УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт АН-аас нэр дэвшигчид өчигдөр Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумуудад иргэдтэй уулзлаа. Тус тойрогт АН-аас нэр дэвшигчид нь хамгийн чамбай нэр дэвшигчдэд тооцогдоод байгаа юм. Тиймээс ч тэдний уулзалтууд иргэдийн анхаарлыг татаж, халуун дотно, өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна. Завхан аймгийнхны хувьд ардчиллыг дэмжигчид олон. Үргэлжлүүлэх бус, өөрчлөх сонголт хийж, Ардчиллын 10-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа. Тэдгээрээс энэ удаа физикийн ухааны доктор Норовын Тэгшбаярыг онцлон танилцуулж байна. Тэрбээр судалгаа, шинжилгээ, цөмийн энергийн зэрэг салбарт дагнан 20 гаруй жил ажиллаж байгаа судлаач. МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч. Мөн Цөмийн энергийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч, Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай нэгэн. Норовын Тэгшбаяр нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг, УИХ-д анх удаа нэр дэвшиж байгаа эрдэмтэн залуу бөгөөд саналын хуудаст АН-ын нэр дэвшигчдийн 10-т бичигдсэн байна. Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр нь сонгуульд оролцохдоо гурван зүйлд анхаарч ажиллахаа амлан, сонгогчидтойгоо уулзаж байна. Тухайлбал, хавдаргүй Монгол болъё, шинжлэх ухаанч, боловсролтой Монголыг бүтээе, эрчим хүчний хараат бус, эрчим хүчээр хангадаг улс болъё хэмээх гурван зүйлийг онцлон хэлж байгаа юм. Тэрбээр энэ талаараа танилцуулахдаа сонгогчдодоо хандан, төрөө төвхнүүлэх сонголтоо хийхдээ нэр дэвшигчдээ сайн судалж, мэргэн сонголт хийхийг уриалж байлаа.
П.УРАНТОГОС