Categories
мэдээ спорт

Шинэ зууны анхны үнэмлэхүй аварга Усик DNN.mn

Мэргэжлийн боксыг төлөөлдөг том жижиг олон байгууллага байдаг. Тэр дотроос нэр хүнд, түүх уламжлал, цар хүрээнийхээ хэмжээсээрээ ялгардаг дөрвөн том байгууллага бий нь WBC, WBA, WBO, IBF нар билээ.

Тэдний аль нэгнийх нь нэрийн өмнөөс тоглож оргилд нь хүрсэн боксчин өөрийгөө шууд л дэлхийн аваргаар зарлаж бүсээ мөрлөдөг жамтай. Харин бүгдийнх нь өмнөөс зодолдоод бүх бүсийг нь эзэмшсэн боксчин(үнэмлэхүй жинд) гаралгүй даруй 25 жил өнгөрчээ. Тэртээ 1999 онд Леннокс Льюис Эвандэр Холифилдыг буулган авч бүх бүсийг зэрэг эзэмшиж байснаас хойш дахин тохиолдоогүй үйл явдал өнгөрөгч амралтын өдөр өрнөлөө. Дөрвөн бүсийн төлөө WBC-ийн аварга Ирландын Тайсон Фьюри, бусад бүсүүдийн эзэн Украины Александр Усик нар тулсан юм.

Энэ хоёр боксчин рингэн дээр учрах гэж за бас овоо гайгүй урт зам, цаг хугацааг өнгөрөөжээ. Тэртээ 2021 оны намар тэр хоёрын менежерүүд уулзан тулаан зохион байгуулах талаар тохиролцож байсан юм. Гэхдээ яг ажил хэрэг болгоод цаасан дээр гэрээгээ буулгаад тодорхой цаг хугацаа товлосон үе нь 2023 он юм. Бүр тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 23-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зодолдоно оо гээд үзэглэчихсэн байсан боловч Фьюригийн өмнөх тоглолтын дууссан хугацаа хэтэрхий ойрхон байж таараад магадлангаараа бол дараагийн тэмцээн хүртэлх зай эмч нарын зөвшөөрөл олгох хэмжээсэнд хүрээгүй тул 2024 оны хоёрдугаар сарын 27 болгон өөрчилсөн. Гэвч хоёрдугаар сарын 2-нд Фьюри бэлтгэлийн үеэр хөмсөгний задрал авч гэмтсэн тул уг тулаан дахин хойшилж өдгөөг хүрсэн билээ. Нэг иймэрхүү овоо гайгүй зовлон бэрхшээлийг туулсан тэмцээн эцэстээ биеллээ олж Арабын хойгт бокс сонирхогчдыг бултаар нь цуглууллаа.

Тайсон Фьюри, Александр Усик нар 12 үеэ дуустал зодолдсон. Эхний үеүдэд Усик илүү оноотой байсан бол дунд болон төгсгөл үеүдэд ирланд боксчин давамгайлсан гэж портоколд буусан байх. Тэгвэл ялалт яагаад Усикт очдог билээ. Яагаад гэвэл есдүгээр үед Тайсон Фьюри нокаутанд орсон учраас. Тийм ч учраас шүүгчдийн шийдвэр тун ойролцоо гарлаа. Эхний шүүгч 115-112 гэсэн оноог Усикт, хоёр дахь нь 114-113 оноог Фьюрид өгч гурав дахь нь 114-113 гэсэн оноог Усикт өгснөөр украин залуу 37 насандаа хэр баргийн боксчны хүрч чаддаггүй оргилд гарч чадлаа. Мэдээж Фьюри дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, түүний ялалтыг хулгайллаа, заавал хариу тоглолтыг нэхэх болно гэсээр үлдсэн. Гэрээндээ ч ялагдсан нэг нь реванш тоглолт нэхэх эрхтэй гэж заасан юм билээ. Тиймээс энэ хоёрын ээлжит тулаан хэзээ ч юм нэг зарлагдах нь ойлгомжтой үлдлээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *