СЕХ-ноос 2024 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “СЕХ-ны хуралдаанаар саналын хуудасны загварыг батлаад байна. Саналын хуудас нь хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд СЕХ-ноос хэвлэлийн хурал хийгээд байхаас илүү гудамжинд гарч, сонгогчдод хүрч ажиллана. Жишээ нь, бид номын баярт оролцож, сонгогчийн боловсрол олгох, саналын хуудас ямар байх талаар мэдээлэл түгээнэ.
Саналын хуудаст намуудыг нэрсийн дараалал, нэр дэвшигчийн нэр ямар дарааллаар, яаж бичигдэх вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Саналын хуудсыг энэ дагуу баталсан. Саналын хуудас тусгай нууцлалтай, үнэт цаас. Нам, эвслүүдийн нэр Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэнэ. Намаас нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувьд тухайн нам нь нэрсийн дарааллаа СЕХ-нд ирүүлдэг. Жишээ нь, 10 мандаттай тойрогт нэр дэвшигчдийн хэнийх нь нэр хамгийн эхэнд байх вэ гэдгийг тухайн нам шийддэг” гэлээ.
СЕХ-ноос баталсан УИХ-ын сонгуулийн саналын хуудасны загвар
Хамгийн олон буюу 10 мандаттай тойргийн саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад 27 секунд зарцуулж байгаа бол нам эвслийг дугуйлах хэсгийг төхөөрөмжид уншуулахад 11 секунд болж байгааг СЕХ-ноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хоёр саналын хуудсыг уншуулахад нийт 38 секунд шаардагдах аж.
10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх юм байна. Энэ нь сонгуулийн саналын хуудасны хамгийн урт хэмжээ гэсэн үг.
Харин сонгогч санал өгөх байранд орсноос хойш санал өгөөд гарах хүртэл ойролцоогоор гурван минут зарцуулна гэж тооцоолжээ.