Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Уртнасан: Ардчилсан нам ямар ч тохиолдолд төрийн данхар бүтэц бий болгохын эсрэг байх болно DNN.mn

Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН-ын хувьд нэгдмэл цул болоод мөн бүтэц зохион байгуулалтад ороод удаагүй байна. Одоо сонгууль хаяанд ирлээ. Намын дэд даргын хувьд танай нам сонгуульд оролцоход бэлэн үү?

-Сонгуульд манай нам оролцоно. Боломж үргэлж оршиж байдаг болохоор Ардчилсан нам сонгуульд үр дүнтэй оролцох боломжийг Намын бүх шатанд эрэлхийлж, ажилласаар ирсэн. Бидний хичээл зүтгэл өдрөөс өдөрт сайн үр дүнд хүрч байна.

Ардчилсан нам сонгуульд оролцоход бэлэн байгаа, харин Та сонгогчийн хувьд Улс орондоо өөрчлөлт хийж чадах сэтгэл, зүтгэлтэй хүмүүсээр шинэ Төр, засгийг бүрдүүлэхэд оролцож, сонгуульд саналаа өгөхөд бэлэн үү гэж асуух нь энэ цагт илүү чухал байж магадгүй.

-Сонгууль бол нэг талдаа улс төрийн намуудын дундах өрсөлдөөн байдаг. Өрсөлдөөн бүхэн тэгш гараанаас гарч байж шударга явагдана. Энэ сонгуульд улс төрийн намууд тэгш гараанаас гарч чадаж байна уу?

-Төр, засгийн эрх мэдлийг хяналтгүй найман жил гартаа авч, Концесс, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг санхүүжилтээр дэмжих сан ЖДҮболон Засгийн газрын бусад тусгай сангуудыг цөлмөж, Нүүрсний хулгайгаар гаршиж, Ковидын үеийн төсвийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулж, бүх шатанд авлигыг цэцэглүүлсэн Эрх баригчидтай тэгш гарааны тухай ярих ямар ч боломжгүй юм. Тэд төсвийн эрх мэдэлтэй, төрийн өмчийг эзэгнэж, хэвлэл мэдээллийн хаалтын гэрээнд дулдуйдаж, сонгуульд оролцох гэж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний сургагч багш нэрээр төрийн албан хаагчдыг сонгуулийн “ухуулагч” болгож, төсвөөс үйл ажиллагааны зардлыг гаргаж бүх сумдад ажиллуулах мөртлөө бусад намаас сонгуульд нэр дэвшихийг горилогчдыг иргэдтэй уулзаж ярилцахыг хуулиар хориглох жишээний тэнцвэргүй нөхцөл байдалтай л байна. Бусад намууд сонгогчдынхоо улс орноо өөрчлөх гэсэн хүсэл эрмэлзэлд л итгэл найдвар тавьж сонгуульд оролцох болж байна.

-Сонгуулийг шударга, будлиангүй явуулахад юу чухал вэ?

-Сонгуулийн бүх шатанд Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал юм. Сонгуулийн бүх л үйл ажиллагааг төр, түмнийхээ төлөө үнэнч шударгаар ажиллахаа тангарагласан Төрийн албан хаагчид зохион байгуулж байгаа. Хууль ёс, ил тод, хариуцлагатай байдлыг зарчим болгосон өндөр мэргэшсэн, төвийг сахисан төрийн албыг төлөвшүүлэх нь сонгуулийг шударгаар явуулах үндсэн нөхцөл юм. Аль нэг нам сонгуульд ялахаас илүүтэй, ард түмний санал, оролцоо бүрэн туссан сонгууль болох нь чухал гэсэн хандлага, зарчмаар сонгуулийг зохион байгуулахыг хичээх ёстой.

-Эдийн засаг өсөлттэй байгаа талаар эрх баригчид дээр дооргүй ярьж байна. Гэтэл өрх иргэнд мэдрэгдэх өсөлт одоог болтол дорвитой харагдахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Өнгөрсөн оны байдлаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5800 ам.долларыг давсан. Гэвч ядуурал хүн амын 1/3-ыг хамарч, ажил хөдөлмөр эрхлэхээр гадаад уруу нүүдэллэж буй залуусын цуваа үргэлжилсээр, улам нэмэгдсээр байна. Баян, ядуугийн ялгаа хэт их болсон. Энэ бүхний гол шалтгааныг “байгалийн баялгийн өгөөжийг цөөн хүмүүс хяналтандаа авсан, хөдөлмөр, цалин хөлсний үнэлгээ хэт бага, тэтгэвэрийн хүрэлцээгүй, төгрөгийн худалдан авах чадварын уналт” гэж харж байна. Эрх баригчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээ найман жилийн дотор зургаан удаа сольжээ. Ийм тогтворгүй бодлого, үйл ажиллагааны балаг нь өнөөгийн ядуурал, ажилгүйдлийн шалтгаан, “хүндээ хүрдэггүй эдийн засгийн өсөлт”-ийн шалтгаан гэж дүгнэж байна. Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээмжтэй байж чадахгүй тохиолдолд эдийн засгийн тэгш бус өсөлт буюу харгис өсөлт гэж үздэг биз дээ.

-Таны хувьд улс төрд олон жил явсан хүн. АН-ыг Засаглаж байх үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдож байсан хүн. Тэр утгаараа нийгмийн даатгалын сан, саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа байх. Үндэсний баялгийн сангийн талаар таны байр суурь ямар байна вэ?

-Хуримтлал бий болгох хандлага, дадал, соёл эзэмшинэ гэдэг хувь хүн төдийгүй улс үндэстний хувьд асар том дэвшил юм. Ямартаа ч Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болж, улс үндэстнээрээ өнөөдрийн зардлыг санхүүжүүлэхээс илүүтэй маргаашийн төлөө хуримтлал бий болгох гэж зорьж буй нь сайн хэрэг. Хуримтлал буюу баялгийн санг бий болгох, сангийн хөрөнгийн менежментийг бүрдүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шат дараалсан олон зорилтуудыг давж, сайн үр дүнд хүрнэ. Энэ бүхэн монголчууд биднээс илүү их мэдлэг, маш их хариуцлага ба ёс зүйг шаардах болно. Тиймээс төрд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс ус агаар шиг хэрэгтэй байна. Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүхэнд тэгш, шударга хүртээх нь Монгол төрийн нэн чухал бодлого байх ёстой гэж Ардчилсан нам үзэж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бүрдүүлэх асуудлаар парламентад суудалтай намуудтай хамтран ажиллаж, зохих үр дүнд хүрч байна. Ардчилсан нам цаашдаа өнөө үеийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд дараа үеийн хүмүүсийн хэрэгцээг хангах боломжийг алдагдуулахгүй байх хөгжлийн бодлого баримтлахыг чухалд үзэж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэл Монголд хэт өндөр, нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа дампуу явж байна гэдэг. Бусад өндөр хөгжилтэй орнуудын жишиг ямар байдаг вэ. Бид яавал тэр жишигт хүрэх вэ?

-Эхлээд Нийгмийн даатгалын шимтгэл нь татвараас эрс ялгаатай ойлголт гэдгийг сануулмаар байна. НДШ нь ямар хэмжээгээр төлөхөөс даатгуулагчийн өнөөгийн болон ирээдүйн нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдаж байдаг, шууд өгөөжөө өгдөг мөнгөн төлбөр. Манайд, НДШ нь ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч, 20-22 хувь байдаг. НДШ-ийг хөдөлмөрийн хөлснөөс 20 хувиас дээш тооцож авдаг улс орнуудаас дурдвал Хятад, Испани, Итали, харин 10-20 хувийн хооронд тооцдог улсууд бол Герман, Швед, Финлянд, Грек, Австри, 10 хувиас доош хувиар тооцдог Франц, Япон, АНУ, Канад зэрэг орнууд байна. Эдгээрээс харахад НДШ-ийн хэмжээ манайд хөгжиж буй улс орнуудын түвшинд байгаа юм. Улс орнууд хөдөлмөрийн насны хүн амын тоо, хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ, хүн амын дундаж наслалт зэрэг параметрээс хамааруулж, НДШ-ийн хэмжээг тогтоодог юм. Нийгмийн даатгалын санг тойрсон шүүмжлэл, буруу ташаа ойлголттой таарч л байдаг юм. Би энэ салбарт 10 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, асуудлын дунд нь явсан хүний хувьд “бид хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийсэн”, “эхийн нь эцээгээгүй, тугалыг нь тураагаагүй” гэсэн дүгнэлттэй явдаг. Өнөөдрөөс илүү үр дүнд хүрэх боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь сүүлийн 30 жилд манай Засгийн газрууд дунджаар 1.5 жилийн настай байлаа шүү дээ. Тийм болохоор урт хугацааны дорвитой шинэчлэл хийх улс төрийн нөхцөл бүрдээгүй юм. Чамлахаар чанга атга гэж, 2022 оны байдлаар монголчуудын сүүлийн 22 жилийн хугацаанд Тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлал 27 их наяд төгрөгт хүрсэн. Тэр хуримтлалыг нь тэтгэвэр тавих эх үүсвэр болгосоор байна. Ирээдүйд Засгийн газрын өмнө тэтгэврийн даатгалын нэрийн дансны үлдэгдлийг мөнгөжүүлэх үүрэг хүлээгдэж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог дэлхийн жишигт хүргэхийн тулд шинэчлэлийн олон зорилтуудыг дэвшүүлж, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал юм.

-Сүүлийн жилүүдэд улс орны авлига, ардчиллын индекс гээд юм бүхнээрээ ухарч байна. Яагаад эрх зүйн орчинг нь өөрчлөөд тогтолцоог нь засаад байхад авлига өсөөд байна вэ. Та үүнийг улстөрчийнхөө хувьд юу гэж дүгнэх вэ?

-Манай улс 2023 онд Авлигын төсөөллийн индексээр 180 орноос 121 дүгээрт жагсаж, өмнөх жилийнхээс таван байраар ухарсан. Шуудхан хэлэхэд, манайд сонгуулийн зардал өндөр байна. Өндөр өртгөөр сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн улстөрчид, тэдний шийдвэрээр томилогдсон төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгах боломжтой юу гэдэг асуултын хариулт нь авлигаас ангижрах шийдэл юм. Авлига нийгмийн бүхий л хүрээг хамарсан гамшигт үзэгдэл, хорт хавдар болсон гэж олон нийт ойлгож, дүгнэж байна. Эрх зүйн орчинг сайжруулахын зэрэгцээ, улстөрчдийн ёс зүйн хариуцлагыг сайжруулах нь нэн чухал юм. Мөн мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлж, төсвийн зарцуулалтад олон нийтийн зүгээс хяналт тавих хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж өгөх гэж боддог.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж байгаа. Таны хувьд энэ бүсчилсэн хөгжлийн бодлого цаг үеэ олсон өөрчлөлт гэж харж байна уу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог сонгож, мажоритар аргаар сонгох тойргийг бүсчилсэн хэлбэрээр томсгон зохион байгуулсан нь энэ удаагийн УИХ-ын сонгуулийн гол онцлог юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлал нь аль 23 жилийн өмнө 2001 онд УИХ-аар хэлэлцэн баталсан үзэл баримтлал шүү дээ. Асар их цаг хугацаа, төсөв зарцуулж, асар их алдагдсан боломжийн өртгөөр хийх гэж буй өөрчлөлт гэж би харж байна. Харин Бүсчилсэн хөгжлийн тухай үнэхээр ярьж байна уу, Эрх баригчид нэг удаагийн сонгуулиар Төр, засгийн эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд ярьж байна уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. 1990 оны Ардын их хурлын сонгуулиас хойш үргэлжилсэн “жалга дов”-ны улс төрийн сэтгэлгээг халж, арай илүү цараатай бодлого, үйл ажиллагаа явуулахад Бүсчилсэн хөгжлийн бодлого алсдаа өгөөжтэй гэж харж, итгэж байна.

-Таны хувьд энэ сонгуулиар нэр дэвших үү. Ер нь АН-ын дэд дарга нар намын жагсаалтад анхнаасаа орохгүй гэх тохироогоор томилогдсон юм уу?

-Саяхан хуралдсан манай намын Үндэсний бодлогын хорооны хурлаас Ардчилсан намаас УИХ-д сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн баталсан. Уг журамд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаж байгаа тул би нэр дэвших бодолтой байгаа. Сонгуулийн тухай хууль болон Намын Үндсэн дүрмээр Намын дэд дарга нар бусад намын гишүүдийн нэгэн адил жагсаалтаар нэр дэвших эрх нь ч нээлттэй байгаа. Биднийг Намын дэд даргаар томилохдоо УИХ-д нэр дэвших асуудлаар ямар нэг тусгай шаардлага, болзол Үндэсний бодлогын хорооны хурлаас ч, Намын удирдлагаас ч тавиагүй.

-Танай намын хувьд энэ олон дарга нартай байдаг нь ямар учиртай юм бэ. Нам дотроо ийм олон даргатай байхад Засгийн эрх авлаа гэхэд Төрийн бүтцийг улам данхайлгасан бодлого явуулах юм биш биз дээ гэсэн шүүмжлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Манай нам Нийслэлийн есэн дүүрэг, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний хэмжээний бүтэцтэй. Намын нийт 30 дунд шатны байгууллагатай гэсэн үг. Тиймээс Намын анхан, дунд шатны байгууллагуудын үйл ажиллагаанд Намын удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх, гишүүд, дэмжигчидтэйгээ илүү нягт хамтарч ажиллахын тулд Дэд дарга нар намын дунд шатны хоёр байгууллагыг хариуцаж, хамтарч ажилладаг юм. Тухайлбал, миний хувьд Дорноговь, Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын үйл ажиллагаанд удирдлагын дэмжлэг үзүүлж, хамтарч ажилладаг. Манай нам олон дэд дарга нартай байгаа нь удирдлагын нүсэр бүтэц гэхээсээ илүүтэй, гишүүд дэмжигчид, Намын анхан, дунд шатны байгууллагатайгаа илүү ойр дотно, ажил амьдралын гүнд орж ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн юм. Манай нам Улс төрийн хувьд баруун төвийн үзэл баримтлалтай. Баруун төвийн үзэл баримтлалтай намуудын баримталдаг үндсэн зарчмуудын нэг нь цомхон Засгийн газар, Төрийн хязгаарлагдмал оролцоо юм. Тиймээс Ардчилсан нам ямар ч тохиолдолд Төрийн данхар бүтэц бий болгохын эсрэг байх болно. Харин иргэний нийгмийн байгууллагуудын өсөлт, чадамжийг дэмжих бодлогыг түлхүү явуулна.

 

 

One reply on “Ц.Уртнасан: Ардчилсан нам ямар ч тохиолдолд төрийн данхар бүтэц бий болгохын эсрэг байх болно DNN.mn”

Энэ удаагийн сонгууль нь ЭЛБЭГДОРЖИЙН МАФИЙГ УСТГАХ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ ….Ардчилсан Монгол улсын, ардчилсан ерөнхийлөгч асан Ц.элбэгдоржийн маф ард иргэдийнхээ амь, амьдралыг сүйтгэсэн аймшигтай хэрэг үйлдсэн байхад тэр хүнийг өмөөрөөд ,хамгаалаад байгаа АН, түүний удирдлагыг гайхаж байна…энэ хэргийн оролцогчид нь одоо УИХ-д нэр дэвшиж байна гэнэ… элбэгдорж 7-р сарын 1- нд үймээн самуун гаргана гэдгээ элчин асан хүнээрээ ил цагаан зарлаад байгаа….юу болоод байна аа??? !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *