Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэртэй алба сурталчлах өдөрлөг боллоо DNN.mn

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулан “Алба сурталчлах” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болох бөгөөд энэ талаар сурвалжиллаа.

Энд Онцгой байдлын шүхэрчид, гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчдын үзүүлбэрүүдийг олон нийтэд сонирхуулав. Мөн аврах техник хэрэгсэл, нисдэг тэрэг, гал унтраах машин, алба хаагчдын хувцас хэрэглэлийг дэлгэн харууллаа.


Албаны хүчин чадлыг дээшлүүлэхтэй холбоотой шинэ техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид зориулан 130 тэрбум төгрөг төсөвлөжээ.  Үүнд шаардлагатай хувцас техник хэрэгслийг нэмэгдүүлэхээс гадна, алба хаагчдаа мэргэжлийн сургалтад хамруулах, чадварыг нь нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж буй талаар Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.

Энд алба хаагчид шүхрийн буулт хийж, өндрөөс аврах ажиллагаа, гал унтраах техник хэрэгслийн тамирчид гал унтраах дадлага үзүүлбэр хийж, иргэдэд сонирхуулж байлаа.

Иргэд олон нийтэд танилцуулж буй өнөөдрийн үйл ажиллагааны онцлогийн талаар ОБЕГ-ын хэвлэл олон нийттэй харилах мэргэжилтэн, ахмад Б.Цэнд “Өнөөдөр ОБЕГ-ын харьяа анги салбарууд, гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, нийслэлийн онцгой байдлын газрууд ангийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.

Манай отгон байгууллага агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги шүхрийн буулт хийж үзүүлсэн гэх зэрэг үзүүлэх дадлагуудыг зохион байгуулж байна. Мөн онцгой байдлын байгууллагад ажиллах сонирхолтой оюутан залуус, ирээдүйд мэргэжлээ сонгох сурагчдад мэдээлэл өгч байна. Онцгой байдлын 10 гаруй мэргэжил байдаг. Мэргэжил бүр зориулалтын тусгай хувцас, техник эд хэрэглэл, автомашинтай учир тэр бүгдийг ирээд үзэж харах боломжтой байгаа юм. Дэлхийн зөн олон улсын байгууллага, Монголын улаан загалмайн нийгэмлэгүүд гамшгаас хамгаалах анхан шатны зөвлөгөө мэдээллүүдийг иргэдэд хүргэж байна” хэмээн ярилаа.

Харин Үндэсний аврах бригадын эрэн хайх аврах салбарын усчин аврагч, ахлагч М.Оргилчулуун “Онцгой байдлын албанд ажиллаад 5 жил болж байна. Миний ажил мэргэжлийн онцлог бол ард иргэдэд  гамшиг аюул, осол тулгарахад түргэн шуурхай хүрч үйлчлэх ёстой байдаг. Иргэдийн аюулгүй байдлыг хангах нь миний үүрэг. Баяр ёслолын үеэр иргэд амарч зугаалах үеэрээ усанд осолдох асуудал гардаг. Энэ хугацаанд олон хүний амь насыг авран хамгаалсандаа баяртай байна. Нийт мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдадаа 20 жилийн ойн мэндийг хүргэе” гэв.

Говь-Алтай аймгийн онцгой байдлын эрэн хайх, аврах салбарын ахлагч, нохой хөтлөгч н.Сугар “Онцгой байдлын албанд ороод 4 дэх жилдээ ажиллаж байна. Нохойг маань Микки гэж дууддаг. Герман анч нохой. Албанд 3 дахь жилдээ ажиллаж байна. 2021 онд нохойгоо аваад сургасан. Бид хоёр 3 удаагийн аврах, эрэн хайх ажиллагаанд оролцоод байна. Онцгой байдлын байгууллагын маань 20 жилийн ойн нээлтэй хаалганы өдөр тохиож байна. Олон хүмүүс үзэж сонирхохоор ирсэн байгаа нь сайхан байна” хэмээлээ.

 

Г.МӨНХЗАЯА

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *