Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбат: Иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас иргэд галт зэвсэг эзэмших талаар тодрууллаа.


-Та саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр иргэддээ галт зэвсэг олгох ёстой тухай ярьсан. Тэр яриа тань цахим орчинд нэлээд маргаан дэгдээгээд байна. Яагаад чухам энэ тухай хөндөх болсон юм бэ?

-Чуулганы хуралдаан дээр хууль хэлэлцэж байх үед хэлсэн үгийг маань хүмүүс цахим орчинд түгээж байх шиг байна.

Ер нь харж байхад манай улсын нийгэм маш хүнд байна шүү дээ. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулна гээд Үндсэн хуульдаа заасан хэрнээ төр засаг нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Энэ үүргээ биелүүлэхгүй байгааг өдөр тутам сэтгэл сэртхийлгэсэн мэдээллүүдээс бэлээхэн харж болно. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл газар авлаа. Саяхан шөнө дунд нүцгэн хүүхэд цахилгаан шатанд явж байна л гэсэн.

Иргэнээ хамгаалах тангараг өргөсөн цагдаа нар нь бага насны хүүхдийг бүлэглэн хүчирхийлсэн гэмт хэрэг гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай явлаа. Энэ мэтчилэн байж болшгүй, хүний санаанд оромгүй зүйлс их болж байна. хувь хүний бүхий л мэдээлэл төрийн мэдээллийн санд байдаг. Гэтэл төр төлөөлж байгаа, мэдээллийн санд чөлөөтэй нэвтрэх эрх бүхий хүмүүс нь тухайн мэдээллээр нь дарамталж, иргэдийнхээ эрхийг зөрчих нь хэрээс хэтэрлээ. Төр өөрийнхөө хийх ёстой ажлыг хийхгүй, иргэдээ хамгаалахгүй байгаа учраас иргэн хүн өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй гэж би үзэж байгаа. Уг нь манайхыг чинь бараг л цагдаажсан улс гэдэг. харамсалтай нь өнөөх олон цагдаа нь иргэдээ хамгаалахгүй байна. Бидний жишээ авах дуртай дэлхийн хөгжилтэй орнуудад бол насанд хүрсэн л бол галт зэвсэг эзэмших эрхтэй байдаг. Хүчтэй, сул дорой, хөгшин, залуу гэж ялгарахгүйгээр нэг түвшинд аваачиж тавьдаг зүйл нь галт зэвсэг гэж үздэг. эрүүл саруул, буутай яаж харьцах, хэрхэн хадгалах тухай сургалтад суусан хүмүүст чөлөөтэй эрхийг нь олгодог. Төр нь иргэдээ хамгаалах ажлаа хийж чадахгүй бол буутай болж байж иргэд нь өөрсдийгөө хамгаалдаг. Бүр дээр үеэсээ эхлээд л ийм байсан.

-Хүссэн бүхэн нь буутай болчихоор элдэв асуудлууд үүсч, гудамжиндаа буудалцаад эхлэхгүй юу?

-Манай монголчууд дээр үеэсээ эхлээд л айл бүрд нум сум, сэлэм нь байдаг байсан. Одоо ч гэсэн гал тогоонд нь хүйтэн зэвсэг гэж үздэг хутга, заазуур ч байж л байгаа шүү дээ. Тэглээ гээд биенээ хутгалаад сүйд болоод байгаа юм алга. Түүн шиг буутай болохоор хэн дуртайгаа буудаад байна гэж байхгүй. Хэвшмэл ойлголттой зарим нь гудамжиндаа гараад л буудалцаад байх юм шиг ярьж байна.

Нэг хэсэг нь ойлгож байгаа ч албаар мушгин гуйвуулж ч байх шиг байна. Өнөөдөр хөдөөгийн малчдын гэрийн хананд нэг буу өлгөөтэй л байдаг. Тэгж байж мал сүргээ чоно нохой, хулгайч нараас хамгаалж, тэр хэрээрээ гэр бүлийнхээ гишүүдийн ч аюулгүй байдлыг хамгаалдаг. Одоо чинь орчин үеийн дэвшлээр эзэмшигчийнх нь хурууны хээгээр ажилладаг буу хүртэл гарчихсан байна. хамгийн чухал нь буу эзэмших, ашиглах, хадгалахад хүмүүсээ сургах, ойлгуулах хэрэгтэй.

-Буу эзэмших эрхийг өнөөдөр ямар шалгуураар олгодог юм бэ. Хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Мэдээж албан ёсны зөвшөөрөлтэй байж л галт зэвсэг эзэмшдэг. Дээрээс нь галт зэвсгийн татвар гэж тодорхой мөнгийг жил бүр тушаах үүрэгтэй. Мөн тогтмол бүртгүүлж, хэрэв буудсан бол хонгиогоо хүлээлгэж өгдөг. Тэр хонгиог нь цагдаа дээр хадгалдаг гээд тодорхой зохицуулалтууд бий. Гэвч бусад орнууд шиг галт зэвсэг худалдаалдаг тусгай дэлгүүрүүд алга. Тэдгээрийг нь бүртгэлжүүлж, хяналт тавьдаг систем тэр бүр сайн хөгжөөгүй гээд дутагдалтай зүйлс бий. Швейцарийн бүхий л насанд хүрсэн хүмүүс буу эзэмших эрхтэй байдаг. Скандинавын орнуудын ч иргэд нь бүгд буутай. Арми нь дуудахад өөрсдийн зэвсэгтэйгээ ирдэг. хүн ам цөөтэй улс орнууд ийм л байдаг. Украин улс л гэхэд сая бүх иргэддээ автомат буу тарааж өгсөн. израиль улсад мөн ялгаагүй бүгд л буу эзэмшиж, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй цэргийн алба хаадаг. Учир нь иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй. Манайх бол хоёр хөрштэйгөө найрсаг харьцаатай, харьцангуй тайван улс орон. Гэвч эрхүү, Улаан-үд зэрэг хил дагуу хотуудад хар тамхины хэрэглээ өндөр. Ноднин жил Оросын нэг залуу манай улсад нэг хүнийг цохиод алчихсан тохиолдол ч гарсан.

-Эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгөөд иргэддээ галт зэвсэг эзэмших боломжтой болгох цаг үе нь мөн гэж бодож байна уу?

-Бид чинь бараг зуугаад жил төр засаг мэднэ, бүх зүйлийг шийднэ гэж явж ирсэн улс. Тийм болохоор хүмүүсийн энэ талын ойлголт тааруу байна. Авлигад өртсөн засаг төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж чаддаггүйг бид сүүлийн жилүүдэд хангалттай харлаа.

Иргэдийн маань бараг 70 хувь нь боломж гарвал гадагшаа явах хүсэлтэй гэсэн судалгаа ч гарсан байна лээ. энэ чинь аюулгүй орчин нөхцөл хангагдахгүй байгааг л нэг талаараа илэрхийлээд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр цаг үетэйгээ уялдуулаад иргэддээ мэдлэг мэдээлэл өгч, сургалт явуулж, буу эзэмших эрх олгодог байдал руу явах л хэрэгтэй.

 

One reply on “Д.Ганбат: Иргэд өөрсдийгөө аюулаас хамгаалах эрхтэй DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *