Categories
гадаад мэдээ

Михаил Ходорковский шуугиан тарив DNN.mn

Өнгөрсөн амралын өдрүүдийн гол шуугиан Оросын бизнесмэн, сөрөг хүчний удирдагч Михаил Ходорковский Берлинд болсон олон улсын бага хурал дээр “Украин дайнд бараг ялагдсан” гэж мэдэгдсэн явдал болов. Тэрээр үүнийгээ “Ерөнхийлөгч Путин зэвсэгээ барууны орнуудаас хамаагүй бага зардалтай үйлдвэрлэж байгаа нь Орос барууны орнуудаас хамаагүй их мөнгө зарцуулж байна гэсэн үг. Үүнийг энгийн тоогоор илэрхийлбэл, В.Путин дайнд жилд 120 тэрбум доллар зарцуулдаг бөгөөд энэ нь ДНБ-ний 5.4 хувь болж байна. Харин Оросын 152 мм-ийн их бууны нэг сум 500 ам.доллар бол барууны 155 мм-ийн их бууны нэг сум 5000-8000 ам.доллар. Европ Украинд үзүүлсэн тусламж дайны хоёр жилд 88 тэрбум доллар болсон нь ДНБ-ний 0,25 хувь юм. Энэ янзаараа украинчууд Харьковыг энд онд, ирэх онд Одессыг алдах болно” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл цэргийн шинжээч, Австрийн армийн жанжин штабын офицер Маркус Райснер “Өнөөдөр туйлдуулах дайн явагдаж байна. Харин барууны улсууд энэ юу гэсэн үг болохыг ойлгохыг огт хүсэхгүй байна. Туйлдуулах дайнд цэрэг зэвсгийн нөөц бүх асуудлыг шийддэг болохоос ямар нэг газар нутаг эзлэх, алдах явдал гол зүйл биш. Энэ нь дайтаж буй талуудын аль нэг нь нөөцгүй болж ялагддаг гэсэн үг. Бид 800 гаруй хоног үргэлжилж буй дайнаас Орос улс нөөцөө улам бүр нэмэгдүүлж,Путин давуу байдал олж авч байгааг харж байна. Энэ нь Украиныг дайнд ялагдахгүйн тулд барууны орнууд илүү их зэвсэг нийлүүлэх шаардлагатай байна гэсэн үг” гэж хэлжээ.

Мөн нэрт эдийн засагч, ОХУ-ын Сангийн дэд сайд асан Сергей Алексашенко ч Украины талаарх Ходорковскийн туйлын гутранги үнэлгээтэй санал нэг байна. Тэрээр “Путин ямар нэгэн хязгаар, саадгүйгээр мөнгөө Украины дайныг дэмжихэд зарцуулж байна. Харин барууны улсууд Украинд амласан мөнгөө л өгч байна. Энэ дайн бол тулж буй талуудын боломжийн халз тулаан юм. Ялангуяа Украинд болж буй зовлонтой удаан үргэлжилж буй дайнд энэ маш чухал хүчин зүйл. Энэ онд Одесс унана, унахгүй гэж мөрийцөж болно. Гэтэл хэргийн учир нь Украины армид ядаж тулааны санаачлалгыг авах ямар ч нөөц боломж өнөөдөр алга байна” гэжээ.

Харин Зүүн Европ судлаач, Инсбрукийн их сургуулийн профессор Герхардт Манготт “Нэг талаасаа Ходорковскийн тооцоо зөв. Учир нь Барууны улсууд болон Оросын дайнд зарцуулж буй мөнгөний зөрүү хэт их байна. Гэхдээ би түүний гунигтай таамаглалтай санал нийлэхгүй. Учир нь Барууны дэмжлэг энэ хэвээр үргэлжилсэн ч гэсэн Орост барууны дэмжлэгийн эсрэг Харьков, Одесс мужийг эзлэх материаллаг, нөөц хүч чадал байхгүй” гэжээ. Мөн профессор Герхардт Манготт “Ходорковскийн шүүмжлэлийг үндэслэлтэй, зөв зүйл гэж би үзэж байна, Учир нь Ходорковскийн саяхны хэлсэн үгийн зорилго нь барууны засгийн газруудад шахалт үзүүлж, Украинд илүү ихийг өгөх шаардлагатай байгааг сануулсан явдал” гэж онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *