Categories
мэдээ нийгэм

Импортын татвартай хамт ирээдүйгээ “тэг”-лэх вий  DNN.mn

Засгийн газар өчигдөр гэнэтийн мэдэгдэл хийж, гурилын импортын татварыг тэглэж, харин цементийн импортын татварыг 5% болгон бууруулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ үйлдвэрүүд түлш, түүхий эдээ хангалттай бэлдээгүй гэсэн сонин тайлбараар хаацайлав. Бүтээн байгуулалтын улирал эхэлж, дотоодын үйлдвэрүүд өвлийн гурвансарыг ашиглан түүхий эдээ татаж, их засвараа хийж, их ачааллын улиралд зэгсэн бэлтгэлтэй байсныг юман чинээ тоосонгүй. Гэнэт л ийм шийдвэр гаргасан нь дотоодын үйлдвэрлэгчдийг нухчин дарах бодлого уу, эсвэл сонгуулийн өмнөх популист шийдвэр үү гэдэг нь анхаарал татаж байна.

Одоогоос яг 10 жилийн өмнө “The Oxford Business Group”-т гарсан нийтлэлийг энэ цагт уншихад олон зүйл оройд бодогдоно. “Mongolia secures growth with cement production hike” гарчигтай нийтлэлийн гол агуулга нь Хөтөлийн цементийн үйлдвэр хуучин Зөвлөлтийн техникүүдээ халж, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн тухай байх бөгөөд энд мөн удаах жил нь ашиглалтад орохоор зэхэж буй МАК, Монцемент төслүүдийг нэр дурдаад, хөгжиж буй Монгол бүтээн байгуулалтын гол түүхий эдээр өөрсдийгөө импортоос хараат бусаар хангах цаг нь ирснийг зарлажээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд зарим тодорхой “зөгнөл” биелсэнгүй.

Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр манай улсын цементийн жилийн хэрэглээ 1.8 сая тонн байдаг бол дотоодын 7 үйлдвэрийн нийт хүчин чадал 4.5 сая тонн. Бага ангийн хүүхэд ч бодож чадах энгийн тооцооллоор Монголын цементийн үйлдвэрлэл хэрэглээнээсээ 2.5 дахин их байгаа. Тэгвэл Observatory of Economic Complexity (OEC)-д байх дата мэдээллээр 2022 онд манай улсын цементийн импорт 4.92 сая ам.доллар байсан бөгөөд 96,3 хувийг нь БНХАУ эзэлжээ. Эндээс асуудал эхэлж байна. Үнэхээр асуудал буй гэдэгтэй Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо ч санал нэг буйгаа “Барилгын материал, үйлдвэрлэлийн технологи-2023” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцох үеэр илэрхийлсэн байсан. Тэрээр илтгэлдээ “Аливаа улс хөгжье гэвэл аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай. Хоол хүнс, хэрэглэж байгаа бараа материалаа дотооддоо үйлдвэрлэж, гадагшаа гарч буй валютын урсгалыг зогсоох, цаашлаад экспортод гаргаж валютын урсгалыг нааш татаж, ДНБ-ээ өсгөж, ашиг орлого олох. Эндээс өөр хөгжлийн ямар ч арга байхгүй” хэмээн хэлсэн.

Дэд сайд Э.Золбоогийн хэлж буйгаар манай улсын барилгын материалын импорт 1.2 тэрбум ам.доллар байгаа аж. Бид барилгын материалын хэрэглээнийхээ 63 хувийг импортоор, 37 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Энэ 37 хувь гэдгийн дийлэнх жинг дотоодын цементийн үйлдвэрүүд дарж буй. Дотоодын үйлдвэрлэлийг 63 хувьд хүргэж байрыг нь солих боломж бидэнд бүрэн бий бөгөөд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” ч үүнд чиглэж буй талаар түүний илтгэлд дурдагдаж байсан. Гэтэл 2023 онд 200 мянган тонн цемент урд хөршөөс импортолж, 15 сая ам.долларыг гадагш алджээ. “Энд алдаа үүсэж байна” хэмээн дэд сайд Э.Золбоо хэлээд “Дотооддоо цементийн хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэрүүд байгаа хэдий ч импортоор цемент орж ирж байгаа нь бидний алдаа гэж харж байгаа” хэмээн үргэлжлүүлэв. Улмаар “………..Одоо тэгвэл энэ гааль, НӨАТ-ын татвараа тэглээд зах зээлийн зарчмаар нь өрсөлдүүлээсэй гэсэн гомдлууд их ирж байгаа” тухай ч хэлж амжжээ. Алдаа гэж харж байгаа юм бол яг юунаас болоод байгаа учгийг нь ойлгож тэдгээр асуудлуудыг нь хамтран шийдээд явбал энэ үйлдвэрүүд дороо хөл дээрээ зогсоно. Жилдээ 2 тэрбум тонн цемент үйлдвэрлэдэг БНХАУ-тай зах зээлийн зарчмаар өрсөлдөхийг шаардана гэдэг үндэсний үйлдвэрлэлээ булшилж буйтай ялгаа юун. Шинэ сэргэлтийн бодлого ч мөн гараан дээрээ бүдрэх байлгүй.

Дотоодын үйлдвэрлэгчдэдээ үнийн хатуу дүн тулгаж, ялангуяа төр оролцох нь хэр зохистой вэ гэдэг талаар бид ярих хэрэгтэй. Ковидын далим болон зах зээл дэх бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нэмэгдсэн нь салбар салбарт нөлөөгөө үзүүлж буй. Уул уурхайн экспортод түшиглэсэн эдийн засагтай манай улс нүүрсний үнэ өссөнийг баярлан хүлээж авсан ч энэхүү түүхий эдээр үйлдвэрлэл явуулдаг үндэсний компаниудад энэ нь дарамт болж, хүссэн хүсээгүй үнэд өөрчлөлт оруулахаас аргагүйд хүрснийг үйлдвэрлэгчид ярьж буй. Бодит тоо, зах зээлийн үзүүлэлт ийм байхад дотоодын хэдэн үйлдвэрлэгчээ үнээ буулгасангүй хэмээн урвуулан дарамтлах нь ойлгомжгүй байна.

2022 онд цементийн үнэ гол ярианы сэдэв болсон. “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрлэл доголдсонтой холбоотойгоор цементийн хомсдол үүсэж, эргээд зах зээлд савлагаа үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргаж байсан. Барилгынсалбарынажиллаххугацаабогино, барилгаугсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа гэхчлэн олон шалтгааны улмаас түр хугацааны зохицуулалт гэж ойлгосон. Гэвч өдгөө юм л болбол татварыг тэглэнэ хэмээн сүрдүүлэх болжээ. Тодруулбал, намрын чуулганы үеэр эрх баригчид “Засгийн газраас тодорхой хугацаанд цементийн импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан. Цаашид дотоодын томоохон үйлдвэрүүд өөрсдийнхөө бүрэн хүчин чадлаар ажиллаж дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангах буюу цементийн үнийг тогтвортой байх нөхцөлийн хангаж чадахгүй тохиолдолд импортын татварыг үргэлжлүүлж болзошгүй” хэмээн ярьсан. Үүнийг батлах мэт “Дотоодод үйлдвэрлэж байгаа цементийн үнэ 2024 онд импортоор орж ирж байгаа цементийн үнээс хямд байх ёстой” хэмээн Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэлсэн нь үндэсний үйлдвэрлэгчдэдээ хандсан “сүрдүүлэг” шиг сонсогдох нь гарцаагүй бас бодит байдалд биеллээ олох ч шиг боллоо.

Энд зөвхөн үнийг тойруулан яриад буй нь хэтэрхий өрөөсгөл болохыг бас дурдах хэрэгтэй. МАК, Монцемент тэргүүтэй үндэсний томоохон компаниуд дэлхийн жишигт нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, өндөр чанартай бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болсон. Барилгын чанарыг цементийн чанартай шууд холбохгүйгээр яах билээ. Гэтэл импортын цементийн үнэ хэдий багахан зөрүүтэй ч гэлээ чанарын хувьд асуудал дагуулсаар ирсэн. “Импортоор авч буй цементийн өртөг дотоодын зарим үйлдвэрүүдээс өндөр, зарим үйлдвэрээс хямд орж ирж байгаа ч чанар аюулгүй байдлын хувьд өнжсөн болон марк үзүүлэлтдээ хүрэхгүй байх магадлал их байдаг тул БХБЯ болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас ажлын хэсэг гаргаж холбогдох дээжүүдийг авч шалгалтуудыг хийж эхэлсэн” тухай Барилга, Хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг ярьж байсан. Хилээр орж ирж байгаа барилгын материалын дийлэнхийг зөвхөн тохирлын гэрчилгээг л харж оруулдаг бөгөөд нарийн шинжлэх лабораторийн хүчин чадал дутмаг байдаг. Энэ бол дээд зэргийн эрсдэл мөн гэдгийг барилгын мэргэжилтнүүд хэлдэг.

Үнийн тухай яримаар байвал төрөөс бүрэн хамаарах цахилгаан, тээвэр, дэд бүтэц, нүүрсний үнийн өсөлтийг яагаад төр өөрөө ярихгүй байна вэ? Цемент үйлдвэрлэхэд оролцох бүхий л түүхий эдийн үнэ өссөн байна. Сүүлийн жилүүдэд манай улсад үнэ өсөөгүй ямар ч бүтээгдэхүүн байхгүй. Хүнсний голлох бүтээгдэхүүнүүд, түлш, цахилгаан, төмөр замын тээврийн тариф гээд 100 хувь хүртэл өссөн байна. Голлохтүүхийэдболохтехнологийн нүүрс нь хүртэл сүүлийн 4 жилд 100% өсжээ. Харин цементийн хувьд 2010 онд цемент тонн тутам 120 ам.доллар байсан бол өнөөдөр 80 ам.доллартой байна.

Эдийн засгийн өсөлт, хотжилтыг дагаад Монголын цементийн хэрэглээ жил бүр өссөөр байгаа ч дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадлаас хараахан давахад хаа ч хүрээгүй байна. Тусгаар улс юм бол, шинээр сэргэхээр бодлого барьж буй юм бол үндэсний үйлдвэрүүдээ импортын татварыг бууруулж нухчин дарах биш, илүүдээд буйг нь экспортлох гарцад нь туслах нь зүй биш үү. Импортын татвартай хамт ирээдүйгээ “тэг”-лэх хэрэг бий гэж үү. Улс орнууд аль болох валютын урсгалаа дотооддоо авч үлдэхийг хичээдэг атал манай улс эсрэгээрээ гадагш урсгах сонголтыг сонгуулийн өмнө хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *