Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Золбоо: Украины Энхтайвны чуулганд Монгол Улс оролцох нь байр сууриа илэрхийлэх том боломж DNN.mn

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Швейцарьт энэ сарын 15-нд Украины энхтайвны чуулган болох гэж байна. Ямар учиртай чуулган болох бол?

-Хүн төрөлхтний сүүлийн хэдэн мянган жилийн түүх дайн тулаанаас ангид байж чадаагүй нь үгүйсгэж боломгүй гашуун үнэн. Сор сэтгэгчид энэ талаар сэтгэлээ чилээж, сургаал номоо айлдсан байдаг. Хоёр мянга гаруй жилийн тэртээ эртний Хятадын суутнуудын нэг Сүнзийн “Дайтах урлаг” бүтээлдээ байлдахгүйгээр ялах нь хамгийн шилдэг арга гэж бичиж байсан талаар манай нэрт орчуулагч нар танилцуулж байгааг харж болно. Дэлхийн улс төрийн түүхэнд төвийг сахих талаараа сонгодог жишээ болсон Швейцарь улсын Бургенсток амралтын газар энэ сарын 15-16-ны өдөр зохион байгуулагдах хурал уг зорилгыг агуулж байгаа байх.

Өнөөгийн бидний өдөр тутмын мэдээлэлд байнга давтагддаг болсон “асуудлыг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх” гэдэг зарчмын нэг илрэл. Долоогийн бүлэг болон Европын холбоонд Украины талаас удаа дараа тавьж байсан хүсэлтийн хариу гэж шинжээчид бичээд байгаа нь үнэний ортой биз. Гэхдээ энэхүү чухал үйл ажиллагаандаа дайтагч хоёр талыг хамтад нь оролцуулахгүйгээр яригдаж байгаад эгдүүцэж буй хүмүүс олон байх шиг байна. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш энэ хүрээнд дөрвөн удаагийн олон улсын цуврал уулзалтууд болж өнгөрсөн ч хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй л байна.

-В.Зеленский дэлхийн удирдагчдыг тус чуулганд оролцохыг уриалсан. Монгол Улс оролцох болов уу?

-Би яг гадаад харилцааны гал тогоо, дотор нь байдаг хүн биш болохоор мэдэхгүй байна гэдгээ шуудхан хэлье. Бидний өмнөөс битгий оролцоорой гэсэн байр сууриа илэрхийлсэн байхыг хараад харин гайхсан шүү. Уг нь тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн улс өөрийн байр суурьтай байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. Гэхдээ судлаачийн хувьд оролцоосой л гэж бодож байна. Дэлхийн улс орнуудын хамтын нийгэмлэг, олонх нь юу гэж ярьж байна гэдгийг бодитоор мэдрэх, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх хамгийн том боломж гэж бодож байна. Оролцохгүй байлаа гээд ямар ашиг тус гарахыг харин хэлж мэдэхгүй юм. НҮБ-ын санал асуулганд “түдгэлзэх” байр суурьтай байхаас өөр асуудал. Манай улс гэхээс өнөөгийн улс төрийн бодлого тодорхойлж байгаа их гүрнүүд жишээлбэл, БНХАУ зэрэг улсууд идэвхтэй оролцвол асуудал шийдэхэд тустай юм даа. Зохион байгуулагчдын зүгээс 160 гаруй улс, байгууллагад урилга хүргүүлснээс 100 гаруй нь одоогоор оролцохоо илэрхийлсэн байна.

-Ж.Байден, Си Жиньпин нарыг чуулганд ирж оролцохыг онцгойлон хүссэн тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Тэд ямар байр суурьтай байгаа бол. Шинжээчид энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Яг үнэндээ энэ дайныг зогсоож чадах бодит хүч бол дэлхийн том гүрнүүд шүү дээ. АНУ, БНХАУ-гүйгээр энэ асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Мэдээж хэрэг тухайн их гүрнүүд ч өөрсдийнх нь оролцоо, саналыг сонсохгүйгээр асуудал шийдэгдэхийг хүсэхгүй л байх. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд сонгуулийн үйл ажиллагааны улмаас дэд ерөнхийлөгчөө оролцуулахаар болсонд нь зарим хүмүүс сэтгэл дундуур л байх шиг. Хүн төрөлхтний түүхэнд тохиож байсан дайн, тулаан сунжрах тусмаа л зардал сүйтгэл нь нэмэгдэж, асуудлаа шийдэж чадахгүй байдалд хүрдэг шүү дээ. Өнөөдрийн хамгийн том асуудал болоод байгаа Орос, Украины дайны хямралыг шийдэхэд БНХАУ өөрийн боловсруулсан саналаа тодорхой илэрхийлсээр ирснийг үнэлэхгүй байж болохгүй. Дундын шийдэл олох байх гэсэн хүлээлт бүх хүнд л байгаа байх.

-Энэхүү чуулганы дараа дайны нөхцөл байдал ямар болно гэж үзэж байна вэ?

-Ямартаа ч улс орнууд нэгдсэн байр суурьтай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ мэдээж хэрэг дайныг шууд зогсоох хэмжээний шийдвэр гаргана гэдэг боломжгүй. Хамгийн гол нь олон улсын улс төрийн дэг журмыг эвдсэн энэ мэтийн үйл ажиллагаа дахин гаргахгүй байхад бүгдээрээ анхаарна гэдэгт найдаж байна.

-Орос Украины дайн хэзээ намжих бол?

-За даа, манайхны дунд хэлэлцдэг “Тааж мэддэг таван хаан биш Тамшаалж иддэг тарлан бух биш” гэдгийн адил мэддэг юм шиг хариулбал ёс зүйгүй асуудал болох байх. Ямар нэгэн байдлаар мэддэг юм шиг хариу өгвөл олон нийт шоолно л доо. Нэг л үнэн юм бий. Дайн гэдэг маш их мөнгө, зардал гардаг зүйл. Зардал гэдэг хэзээд хязгаартай зүйл. Энгийн логикоор бодоход “Цэргийн тусгай ажиллагаа” гэх зүйл ингэж сунжирна гэдгийг санаачлагчид нь анхнаасаа тооцоолоогүй гэдэгт итгэлтэй байна.

Амь үрэгдсэн цэрэг дайчдын тоо, жагсаалаас гарсан цэрэг техник зэргийг хоёр тал өөр өөрийнхөөрөө л мэдээлэх юм. Ер нь түүх болж амжаагүй тул дүгнэлт хийхэд эрт байна л даа. Орчин цагт дайны бодит хохирлоо үнэн зөвөөр мэдээлэх нь сайн зүйл дагуулдаггүй гэдэг ойлголт байдаг. Тиймээс хоёр талын мэдээллийг харьцуулж, дунджийг нь харсан нь дээр бололтой, одоохондоо. Улстөрчдийн шийдвэрээр энгийн иргэд, цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байгааг харах хүсэх зүйл биш юм даа.

 

 

3 replies on “Д.Золбоо: Украины Энхтайвны чуулганд Монгол Улс оролцох нь байр сууриа илэрхийлэх том боломж DNN.mn”

ЭНЭ ЮУГАА СОЛИОРООД БАЙНА АА ………….ТЭНЭГ БАЙХ ААААААА…………..

Boliod ogooch balai mini, er ni delhiid yu bolood baigaag medej baigaa umuu ene odoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *