нь тойрогждог, 50 хувь нь үндэсний хэмжээний бодлого ярьдаг хүмүүс болчихдог. Бараг ихэнх тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулах магадлалтай. Нэг нам дангаараа одоо үнэмлэхүй ялах боломж байхгүй болчихдог. Парламентад МАН, АН-аас гадна 4-5 одоо намтай болно гэсэн үг. Тэгэхээр үүнийг “Нэг хаалгаар хөөгөөд гаргачихсан чинь тооноор ороод ирлээ” гэж харж болохгүй. Бид явж ирсэн 30 жилдээ одоо л зөв дүгнэлт хийх ёстой. Дахиад хэлэхэд энэ бол МАН-д ашиггүй. Яг эрх баригч нам талаасаа харвал байнга үнэмлэхүй ялах тоглоомын дүрмээсээ МАН татгалзана гэсэн үг” гэж байжээ. Түүгээр нь л болж байна.
Энэ бүхнийг Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хэдэн жил ярьсантай дүйцүүлсэн нь учиртай. Түүний хүссэн шинэ 30 жил эхэллээ. Тэр нь биеллээ олжээ. Гэхдээ маш ойрын үед хэд хэдэн том даваа давах хэрэгтэй. Ийм олон, дотроо ч олон салангид улс төрийн хүчнүүдтэй хэрхэн зөвшилцөх вэ гэдэг хэцүү. Гэхдээ галт тэрэг хөдөлсөн. Хэрхэхийг нь харах үлдсэн. Нөгөө талаас нь харвал үүгээр шинэ 30 жил яахын аргагүй эхэлж байна. Хамгийн гол нь ингэж байгуулсан шинэ үе бүтээлч байх уу, зүгээр л шоудаад дуусах уу гэдэг байгаа юм. Гэвч аль нь болохыг ганцхан жилийн дараа л дүгнэчих боломжтой. За даа, эд нар бүтэхгүй юм байна, эсвэл Шинэ үе зөв байна гэсэн дүгнэлт гарчихна.
Эцэст нь хэлэхэд энэ сонгуулийн дараах үе 30 гаруй жилийн өмнөхтэй яг ижил байна. Тэр үеийн улстөрчид, нийгмийн сэхээтнүүд, иргэд гээд олон хүний дурсамжид байдаг даа. Олон дурсамжид “1990 оны үүр хаяарах мэдрэмж…” гэсэн нь бий. Энэ бол “Тэд, шинэ үе хааш нь хөтлөх вэ” л гэсэн үг.
Ажиглагч А.Батболд