Энэ онд нийслэлийн хэмжээнд 244 байршилд 9943 метр хашааг буулгана. Өнөөдрийн байдлаар 135 байршилд 4130 метр хашааг буулгасан. Тухайлбал,
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, бетонон суурьтай 57 метр төмөр хашаа
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 43 метр төмөр хашаа
- Сонгинохайрхан дүүргийнийн 37 дугаар хороо, Зорчигч тээврийн нэгтгэлийн баруун талд 71 метр төмөр хашаа зэргийг буулгажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Энэ хүрээнд “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.
Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөгөө батлаагүй тохиолдолд барилгын зөвшөөрөл олгохгүй байх
- Хур хог үүсдэг байршлуудад камер суурилуулах
- Гар дээрх худалдааг цэгцлэх
- Лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах
- Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх
- Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.