Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөвсгөл далайн хавар DNN.mn

Хүн гэдэг амьтан ээжтэйгээ хүйн холбоотой байдаг бол төрж, өссөн нутагтайгаа сэтгэлээрээ холбоотой байдаг бололтой. Орог саарал ертөнцийн ончирсон их хуйлраан дундаас онож төрсөн нутаг, ус гэдэг сэтгэлд уяатай, бодолд өнжөөстэй л байх юм. Бодож, санахгүй өдрүүд байхгүй ч гэсэн хаврын ийм л цагт хачин их бодогдоно. Бодох тусам сэтгэл нялхарна. Хүүхэд насны гэгэлгэн дурсамжууд нүдний өмнүүр жирэлзэж, гүйгүүл адуу шиг нутгаа зорьмоор санагдана. Яваад очвол ямархан байдал угтахыг төсөөлнө.

Хатан далай ижий хэмээн өргөмжлөн дээдэлсэн Хөвсгөл нуур минь өдийд сэрж ядан үнэгчлэх нялх хүүхэд шиг л байгаа даа. Хэзээ мөдгүй цөнгөө түрж, их усан эргээ тэврэн давлагаалах гээд л… Хаа холоос зорин ирсэн усны шувууд ганганалдан, бяцхан суурингийн маань дотуур байрны хүүхдүүд хаврын нарыг нүдээ онийлгон ширтэж суугаа. Зэрэглээн дундаас хөтөлгөө морьтой аав нь ирж яваа юм шиг харагдахад улаан хацартай жаал огло харайн боссоноо урамгүйхэн буцан эргэж байгаа.

Хэдхэн жилийн дараа энэ л хүүхдүүд жигүүр дэлгэн нисэж, орон нутгаа орхино. Гэвч урин дуудах их ус, уул нутгаа усны шувууд шиг санагалзаж, урт холын аяны жолоогоо эвхэж нутагтаа очих болно.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *