Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хойшлуулж, долдугаар сарын 18-ны 13:30 цагт товложээ.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдсон ч ийнхүү хойшлогджээ.
Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Шүүх хуралдааныг хойшлуулалгүй нээлттэй хийлгэх хүсэлтээ тавьсан. Гэвч шүүхийн зүгээс миний хүсэлтийг хангасангүй.
Хэрвээ шүүх хурал дахин хойшлогдвол гэрийн хориог цуцлаад өгөөч гэх хүсэлтийг мөн хүргүүлсэн. Шүүх хурлыг наадмын дараа буюу долдугаар сарын 18-ны 13:30 цагт товлолоо” гэв.
Сануулахад Нийслэлийн Прокурорын Газраас түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.