Хүн бүрийн амьдралын туулсан зам мэдээж өөр байдаг. Гэвч бид бүгд яг адилхан баярлаж, гомдож, шаналдаг. Аав, ээжийн сайн хүү, охин, ах, эгчдээ сайн дүү нь, ханьдаа халамжтай, хүүхдүүддээ сайн эцэг, эх байхыг л хүсдэг. Магадгүй хүн байхын хамгийн зөв зам нь энэ байх.
Саяхан хорь гаруйхан настай жирэмсэн эмэгтэй амиа хорлохыг завдсан. Азаар ОБЕГ-ын алба хаагч аварсан. Амьдрал гэгч далайд дөнгөж хөл тавьж буй тэр бүсгүйн толгойд юу эргэлдэж байсан бол…?
Бид хэн нэгний гутлыг өмсөөд амьдарсан замаар нь алхаагүй бол алдаа оноог нь шүүх хэрэг байна уу? Хүн бүрийн туулах зам дардан байдаггүй шүү дээ. Өгсөж, уруудах тэр замаа өөр өөрийн аргаар хүн өөрөө л туулдаг. Хийсээд өнгөрөх хоромхон зуурт бид нэгэндээ амиа хоролтол нь хатуурхаад юу хожих юм бол.
Зарим хүмүүс нэг л амьдрах насандаа юугаа хийх нь хэнд хамаатай юм гэдэг. Яг үнэндээ бид бүгд нэг л үхнэ. Харин өдөр бүр амьдарч байдаг. Өчигдөр гомдоосон хүнээсээ маргааш нь уучлалт гуйх боломж бидэнд байна. Ээж, аавтайгаа хүндэтгэлгүй харилцдаг, найз нөхдөө муулж явдаг, эмэгтэй хүнд уураа гаргадаг, хариуцлага хүлээх чадваргүй, хүндлэл гэж мэдэхгүй, ухамсар дорой хүмүүс юуны төлөө амьдарч байгаагаа эргээд нэг хараасай. Настай хүмүүс хэлдэг дээ. Аав, ээжийгээ амьд байхад нь анхаарч хайрлаарай гэж. Хүн гэх ховорхон хувь заяаг олж төрсөн шүү хэдүүлээ. Болж л өгвөл нэгнээ дэмжээрэй. Хүндлээрэй. Хайрлаарай.