Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ажлаа хийдэггүй гишүүдийг дахин сонгох хэрэггүй DNN.mn

УИХ-ын гишүүдийн гол ажил нь юу вэ. Өөрийн сонгогдсон тойргоо усалж, өргөн түмнийг тойглох лав биш. Цахим ертөнцөд попорч, цаг нөгцөөж суух бүр ч биш. Харин улс оронд хэрэгтэй, ард олонд тустай хуулийн төсөл санаачилж, боловсруулж, батлах нь тэдний гол ажил. Байнгын хорооны хуралдаан дээр бодлогын мэтгэлцээн хийж, хуулийн төслийн зүйл, заалт бүрийг авч хэлэлцэж байж Их хурал руу оруулах ёстой. Ингэвэл тэр хэрээрээ чанартай хууль батлагдах боломж бололцоо нэмэгдэнэ. Гэтэл сүүлийн үед сонгуулийн халуурал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн ажлаа хийдэг УИХ-ын гишүүнгүй боллоо. Намын бүлгүүд сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Зүй нь бүлэг дээрээ санал, бодлоо нэгтгэж, тухайн хуулийг цаашид хэрхэх тухай шийд гардаг гэж болно. Дээрээс нь Байнгын хороод болоод Ажлын хэсгүүдийн хурал ч тэр бүр болохгүй байна. Ямар сайндаа саяхан нэг Байнгын хорооны хуралд дарга нь ганцаараа суусаар байгаад тарсан тохиолдол ч гарсан.

Үүнээс гадна тойргоо услах, нэр дэвшиж магадгүй учраас сонгогчиддоо хайр зарлахаа үндсэн ажлаасаа дээгүүрт тавьсан гишүүдээс үүдэн хоёр долоо хоногийн өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрээгүй. Энэ долоо хоногт мөн л чуулганы хуралдаан болохгүй. Учир нь ангийн дарга нь Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг тойргийн сонгогчдодоо ухуулан таниулж, дэмжлэг аваад ирэхийг үүрэгдсэн гэх. Энэ захирамж нь эргээд өнөөх гишүүдэд зол болж байна. Учир нь үүгээр дамжуулан сүүлийн дөрвөн жилд аль сургуулийн дээврийг янзалж, хэдэн бие засах газрыг тохижуулсан тухайгаа ярих боломжтой болно гэсэн үг. УИХ-ын ээлжит сонгууль болдгоороо болоод дуусна. Үүний дараа ч амьдрал үргэлжилж, Монгол Улсын олон асуудал хэвээрээ байсаар байх болно. Тийм ч учраас гишүүд үндсэн ажлаа хийж, үлдэж байгаа цөөхөн хугацаандаа зарим асуудлыг амжиж шийдэх учиртай. Жирийн нэг ажилчин хүн үндсэн ажлаа таслаад байвал цалингийн хувиар торгох, ажлаас нь халах гээд шат дараалсан арга хэмжээ авдаг. Гэвч гишүүдэд бол ийм зүйл үйлчилдэггүй. Бүр хэрэгт холбогдогчоор татагдчихаад байхад л сандал суудалдаа шигдсээр байдаг. Тэдэнд арга хэмжээ авч чадах ганцхан хүч байгаа нь сонгогчид. Тиймээс ажлаа хийхгүй цалгардуулж, тасалж байгаа гишүүдийг дахин сонгохгүй байх нь сонгогчдын бүрэн эрх билээ.

Т.ХӨВСГӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *