Categories
гадаад мэдээ

Япон: Төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд болзооны апп нэвтрүүлэв DNN.mn

Японы засгийн газар залуучуудыг гэр бүл зохиоход нь дэмжлэг үзүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа ч олон жилийн турш уналттай байсан төрөлтийн түвшин улам буурав. 123.9 сая хүн амтай тус улсад өнгөрсөн онд ердөө 727,277 төрөлт бүртгэгджээ.

Эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин 1.26-аас 1.20 болж буурсан байна. Энэ нь япон эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлэх нийт хүүхдийн тоог дундажласан үзүүлэлт юм. Гэтэл хүн ам тогтвортой байхын тулд төрөлтийн түвшин 2.1 байх шаардлагатай. Японд төрөлтийн түвшин хагас зуун жилийн турш 2.1 гэсэн тогтвортой үзүүлэлтээс асар доогуур байжээ.

Сүүлийн жилүүдэд тус улсад нас баралтын тоо төрөлтийг гүйцэж түрүүлснээр хүн амын тоо буурсаар байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2023 онд тус улсад 1.57 сая хүн нас барсан нь төрөлтөөс хоёр дахин их байна. Энэ нь Японы ажиллах хүч, эдийн засаг, нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн бүтцэд асар их сөрөг үр дагавартай.

Цаашилбал, гэрлэлтийн тоо буурч, салалтын тоо өссөн үзүүлэлт ажиглагдаж байна. Өнгөрсөн жил гэрлэлтийн тоо 30 мянгаар буурчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бууралт дор хаяж хэдэн арван жил үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Төрөлтийн түвшин яг одоо нэмэгдлээ ч залуучууд болон ахмад настнуудын хоорондын зөрүү тэнцвэржих хүртэл хүн амын тоо буурсаар байх юм.

Гэсэн хэдий ч засгийн газар үүний эсрэг тууштай тэмцсээр байна. Засгийн газрын холбогдох агентлагууд хүүхдийн асрамжийн газруудыг өргөжүүлэх, эцэг эхчүүдэд орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, зарим хотод хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хосуудад тэтгэмж олгох зэрэг санаачлага гаргажээ.

Мөн нийслэл Токио хотод засгийн газрын дэмжлэгтэйгээр болзооны аппликейшнийг ажиллуулж эхлэх болжээ. Тус аппликейшн одоогоор туршилтын эхний шатандаа байгаа бөгөөд энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад орно. “Гэр бүлтэй болохын тулд энэ аппликейшнийг эхний алхам болгон ашиглаарай” гэж програмын албан ёсны цахим хуудсанд бичжээ.

Энэхүү програм нь тэрбумтан Элон Маскийн анхаарлыг хүртэл татсан байна. Тэрбээр өмнө нь Япон улс ямар нэг арга хэмжээ авахгүй бол удахгүй устаж алга болно гэж анхааруулж байсан юм. Тиймээс энэ асуудлын ач холбогдлыг Япон улс хүлээн зөвшөөрсөнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *