Categories
гадаад мэдээ

Японы эзэн хааны төрийн айлчлал DNN.mn

Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар Их Британид төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал манай улсын хувьд өндөр ач холбогдолтой айлчлал юм. Учир нь Монгол, Япон нь стратегийн түнш улсууд бол монголчууд удахгүй англичуудтай ийм гэрээ хийх гэж байгаа билээ. Тэгээд ч хүн төрөлхтөний түүхэнд Их Британи болон Их Монгол Улс л эрс зоримог шийдвэр гаргаж хэрэгжүүлж байсан байдаг.

Японы эзэн хаан, хатан хааныг нисэх буудал дээр хүндэтгэл төгөлдөр угтан авч Кларижийн тансаг зочид буудалд буулгав. Ер нь ийм хүндэт зочдыг төрийн айлчлалын үеэр Букингемийн ордонд байрлуулдаг ч ордон одоогоор засвартай байгаа юм байна. Айлчлалынхаа эхэнд Японы эзэн хааны гэр бүлийн гишүүд хүлээн авагч Их Британийн хаанд хар лакан хайрцагтай зүйл, хатанд гар цүнх болон өөрсдийн гэрэл зургийг гардуулав. Үүний дараа эрхэм зочдыг хүндэтгэлийн задгай сүйх тэргэнд суулган Лондон хотын ёслолын төв гудамж болох The Mall-ын дагуу явж Букингемийн ордонд аваачжээ. Сүйхэнд хаан эзэн хаантай, хатан нь хатантай хамт явав. Харин хатан хаан Масако морины үсэнд харшилтай учир тусгай маск зүүсэн байна. Букингемийн ордонд хүндэт зочдод хааны цуглуулганд байгаа япон эдлэлүүдийг үзүүлэв. Төрийн айлчлал бүрийн өмнө хааны цуглуулгын мэргэжилтнүүд тухайн зочдын сонирхолд нийцэх тусгай үзмэрүүд бүхий үзэсгэлэн гаргадаг нь ердийн зүйл болсон юм байна. Хүндэт зочид мөн Вестминстерийн сүмд зочилж, үл таних цэргийн булшинд цэцэг өргөсөн байна.

Төрийн айлчлалын гол арга хэмжээ нь Букингемийн ордонд болох гала хүлээн авалт болох бөгөөд энэ үеэр хаан, эзэн хаан хоёр мэндчилгээ дэвшүүлэх юм. Тэд мөн Кью цэцэрлэгт хүрээлэн болон Хатан хааны хөгжмийн коллежид зочилж, Виндзорын шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүм дэх II Елизаветагийн булшинд цэцэг өргөх бөгөөд баасан гаригт эзэн хаан, хатан хаан өөрсдийн сурч байсан Оксфордын их сургуульд зочлуулах болно. Эзэн хаан, хатан хааны төрийн айлчлал нь Их Британи, Японы цэрэг, шинжлэх ухаан, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой юм байна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *