Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын тухай шинэ бодлого DNN.mn

Ерөнхийлөгч Жо Байден хүүхэд байхдаа АНУ-д ирсэн 530 мянга гаруй цагаачдыг албадан гаргахаас хамгаалсан тогтоол батлагдсаны 12 жилийн ойг тохиолдуулан цагаачлалыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийг үл харгалзан, АНУ-ын цагаачлалын тогтолцоог илүү шударга болгох шийдвэр гаргаж буйгаа зарлав. Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д хууль бусаар амьдарч байгаа, албан ёсоор албадан гаргах ёстой ч, АНУ-ын иргэдтэй гэрлэсэн олон зуун мянган эхнэр, нөхөрт өршөөл үзүүлэх шийдвэр гаргаж буйгаа зарласан юм.

Олон нийтийн саналын судалгааны Америкийн Гэллап хүрээлэнгээс нийтэлсэн тайланд “Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг Америкийн үнэт зүйлс, амьдралын хэв маягт аюул учруулж буй томоохон заналхийлэл” гэж үзэж байгааг дурдсан байдаг. Үүнийг нам бус сонгогчдын 54 хувь, Ардчилсан намынхны 29 хувь нь дэмжиж байгааг ч бас дурдсан. Иймээс өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Жо Байден АНУ-Мексикийн хилээр орж ирж буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой захирамж гаргаж, Цагаачлалын албаныханд орогнол хүссэн хүмүүсийн өргөдлийг хүлээж авалгүйгээр тус улсаас хөөх эрх олгосон билээ. Тэгвэл одоо Цагаан ордон тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан АНУ-ын иргэдтэй гэрлэсэн цагаачдын асуудлыг хөнгөвчлөх шийдвэр гаргаж, АНУ-ын Засаг захиргааны мэдээгээр 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой болохоор болжээ. Мөн энэхүү шинэ бодлого нь эцэг эхийн нэг нь хууль бус цагаач боловч АНУ-ын иргэнтэй гэрлэсэн 21 нас хүрээгүй 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж тус улсын засаг захиргаа үзэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилга нь Барак Обамагийн гаргаж байсан бодлогоос хойш тус улсад байгаа бичиг баримтгүй цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа бөгөөд энэхүү шинэ хөтөлбөр нь тус улсад 10-аас доошгүй жил амьдарсан, энэ оны зургадугаар сарын 17-ноос өмнө гэрлэсэн АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөрт хамаарна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдэгдэв. Энэ нөхцөлийг хангасан хүмүүс гурван жилийн хугацаанд ажиллах зөвшөөрөл авч, энэ хугацаанд байнгын оршин суух хүсэлт гаргах боломжтой юм. Тэгвэл цагаачлалын хяналтыг чангатгахыг дэмжигч төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Жеймс Масса “Түүхэн дэх хамгийн аймшигтай хилийн хямралыг зогсоохын оронд Ерөнхийлөгч Байден гүйцэтгэх эрх мэдлээ хэтрүүлж, АНУ-д хууль бусаар нэвтэрч буй хүмүүст ч өршөөл үзүүлэх боломжтой гэсэн мессеж илгээж байна” гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) Байдены засаг захиргааг АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд өгсөн” гэж мэдэгдэв. Харин Охайо дахь Кейс Вестерн Резервийн Их Сургуулийн цагаачлалын хуульч, профессор Алекс Квик “Шинэ журам харьцангуй цөөн тооны хүмүүст хамаарч байгаа ч энэ нь албаны хүмүүсийг цагаач бүхий гэр бүлийг хүчээр салгах шаардлагагүй болгож, АНУ-ын иргэний статусаа хэвийн болгоход бэрхшээлтэй байдаг цагаачдын асуудлыг зөв шийдэх эхний алхам болж байна” гэж хэлжээ. Тэгвэл ерөнхийлөгчийн засаг захиргаа “АНУ-д их дээд сургууль төгсөж диплом, зэрэг авсан, эсвэл гадаад улсаас урилгаар ирж, мэргэжлээрээ ажиллаж байгаа өндөр ур чадвар бүхий цагаач иргэдэд тус улсын иргэншил олгох үйл явцыг хялбарчилж, хурдасгахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *