НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хойд Атлантын эвслийн орнуудыг Киевт өгсөн зэвсгээр ОХУ-ын нутаг дахь цэргийн объект руу довтлохыг зөвшөөрөхийг уриалжээ.
Тэрээр “Харьков мужид эхлүүлсэн Оросын довтолгоо нь Украинд барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг Оросын нутаг дэвсгэр дэх хууль ёсны цэргийн бай руу дайрах зөвшөөрөлгүй байгаатай холбоотой нь тодорхой байгаа учир холбоотон орнууд үүнийг анхаарч үзэх цаг болсон” гэж хэлжээ. Тэрээр уриалгадаа ямар нэгэн улс орныг нэрлээгүй ч “The Economist” сэтгүүлд бичсэнээр Столтенберг Украинд гол хандивлагчдын нэг АНУ-д хандаж байгаа юм байна. Учир нь АНУ-ын Конгресс дээр АНУ-аас өгсөн зэвсгээр Украин Оросын нутагт цохилт өгөхийг зөвшөөрөх тухай маргаан ойрын өдрүүдэд ид өрнөж байгаа юм. Мөн Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн Европын орнуудыг “Украинд Европын холбоотнууд нь нэг сая их бууны сум амласан. Гэтэл энэ амлалт биелэхгүй байгааг бид харж байна” хэмээн шүүмжилсэн байна.
Үүний зэрэгцээ, Столтенберг Умард Атлантын холбоо Орос Украины дайныг хурцатгах, Европт Орос, НАТО хоёрын хоорондох бүрэн хэмжээний дайн болж хувирахыг эрмэлзээгүй гэдгийг дахин нотлоод НАТО-гийн хуурай замын цэргийн хүчийг Украин руу илгээх боломжийг үгүйсгэж “Энэ бол бидний төлөвлөгөө биш” гэж хэлжээ