Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Д.Содном: Хэрэг дээрээ Баялгийн сангийн хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж, үйлдвэрийг нь төрийн өмч болгох бодлого болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын ард түмэн төрөө төвхнүүлэх ээлжит сонгуулиа явуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент нь Мон голын анхны 126 гишүүнтэй парламент болохоор байгаа. Тэгэхээр таны хувьд сонгуулийн тогтолцоо болон энэхүү шинээр бай гуулагдах парламентын чадамж Монголын хөгжилд ямар байдлаар нөлөөлнө гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн 3.1 дүгээр зүйлд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцож байх. Ард түмэн эдгээр эрхээ өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагаараа уламжлан эдэлнэ гэж заасан. Гэтэл өнгөрсөн гуч гаруй жилд засгийн бүх эрх ард түмний мэдэлд биш, улс төрийн намын мэдэлд байлаа.

УИХ, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхийг нь ард түмэнд эдлүүлэхгүй байгаа гажуудлыг засахгүй бол ард түмний төрд, эрх барьж байгаа улс төрийн намд итгэх итгэл сулрах, улс төрийн тогтворгүй байдал үргэлжлэх эрсдэл бий. Би парламентыг дээд доод хоёр танхимтай болгож энэ гажуудлыг засах саналтай байдаг. Парламентын дээд танхимыг ард түмний сонгосон өргөн төлөөлөлтөй Ардын Их Хурал нэрээр байгуулж, одоогийн УИХ-ыг хууль тогтоох үүрэгтэй Улсын Бага Хурал болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, Үндсэн хуулийн төрийн байгуулал хэмээх гуравдугаар бүлэгт энэ чиглэлээр оруулах өөрчлөлтийн төсөл болон Ардын Их Хурлын зохион байгуулалт, эрх үүрэг, г ишүүдийг нь сонгон шалгаруулах журмын төслүүдийг боловсруулсан байгаа.

-Энэ талаар өнгөрсөн жилүүдэд ард нийтийн санал асуулга явсан. Улмаар гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд л Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн шүү дээ…?

-Өнөөгийн УИХ 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентыг УИХ хэмээх нэг танхимтай хэвээр хадгалж гишүүдийнх нь тоог 126 болгон нэмэгдүүлж, 48 гишүүнийг нь улс төрийн намуудын гаргасан жагсаалтаар томилдог болох шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгааг Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд байлгах зарчимтай зөрчилдсөн шийдвэр гэж үздэг. УИХ 2023 оны тавдугаар сард нэг танхимтай парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Гэхдээ улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулж сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Нэг гишүүний хэт их эрх мэдэл эцэс болж байна. Хууль хяналтгүй гардаг асуудал түүх болж байна. УИХ өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Парламент түүхэн шинэчлэл хийв. Олон намын тогтолцоо руу орж байна гэсэн дүгнэлт хийсэнтэй би санал нийлдэггүй. УИХ-ын гишүүдийн дөнгөж гучин хувь буюу 21-24 хүний саналаар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан.  Энэ хуулийг батлах хуралдаанд гишүүдийнх нь 40 хувь ирээгүй, оролцсон гишүүдийн мөн 40 хувь нь эсрэг санал өгч байхыг зурагтаар харсан. Хүчин төгөлдөр хууль гэж үзэх эсэх асуудал гарах магадлалтай шүү.

-Тэгэхээр Монгол Улсын хөгжилд дорвитой өөрчлөлт орохгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Энэ бүхнээс дүгнэж хэлбэл, УИХ-аас Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, т эр дагуу сонгууль явагдаж, төр засгийн бүтэц өөрчлөгдсөнөөр тэдний чадамж нэмэгдэнэ. Харин Монгол Улсын хөгжилд дорвитой нөлөөлөх өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ цаг хугацаа, амьдрал харуулна даа.

-Таны хувьд төр, засгийн бодлогыг нэгэн цаг үед тодорхойлж явсан эрхэм хүн. Тэр утгаараа яг одоо сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд мөрийн хөтөлбөр, бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан явж байна. Нам, эвслийн мөрийн хөтөлбөр гэдэг бол төрийн бодлого болж явах учиртай баримт бичиг гэдэг. Та сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу. Мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор онцлоод хэлэх авууштай зүйлүүд юу байна вэ?

-Зарим нам эвслийн мөрийн хөтөлбөртэй танилцсан.  Боловсруулах үйлдвэр хөгжүүлэх талаар авууштай зүйл юу байгааг онцолж харсан. Эдийн засгийг хүчирхэгжүүлэх, ядуурлыг арилгах, ард түмний амьдралыг сайж руулах үндсэн нөхцөл учраас энэ салбарын хөгжлөөр юу төлөвлөж байгааг онцолж хардаг юм.  Уул уурхайн зарим түүхий эдийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэх саналууд байгаа нь авууштай. Харин малын гаралтай түүхий эд, тухайлбал мах, арьс шир, ноолуур, ноос боловсруулах үйлдвэр хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээ бага байгаад харамсаж байгаа.  Хүн амын гуравны нэгийн амьдралд холбоотой мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжүүлэхэд онц анхаарах шаардлагатай.

-Ер нь нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөөс сонгогчид юуг нь илүү анхаарч харвал зүгээр вэ?

-Дахин хэлбэл, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх л чухал.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам төрийн эрхийг дангаараа барилаа. Энэ утгаараа олон жил нэг нам төрийн эрхийг барина гэдэг бол нэг талдаа мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх хангалттай хугацаа гэж үздэг. Эрх баригч намын амлалтууд ер нь яаж биелсэн гэж та үзэж байна вэ. МАН-ын хувьд хоёр ч удаагийн парламентад үнэмлэхүй олонх болсон боломжоо бүрэн гүйцэд ашиглаж чадсан уу. Олонх болсон давуу талаа ашиглаж улс орны хөгжилд хэрэгтэй томоохон шийдвэрүүдийг гаргаж чадсан гэж харж байгаа юу, та?

-Би МАН-д МАХН нэртэй байхад нь гишүүн болсноос хойш 70 жил өнгөрлөө. Улсад яг 60 жил хөдөлмөрлөсний 41 жилд нь төрийн байгууллагад ажилласан. Сүүлийн 10 жил тэтгэврээр амьдарч байна. Миний 90 гаруй насны амьдрал МАН-тай холбоотой.  МАН сүүлийн найман жилд парламентад үнэмлэхүй олонх болж ажиллахдаа алдсан, оносныг хувьдаа яаж дүгнэж байдгаа ил хэлж байх үүрэгтэй гэж боддог.

-Тэгэлгүй дээ…?

-Өнгөрсөн дөрвөн жилд МАН мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэхийн төлөө ажилласан. Гэвч хөтөлбөр, амлалтаа бүрэн биелүүлээгүй, олонх болсон боломжоо гүйцэд ашиглаж чадаагүй гэсэн таны хэлдэг дүгнэлт үндэслэлтэй байх гэж бодож байна. Ардын намын УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрлэл хөг жүүлэх амлалтуудаа бүрэн биелүүлээгүй. Тэр шалтгаанаар ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн амлалт нь хэрэгжээгүй. Хармагтайн алт, Асгат Салхитын мөнгө, Цагаан суваргын зэсийн ордыг ашиглалтад оруулна, алт боловсруулах, зэс хайлах үйлдвэр барьж ашиглалтад оруулна, лити, цахиур, газрын ховор элементийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулна, нүүрс хими, кокс хими, метан хийн үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн амлалтууд хэрэгжээгүй. Миний санал болгоод байдаг малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр хөгжүүлж, малчдын орлого нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр бий болгох, экспортын орлогыг ихээхэн хэмжээгээр өсгөх олон талын ач холбогдолтой асуудлыг судлах хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаараагүйд харамсдаг. Ийм алдаа гаргасан боловч одоогийн хөтөлбөртөө зарим алдааг засах арга хэмжээ тусгагдсан байна. Цаашид МАН-ын нэр хүнд өндөр байх эсэх үйлдвэрлэл хөгжүүлж чадах эсэхээс л хамаарах болно.

-Ес дэх удаагийн сонгууль явагдаж байна. Ардчилсан тогтолцоонд шилжээд бид энэ олон удаагийн сонгууль явуулахдаа сонгуулийн систем, тогтолцоогоо зөв, шударга болгож чадсан гэж боддог уу. Нөгөөтэйгүүр энэ сонгуулиар монголчууд юуг илүү анхаарч сонгуульд оролцох ёстой бол?

-Төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох шаардлага, түүнийг шийдэх арга замын талаар саналаа дээр тодорхой хэллээ. Сонгуульд заавал оролцож саналаа өгөх нь зүйтэй. Нам эвслүүдийн х өтөлбөр амлалтад иргэдийн хэрэгжүүлээсэй гэж хүсдэг зүйл, үйлдвэрлэл хөгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээ тусгагдсан эсэх, тэр нь бүтэх, амлагч нь бүтээх найдвартай эсэх, урьд амлаж байсан зүйл нь биелж байсан эсэхийг судлах хэрэгтэй. Нэгэн ухаантан “Алдаа гаргасан ч түүнийгээ зөвшөөрч засдаг хүнийг уучилж болно, худал амладаг, хуурдаг этгээдэд итгэж болохгүй“ гэж сургасан байдаг.

-Нам, эвслүүдийн сурталчилгааны нээлт болох үеэр та Үндэсний эвслийн сурталчилгааны нээлтэд очиж Н.Номтойбаярт “Данзан”-ийн доллар гэдэг зүйлийг гардуулж өгсөн нь иргэдэд их сонин, онцгой санагдсан. Энэ талаар та тодорхой тайлбар өгөөч. Яг ямар учиртай эд зүйлийг яагаад заавал Н.Номтойбаярт өгөх болов?

-Тайлбар нь маш энгийн. Үндэсний эвслийн залуучууд сонгуульд оролцох хөтөлбөрөө үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдээ баян болгох үзэл санаагаар боловсруулсан.  Тэр нь миний үзэл бодолтой нийцдэг. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Солийн Данзан зуун жилийн өмнө чөлөөт эдийн засаг, хувийн өмчийн хэлбэрийг хөгжүүлэх бодлоготой, иргэн баян бол улс баян гэдэг үзэл санааг хэлж байсан гэдэг. Тэр үед хэвлэгдэж байсан мөнгөн тэмдэгтийг Данзангийн доллар гэж нэрлэх нь бий. Үндэсний эвслийн залуучуудын иргэдээ баян болгох хөтөлбөр нь хэрэгжээсэй гэсэн ерөөлөөр Данзангийн долларыг Н.Номтойбаярт гардуулсан юм.

-Улс орны эдийн засаг сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа гэдэгтэй та санал нэг байгаа юу. Өнгөрсөн жил гэхэд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өслөө. Үүгээрээ дэлхийд хоёрт бичигдлээ гэж эрх баригч нам ярьдаг. Яг өрх, иргэдийн амьжиргаанд энэхүү эдийн засгийн өсөлт яаж нөлөөлж байна вэ?

-Эдийн засаг сайжирч байгаа гэдэгтэй санал нэг.  Өнгөрсөн онд долоон хувиар өслөө гэдэг сайн үзүүлэлт. Иргэдийн амьдралд шууд нөлөөлөөгүй гэдэг ч бас үнэн.  Үүнд учир байна. Эдийн засгийн өсөлт тогтворжих нөхцөл бүрдсэн эсэхэд хамаг учир байгаа юм.  Нэг жилийн өсөлтөөр нийгмийн арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргаж болдоггүй. Манай улсын эдийн засаг гадаад эдийн засгийн харилцаанаас ихээхэн хамааралтай. Жишээлбэл, экспортод гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, импортын шатахуун, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг, зарим өргөн хэрэгцээний барааны олдоц үнэд өөрчлөлт гарч тэр нь эдийн засгийн өсөлтөд эсрэг нөлөөлөх эрсдэл байдаг.

-Зарим сонгуулийн жилүүдэд иргэдийн оролцоо, ирц тааруу байж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар иргэдийн ирц оролцоо өмнөх сонгуулиудыг бодоход хамаагүй нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь ард түмэн улс орныхоо хөгжилд бодитой анхаардаг болсоны илрэл гэж харж байна уу?

-Тэгж харж байна.

-Таны хувьд бүсчилсэн хөгжлийн бодлогыг ямар байдлаар харж, дүгнэж байна. Угтаа бүсчилсэн хөгжлийн бодлогоо бид аль эрт тодорхойлсон ч олон жилийн дараа буюу энэ жилээс л бодитой хэрэгжүүлэхээр байх шиг байна. Энэ бодлого ер нь зөв үү. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр болж чадах болов уу?

-Бүсчилсэн хөгжлийн бодлого зөв. Улсын хөгжилд хувь нэмэртэй байх эсэх бодлогоо яаж хэрэгжүүлэхээс хамаарна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг сүүлийн гэх тодотголтой 76 хаврын отгон чуулганыхаа төгсгөлд яаран сандран баталлаа. Хуулийн агуулгыг та харсан байх. Энэхүү хуулийн ач холбогдол, давуу болон сул талыг нь та хэлэхгүй юу. Зарим судлаачид хувийн өмч рүү халдсан эрх зүйн орчин бүрдлээ гэдэг. Зарим нь ээлжит нэгэн сонгуулийн өмнөх пиар ч гэх юм?

-Баялгийн сангийн хуулийг яаран баталсан учраас хуульд засах, ойлгомжтой болгох шаардлагатай заалтууд байгаа гэж үздэг.  Зарим зүйлийг дурдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 100 хувиар Ирээдүйн өв санг бүрдүүлхэд зориулбал зохистой. Гэтэл түүнээс улсын төсвийн алдагдлыг нөхөнө, 65 хувийг нь уг санд төвлөрүүлнэ гэж заажээ.  Энэ нь дахиж нөхөгдөхгүй байгалийн баялгийг ашигласны төлбөрийн орлогыг ирээдүйн өв сан болгож нөөцлөн хадгалах үндсэн утга агуулгаас гажсан шийдвэр гэж үзэж байна. Мөн уг санг хөрөнгө оруулалтын орлогоор бүрдүүлнэ гэсэн ойлгомжгүй, хэрэгжүүлэх арга нь тодорхойгүй заалт бичигдсэнийг засах хэрэгтэй. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчийн байгуулсан уул уурхайн үйлдвэрт төрийн өмчит компани 34 хувиар оролцсон бол түүнд оногдох ашгаас Хуримтлалын санг бүрдүүлнэ гэж заасан байна. Хөрөнгө оруулагчтай тохиролцсон нөхцөлд, төр хөрөнгө оруулсан нөхцөлд хувь эзэмших боломжтой болдог, оногдсон ашгийг юуны өмнө оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа нөхөхөд зориулах ёс байдаг учраас энэ санд ногдол ашгаар хөрөнгө хуримтлагдахгүй байх эрсдэл бий боллоо. Улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан бол, эрдэс баялгийн үнэ төсөвт тооцсон үнээс өндөр гарснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувийг Хөгжлийн сангийн эх үүсвэр болгож байхаар заажээ. Улсын нэгдсэн төсөв ашигтай гарах эсэх, олон төрлийн эрдэс баялгийн экспортын үнийг төсөв зохиогч албан тушаалтан яаж тооцсоноос хамаарч байхаар зааснаас үзэхэд энэ санд хөрөнгө төвлөрөх эсэхийг төсөв зохиогчид, зах зээлийн үнийг таамаглагч албан тушаалтнуудын ажлаас хамаарч байхаар шийдэж байгааг зөв гэж үзэхгүй байна. Төсөв зохиогч, үнэ таамаглагч хүний ажлаас биш, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгаас хамаарч бүрддэг сантай байх зарчимыг баримтлах ёстой.

-Энэ хүрээнд гурван сангийн бодлогыг судлаачид, эдийн засагчид тал бүрээс нь тайлбарлан ярьж байгаа. Таны хувьд ямар саналтай явдаг вэ?

-Ирээдүйн өв санг ирээдүй үеийн иргэн бүрд хүртээх, Хуримтлалын санг одоо үеийн иргэн бүрд хүртээх, Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ гэж заажээ. Сайхан сонсогдох байх. Гэвч ойлгох, хэрэгжүүлэх, тайлбарлахад бэрхшээл гарахаар байна. Жишээлбэл, иргэнийг ирээдүй үеийн, одоо үеийн гэж юугаар тодорхойлж байх гэсэн асуудал гарах биш үү. Хуримтлалын санд Төрийн 34 хувийн оролцоогоор хөрөнгө төвлөрөөгүй нөхцөлд одоогийн иргэд дансандаа мөнгө бүртгүүлж авахыг шаардвал ямар тайлбар өгч байх вэ зэрэг шийдэхэд төвөгтөй асуудлууд үүсэх байх. Эдгээр асуудлыг анхааралдаа авч засвар тодотгол хийх шаардлага байгаа.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулагдах 34 хувийн асуудлаар та тодорхой тайлбар хэлэхгүй юу. Энэ зохиоцуулалтаар хувийн өмчид шууд халдаж болно гэсэн үг үү?

-Баялгийн сангийн хуультай холбогдуулж Стратегийн нэртэй ашигт малтмалын ордод олборлолт явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн 34 хувийг төр хөрөнгө оруулалт хийхгүйгээр хураан авч байх заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу хувийн аж ахуйн нэгжүүд ашгаасаа 25 хувийн татвар төлнө, бусад татвар хураамжууд төлнө, ашгийн татвар төлсний дараах ашгаас 34 хувиар ногдол ашиг төлдөг хуультай болж байна. Ийм хууль үйлчилбэл хувийн аж ахуйн нэгжүүд дампуурах төдийгүй, шинээр байгуулах боломжгүй болох байх.  Хэрэг дээрээ энэ хууль бол хувийн аж ахуйн нэгжийг дампууруулж үйлдвэрийг нь төрийн өмчит аж ахуй нэгж болгох бодлого болно.  Монгол Улсын Засгийн газар ийм бодлоготой байж болохгүй. Ийм хуультай байх нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй.  Энэ бол Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэх асуудал юм.  Төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь хоногийн дотор өөрчлөгддөг, аль нэг улс төрийн бүлэглэлийн нөлөө лоббид өртөмхий байж болохгүй. Монгол Улсад бизнес эрхлэх байтугай амьдрахад бэрх болж байна гэж зарим залуус гадаад руу гарч ажиллах болж байгаа нь энэ бүхнээс хамаатай.

-Удахгүй шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдана. Тэдгээрийн бүтэц, үйл ажиллагаа ямар байвал зохистой вэ?

-УИХ, Засгийн газрын гишүүд дотор болон удирдлагад нь санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлийн хүмүүс ахиу байх зайлшгүй шаардлагатай болжээ. Нэг жишээгээр үн дэслэе. Манай намын хөтөлбөрт дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох хэмжээг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэх амлалт байгаа.

Өнгөрсөн онд 3.4 сая хүнтэй, нэг хүнд таван мянган ам.доллар оногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Ирэх дөрвөн жилд хүн ам 280 орчим мянгаар нэмэгдэх зэргээс тооцвол ДНБ 2023 онд 17 тэрбум ам.доллар байсныг 2028 онд 37 тэрбумд хүргэж 2.1 дахин өсгөх амлалт авч байгааг үндэслэлтэй, биелүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Ийм амлалт авахыг санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс тооцож зөвлөсөн болов уу. Ирэх дөрвөн жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн хэмжээг 20 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх өндөр үр ашигтай үйлдвэрүүд хөгжүүлэх төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж байгаа юу. УИХ, Засгийн газрын хууль, тогтоол гаргагчид алга тогших, гарын үсэг зурах, тамга дарах тухай бүртээ би, бид юу хийж байна, юу хийчихэв гэдгээ сайн боддог байгаасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *