Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Зураач Ж.Гунгаа: Намайг зурсан зээнцэрийн маань зураг инээдтэй ч сэтгэхүй нь хөөрхөн DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, багш Ж.Гунгаатай ярилцлаа.


-Та аль нутгийн хүн бэ. Хүүхэд ахуй насаа дурсахгүй юу?

-Би Булган аймгийн Дашинчилэн, Бүрэгхангай сумын зааг Доргонтын ар, Харуухын голын урд Хайлаастайн хаваржаа хэмээх газарт 1950 онд төрсөн.Ээж Бүрэгхангай сумынх. Миний аав Дашинчилэн сумын хүн. Би яах аргагүй Харуухын голын усыг ууж өссөн, энэ нутгийн хүүхэд. Би есөн хүүхэдтэй айлын том хүү нь. Нэг нь эндсэнээс бусад нь амьд сэрүүн ээжтэйгээ хамт өтлөөд, өнөр өтгөн сайхан амьдарч байна. Ээж минь одоо 97 нас хүрч байна. Ээжийндээ бүгд Бүрэгхангай суманд цуглахаар жар, дал гаруй насны хэдэн хөгшчүүд л уулзана шүү дээ. Миний дээд талын эгч хуучин зовад гэж байхад ажиллаж байсан бухан хүзүү Цэвээндоржтой ханилан сууж, одоо ч Дашинчилэн сумандаа амьдардаг. Батсайхан хүү нь сумынхаа Уяачдын холбооны дарга хийдэг. Ц.Болд хүү нь Цэвээндорж ахтай их адилхан.

Энэ жил Дашинчилэн сум маань 100 жилийн ойтой. Тус сумаас төрөн гарсан дөрөв, таван зураач хүн бий. Бид 100 жилийн ойдоо зориулсан үзэсгэлэнгээ ирэх долдугаар сард гаргахаар төлөвлөж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог ньТүдэв хуурч, Сайн ноён ханы хатан Магсар гээд тус сумынхаа алдар цуутай хүмүүст зориулсан бүтээлүүдээ олонд танилцуулахад оршино. Мөн айраг уугаад сууж буй зэрэг нутгийн хүмүүсийн аж, байдлын хөрөг зургийг өмнө зурж байснаа сэргээн энэ үзэсгэлэндээ тавина. Мөн гадаад руу нэг үзэсгэлэнд о ролцох юм.Надад байгалийн болон хөрөг зураг нэлээд бий. Нутгийнхаа 100 жилийн ойн өдрүүдийг сэтгэл догдлон хүлээнэ. Ээж минь хэдий өндөр настай ч ухаан санаа нь сав саруул, биднийг удирдагчийн үүргээ гүйцэтгэсээр байгаа. Миний хамгийн сайхан зүйл одоо ээждээ очих л байна.

-Таны зураач болох суурь хэрхэн тавигдаж байв. Өөрийн хүсэл мөрөөдөл байв уу?

-Би 1958 онд найман настайдаа анх сургуульд орж байсан. Аав маань тухайн үед хот, хөдөө хослуулан ажилладаг байлаа. Октябрийн баярын үеэр хоёрдугаар ангидаа хот руу шилжихээр болсон. Эгч дөрөвдүгээр ангид сурдаг байлаа. Арслантай гүүрний тэнд хуучин Дөрөвдүгээр бага сургууль гэж байсан. Тус сургуульд ногоон дээлтэй, галстук зүүсэн, халзан толгойтой хүү хөдөөнөөс шилжиж ирж байснаа дурсан санахад одоо ч  сайхан байдаг. Дөрөвдүгээр анги төгсөх жил намайг аав Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулахаар болсон. Би ч дуучин болох гэж шалгуулсан ч аавд шалгагч багш “Танай хүү чинь нэг л биш. Энд зургийн анги шинээр нээж, хүүхдүүд элсүүлж байгаа. Түүнд шалгуулаад үз” гэж зөвлөснөөр зургийн ангид шалгалт өгөөд би тэнцсэн. Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн дэргэдэх зургийн ангид ороход С.Нацагдорж гээд багш хүлээж авч байсан. Дараа нь Ардын зураач Д.Амгалан, О.Цэвэгжав, Б.Чогсом гээд Монголын хамгийн том, зураач багш нар бидэнд багшилсан. Эрхэм багш нарын шавь болсонд өөрийгөө их хувьтайд тооцдог. Тухайн үед манай анги төгөлдөр хуурын ангийнхантайгаа их ойр байсан. Одоо ч манай хоёр ангийнхан хоорондоо холбоотой.Тухайн үед бидэнд хөгжмийн түүх, онол заадаг байлаа. Би тус сургуулиа уран зургаар 1969 онд төгссөн. Биднийг төгссөнөөс дөрөв, таван жилийн дараа Дүрслэх урлагийн сургууль бие дааж,Ардын зураач Д.Амгалан багш захирлаар нь томилогдож байсан. Би 1962 оноос хойш энэ зургийн салбарт 60-аад жил зүтгэж байна.Зураач хүн хаана ч явсан хүн харахад зүгээр явж байгаа мэт боловч цаг үргэлж толгойдоо бүтээлээ бодож явдаг. Зураасан зураг ч бай зураачийн мэргэжил эзэмшсэн хүн тэтгэвэрт гардаггүй. Би одоо ч зураасан зургаараа бүтээлээ туурвисаар байна.

-Та зураач болсноосоо хойш өөр мэргэжлээр ажиллах бодол төрж байв уу?

-Миний аав, ээж малчин гаралтай. Ээж хөдөө мал дээр, аав хотод гээд тусдаа амьдардаг байлаа. Нэг хүүхэд биш дээ. Тэр үеийн хүмүүсийн нэгэн адилаар есийн есөн хүүхэд өсгөхөд тэр хоёр минь их зүтгэсэн. Би 1983 онд Урчуудын э влэлийн нэрэмжит шагналаар шагнууллаа. Аав минь жигтэйхэн их баярлаж, надад Майдарын ногоон морины модон сийлбэр мөнгөн саванд хийж өгч байсан. Би ч ааваасаа бэлэг авсандаа тун их баярласан. Аавыг өөд болсноос хойш ганцхан жилийн дараа 1985 онд би дөрвөн өрөө шинэ байр авч байлаа. Энэ үед аав минь амьд сэрүүн байсан бол өшөө илүү баярлах байж дээ гэж бодогддог. Аав, ээжийгээ баярлуулж байвал энэ насны жаргал юм. Бүх анхаарлаа зөвхөн зургандаа төвлөрүүлээд, үүрэг хариуцлагаа аль эрт бүрэн ухамсарласан болохоор би зурахаас өөр зүйл бодож байгаагүй. Ер нь машин техник ч сонирхдоггүй. Зурахаас бусад зүйлд одоо ч муу.

-Сургуулиа төгсөөд та хаана ажилд орсон бэ?

-Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт Галбадрах бид хоёр томилогдож очсон. Тухайн үед нэг намын тогтолцоотой. Соёлын төв өргөөний тэнд улс төрийн товчоонуудын зурагтай газар байсан. Би энд гурван жил ажилласан.

-Та дараа нь гадагшаа сурахаар явсан байдаг. Хаана хэдэн жил сурсан бэ?

-Болгар улсад дөрвүүлээ сурахаар явж байлаа. Болгар улсын Софи хотын Үндэсний дүрслэх урлагийн академид график зургийн ангид Алтанхуяг бид хоёр элсэн суралцсан. С.Баярбаатар урлаг судлал, нэг маань уран зургийн ангид орсон. Би зургаан жил суралцан, зураасан зургийн мэргэжил эзэмшиж, 1978 онд сургуулиа төгссөн. Монголдоо ирээд үргэлж лүүлэн хотын Урчуудын эвлэлийн төв хороонд ажилласан. Урчуудын эвлэлдээ зураач, эх загварын зураач, уран сайхны удирдагч, секцийн эрхлэгч, удирдах зөвлөлийн гишүүн гээд бүхий л ажлыг хийж байсан. Урчуудын эвлэл бол миний амьдралтай салшгүй холбоотой бүхий л цаг хугацаагаа өнгөрүүлсэн газар гэж ойлгож болно. Мөн Дүрслэх урлагийн музейн захирлын алба хашиж байсан. Дүрслэх урлагийн сургуу лийг төгсөгчид тухайн үед жилд дөрөв, таваараа тус хороонд ажиллахаар ирнэ. Урчуудын эвлэлийнхэн хотын Намын хороонд үзэл суртлын ажил их хийдэг. Заримдаа бүр нойргүй хонодог, ажилдаа их цаг зарцуулсныхаа үр шимээр хоёр жил ажиллаад гадаад руу сурах, байраар шагнуулах боломжуудыг олон залууст олгож байсан. Сүүлдээ би бие даасан уран бүтээлч болсон.

-Та олон үзэсгэлэн гаргасан байдаг, тоолж байв уу?

-Би зөрүүд талдаа, уран бүтээлээ хийх ёстой л гэж боддог. Үзэсгэлэн гаргах дөхөөд ирэхээр нойр хүрдэггүй байсан. Надад намын ажил их байсан ч бүтээлээ хаяагүй. Миний гол зүйл бүтээл хийх. Би эхлээд уран зураг зурдаг байсан. Болгарт зураасан зургийн төрөл болох бар зургаар суралцаж төгссөн. Бар зурагт өнгөн, гүн, өндөр хэвлэл гэж бий. Өндөр нь хулдаасан, модон барын хэвлэл юм. Гүн гэхээр төмөр, өнгөн нь чулуун бар буюу одоогийн офсет хэвлэл юм. Миний хувьд хүнд бэрх ч гэсэн баялаг сайхан зураасан зургийн мэргэжил эзэмшсэндээ баярладаг. Зарим нэг хүн энэ мэргэжлийг эзэмшчихээд ажиллахгүй байх тохиолдол бий. Би дардасныхаа тоог гаргахад 80 гаруй байсан. Үзэсгэлэнгээ тоолж байгаагүй. Байнга л дотоод гадаадад их л үзэсгэлэн гаргаж байсан.

-Таны хүүхдүүд дотор мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?

-Манай гэр бүлийн хүн хэвлэлийн газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Бид хоёр охин, нэг хүүтэй. Миний мэргэжлийг өвлөсөн хүүхэд одоогоор байхгүй. Бүгд өөрсдийн хүсэл сонирхлоор амьдарч байна. Би Дүрслэх урлагийн академи болон МУБИС-д багшилж байсан. Мөн 10 гаруй жил ШУТИС-ийн үйлдвэрлэлийн т ехнологи, дизайны сургуульд график дизайны багшаар ажилласан. Энэ сургуульд ажиллах хугацаандаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоо авсан. Оюутан сурагчидтай ажиллах маш шинэлэг байдаг. Үргэлж тэднээс суралцах, энерги дунд нь явах их сайхан. Би олон шавьтай. Миний шавь нарт Хэвлэх үйлдвэрийн захирлууд ч бий. Зарим нь багшдаа хөрөнгө оруулна гээд л миний бүтээлийг авах жишээний.

-Зураач болох хүсэлтэй хүүхэд, залууст хандаж та юу хэлэх вэ?

-Хүүхдийг программчилж болохгүй. Багш нар хүүхдийг нэг хэвд барих гээд байдаг сул талтай. Намайг зурсан зээнцэрийн маань зураг инээдтэй ч сэтгэхүй нь хөөрхөн. Хүүхдийн хамгийн их хүртдэг зүйл зураг. Зурдаггүй хүүхэд гэж байхгүй. Хүүхдийн сэтгэхүйг нь хөгжүүлэх тал дээр багш нар анхаарах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *