Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Зэс-Эрдэнэ: Охин минь надад эрч хүч, урам хайрладаг DNN.mn

“Зэс” брэндийн үүсгэн байгуулагч Ц.Зэс-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Ц.Зэс-Эрдэнэ гэдэг. Олон улсын супер оюуны  дасгалжуулагч тавдугаар зэрэгтэй. Ярих ур чадварын чиглүүлэгч илтгэгч, “Зэс Оюун сан” ТББ-ын тэргүүн. Энэ сан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний эцэг эхэд зориулсан. Мөн “Зэс” брэндийн үүсгэн байгуулагч. 2022 онд нийслэлийн шилдэг бизнес эмэгтэй болсон. Олон улсын оюун ухааны олимпиадад хэд хэдэн удаа тэргүүлсэн. Дэлхийн 75-н оронд 24-н хэлээр нэвтэрсэн ийм сургалтад оролцоод явж байгаа. Одоогоор бол сургагч багш.

-Та хэдхэн сарын өмнө ээж болсон шүү дээ. Хүн бүрд  өөр өөр мэдрэмж төрдөг. Таны хувьд ээж болоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ээж болох энэ мэдрэмж намайг өөр ертөнцөд аваачсан гэхэд болно. Өмнө нь хувиа хичээсэн зантай хүн байсан. Одоо бол үр хүүхдэдээ ямар нэгэн зүйл үлдээхийг хүсэж нийгмийн төлөө зөв зүйл хийх юм байна гэж бодсон. Охин минь надад харах өнцөг, эрч хүч урам зориг, хайр гээд бүх сайн сайхан зүйлийг ойлгуулсан. Бүхэл бүтэн хүн үйлдвэрлээд гаргачхаж байгаа юм уу гээд гайхаж байсан үе бий.

-Та олон улсын оюуны дасгалжуулагч мэргэжилтэй. Энэ мэргэжил нь бусад мэргэжлээс юугаараа онцлог вэ?

 –Энэ мэргэжил дэлхийд нэвтрээд дөрвөн жил болж байгаа. Харин  Монгол Улсад орж ирээд хоёр гаруй жил болжээ.  35 жил хүн төрөлхтнийг судалж  хүн байх утга учрын талаар зааж өгдөг шинэ зууны шилдэг мэргэжил. Яагаад гэвэл Бумбын эрэн зуун эхэлж байгаа технологийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, боолчлолын систем нь  үеэ өнгөрөөсөн. Мөнгөний төлөө амьдрах нь устаж үгүй болж байна.  Оюуны дасгалжуулагч нь хүн  амьтнаас юугаараа ялгаатай талаар заадаг. Амьд явах утга учрыг өгдөг.  Бусдад сайн сайхан энерги бэлэглэдэг.  Бусад мэргэжилтэй харьцуулахааргүй.

-Таны хамгийн том сургамж… ?

-Их сургуулиа төгсчхөөд ажилд орохоор 2-3 газартай уулзаж байсан. Тухайн үед сургуулиа төгссөн мэргэжил эзэмшсэн болчихлоо. Одоо мөнгө олно, амьдралаа бүтээнэ гэж бодтол очсон байгууллага бүр намайг мэргэжлээрээ хоёр жил ажилласан байх ёстой. Магистрт сурсан байх  шаардлагатай гээд ажилд аваагүй.

Эндээс би “Аан би өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна” гэдгийг ойлгосон. Мэргэжил гэдэг зүйл юу ч биш юм байна. Үүнээс илүү хүний зүрх сэтгэл нь агуу гэдгийг олж мэдсэн. Тэр л миний амьдралын сургамжтай зүйл.

-Таныг нярайн тасгийг тохижуулахад хандив цуглуулж байгаа гэж сонссон?

-30 насныхаа төрсөн өдрөөр Эх нялхсын төвд дөрвөн сая төгрөг хандивласан. Үүнийг хийх болсон шалтгаан нь би эх нялхсын дутуу нярайд төрж байсан.  Эмч нарын буруутай  үйлдлээс болж миний ихэр бурхан болсон юм. 30 жил эмч нарт гомдож ирсэн.  Гэхдээ уучилсан. Дараа нь баярласан.  Хэрвээ надад энэ бүх зүйлийг өгөөгүй байсан бол өнөөдрийн “би” бий болохгүй  байсан байх. Ихрийнхээ 30 насны төрсөн өдрийн дурсгалд зориулж хандив өргөсөн.

-Нийгэмд ямар зан чанартай хүмүүсийг олон байгаасай гэж хүсдэг вэ?

-Гадаад төрх, харагдах байдлаар нь хүмүүсийг ялгаварладаггүй. Хүн шиг хүн олон байгаасай.  Энэ бүхний төлөө багшилж байна. Хүнийг ялгаж харьцана гэдэг бол оюуны хоосролтой хүнийг хэлнэ. Яагаад гэвэл тэр хүний зүрх сэтгэл хоосон учраас тэгдэг. Зүрх сэтгэл нь дүүрэн хүн ямар ч хүний сэтгэл рүү өнгийж чаддаг.

-Та ямар зарчим баримталдаг бэ?

-Үргэлж “Чадна” гэдэг зарчмыг баримталдаг. Хүсвэл юу ч бүтээх боломжтой. Хенри Фордийн “Та чадна гэвэл таны зөв та чадна, Та чадахгүй гэвэл бас л таны зөв та чадахгүй” ын хэлсэн үг байдаг шүү дээ.

-Одоо ингээд болоход та юуны төлөө амьдарсан юм шиг санагдаж байна?

-Үнэнийг хэлэхэд өмнө нь мөнгөний төлөө амьдарч байсан. Одоо харин өөрийнхөө амар амгалангийн төлөө амьдарна.  Мөнгийг хүсэмжилдэггүй. Сэтгэлийн боловсролтой байж юуны төлөө амьдраад байгаагаа ойлгосон. Үүгээрээ бусдад үлгэрлэх ёстой. Энэ миний зорилго юм байна гэдгийг ойлгосон. Бусдад материаллаг зүйл биш урам зориг хайр итгэл найдвар, зорилгын төлөө тууштай байх, өөрийнхөө төлөө тууштай байх тийм урмыг өгөх нь миний амьдралын утга учир гэдгийг мэдсэн.

-Үргэлж хэрэгжүүлэхийг хүсдэг мөрөөдөл бий юү?

-Өөрийнхөө маш том хот мөрөөдөлтэй. Том мөрөөдөж, том зорилго тавьж байж түүндээ зориулсан алхам хийдэг. Бас нэг том мөрөөдөл бол дэлхий дээрх таван тэрбум хүн сэтгэлийн гүн стресст орсон байгаа. Амьдралынхаа тулах цэгийг алдчихсан. Тэр хүмүүст туслахыг хүсэж байна. Зүрх сэтгэл, эрч  хүчээр оюуны найман дадлаар аврахыг хүсэж байна. гурван тэрбум хүнд тусална гэсэн зорилготой.

-Нийгэмд маш их стресстэх зүйл бий. Сэтгэл гутралд орсон хүмүүст зориулж ямар зөвлөгөө өгөх бэ?

-Зорилгоо тодорхойл. Битгий тийм хулганы нүх шиг амьдар. Битгий харх шиг амьдар. Хүн байх утга учраа ол. Ертөнцийг өөрөөр хар, харах өнцгөө өөрчил. Ялтай юм шиг, араатан шиг битгий бай. Дээд ухамсрыг өвөртөлж төрчхөөд, зүүний үзүүр дээр тогтсон будаа шиг ийм ховор заяаг битгий булингартуулаач л гэж зөвлөнө дөө.

 

 

О.ЮМЧИНБАДАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *