Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Бавуудорж: Миний охин сайн барилдаад, ямар ч байсан медаль авчих байх аа л гэж бодож байсан DNN.mn

АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн Жүдо бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Импери” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү дэлхийн аварга болсон билээ. Тэрбээр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын зургаа дахь жүдоч болж буй юм. Мөн тэрээр энэ оны Улсын аварга, ААШТ-ний аварга, Душанбе Их Дуулгын аварга, Дэлхийн аварга гээд дөрөв дараалан түрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Түүний аав А.Бавуудоржтой энэ талаар ярилцлаа. 


-Танд юуны өмнө нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе. Охин нь Дэлхийн аварга боллоо. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-За Баярлалаа. Танай хамт олон болон бидэнд баяр хүргэж буй хүн бүрд талархлаа илэрхийлье. Охин маань алтан медаль авсанд би их баяртай байна. Мөн охиндоо баяр хүргэе. Багш, дасгалжуулагчид нь баяр хүргэе. Сэтгэгдэл маш өндөр, сайхан байна.

-Охиныхоо барилдааныг үзээд сууж байхад танд юу бодогдож байв?

-Сүүлийн барилдаан дээр ах дүү, хамаатан садан бүгд манайд цугласан л даа. Ээж, хүүхдүүд маань ирээд хамтдаа охиныхоо аваргын төлөөх барилдааныг нь үзлээ. Яг барилдаж эхлэх үед ээж нь дээлийнх нь захыг мушгиад л, би хамаг биеэ чангалаад л амьсгалаа түгжих шахам анхааралтай сууж үзсэн. Охиноо дэлхийн дэвжээн дээр барилдахыг нь хараад хайрлаж, өрөвдлөө. Охин минь Дэлхийн аварга болоход сэтгэл их хөдөлсөн. Охиноороо бахархах, огших сэтгэл өөрийн эрхгүй төрж, тэр шөнөдөө нойр ч хүрээгүй, унтаагүй. Манай гэрийнхэн болон дүү нар нь бүгд баярын нулимстай сууцгаасан. Нутаг усныхан төдийгүй хүн бүр залгаж, мэндчилгээ дэвшүүлээд, шөнөжингөө баярлаж хоносон.

-Та охиноо энэ удаа дэлхийн аварга болно гэж бодсон уу?

-Яг ч дэлхийн аварга болно гэж бодоогүй ээ. Миний охин сайн барилдаад, ямар ч байсан медаль авах байх аа л гэж бодож байсан. Охиндоо маш их баярлаж байна. Манай охин энэ жил бэлтгэл сайтай, он гарсаар дөрөв дэх медалиа авлаа. Удахгүй болох олимпод ч охиноо амжилттай сайхан барилдаасай гэж бодон, залбирч сууна. Охиндоо итгэж байгаа. Охиноо олимпийн дэвжээн дээрээс харна гэдэг бас л их хувь заяа юм.

-Охин нь жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Бид сүртэй ч дэмждэггүй, өөрийнхөө сонирхлоор дуртай зүйлээрээ хичээллээд өдий хүрч байна. Жүдо бөхөөр хичээллэж, Улсын шигшээд ороод хоёр, гурван жил болж байна. Анх бол өөрөө самбо бөхөөр хичээллэж байсан. 2019 онд самбо бөхөөрөө Дэлхийн цомын аварга болж байсан. Түүний дараа багш нарынхаа зөвлөснөөр жүдо бөхөөр хичээллэх болсон.

Түүнчлэн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, Алтан гадас одонт, Монгол Улсын шилдэг багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нартаа анх охиныг минь бөхийн спортод чиглүүлж, дурлуулсан эрхэм хүмүүстээ баярлалаа гэж хэлье.

Мөн охинд минь тусалж, үргэлж дэмждэг багш, дасгалжуулагчид, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Импери” группийн хамт олонд төдийгүй бүх хүнд баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна.

-Нэлээд даруухан охин шиг санагдсан. Хувь хүн талаасаа охин нь ямар хүн бэ?

-Даруухан, дуу цөөтэй, хүнд тусархуу зантай. Аав, ээжийнхээ үгнээс гардаггүй, өөрийнхөө хийх ажлыг өөрөө мэдээд хийчихдэг тийм л хүүхэд.

-Б.Баасанхүү айлын хэд дэх хүүхэд вэ?

-Манай ууган охин. 1999 онд төрсөн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь охин, хоёр бага нь хүү юм.

-Та сумын начин цолтой гэсэн. Удам дамжсан бөх төржээ?

-Би бөх сонирхож яваагүй. Суманд нэг удаа барилдаад тав давсан юм. Миний ээжийн талд Годон Дампил гэж аймгийн арслан хүн байсан. Миний ээж, хөгшин аавын талынхан Хөвсгөл аймгийн Түнэл сумаас гаралтай хүмүүс л дээ.

-Охин нь Монголдоо хэзээ ирэх вэ?

-Дөнгөж сая охинтойгоо ярилаа. Бэлтгэлээ хийж дуусаад байж байна гэнэ. Бид Хөвсгөлийн Мөрөнд ажиллаж, амьдардаг. Тиймээс аав нь хотод очиж, тосч авах уу гээд л охинтойгоо ярилцлаа. Б.Баасанхүү энэ сарын 23-нд Монголд ирнэ.

Л.Минжмаа

4 replies on “А.Бавуудорж: Миний охин сайн барилдаад, ямар ч байсан медаль авчих байх аа л гэж бодож байсан DNN.mn”

Дүүдээ улам их амжилт хүсэе амжилт

Олимп дуустал наад охиноо түр мартаа хүн сүргүүдээ, та нар хорлохоос өөр шид бүтээхгүй шүү

Хөдөө төрж өссөн хүүхдүүд цаанаа л өөр хүчтэй самбаатай дайчин !

Сонгуулийн сурталгаанаас хол байгаарай бэлтгэлдээ гарсан нь дээр шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *