Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Стандарттай, иргэдэд ээлтэй, түгжрэлгүй хот болгохын төлөө зоримог, шийдэмгий олон үйлдлийг хийхээс өөр аргагүй DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай ярилцлаа.


-Замын бүтээн байгуулалтын ажлаас ярилцлагаа эхэлье. Энэ зун аль аль замуудад засвар хийхээр төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хот 1250 километр авто замтай. Эдгээр авто замуудын дийлэнх нь өнөөдөр чанарын шаардлага хангахааргүй болсон. Өнгөрсөн өвлийн цочир хүйтрэл, эргээд огцом дулаарал нь газрын агшилт, тэлэлтийг их бий болголоо. Үүнээс болж Улаанбаатар хотод авто замын элэгдэл ихээр бий болоод байна. Тиймээс энэ жил Улаанбаатар хотын эвдэрсэн бүх авто замуудаа хучиж, усны хаялгатай замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

-Замын хэд хэдэн том бүтээн байгуулалтын ажил явж байгаа шүү дээ. Тухайлбал, Яармагийн гүүр, Таван шарын нүхэн гарц, I хорооллын арын зам гэхчлэн. Эдгээр замууд хэзээ ашиглалтад орох вэ?

-Яармагийн замыг эрчим хүчний гудамжтай холбогдох хэсгийн зорчих хэсэг зургадугаар сарын 1-нд нээгдэнэ.

Тавдугаар сарын 15-нд халаалт зогсохоор дулааны том шугамыг газар доогуур нүүлгэн шилжүүлэх таслах, ажил хийгдэнэ. Үүнтэй зэрэгцээд Яармагийн замыг эрчим хүчний гудамжтай холбогдох ажлыг хийнэ.

Таван шарын нүхэн гүүрний зорчих хэсгийг зургадугаар сарын 25 гэхэд нээе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Геологийн төв лабораторийн уулзварыг урагш нь нэвт гаргаж, мөн эрчим хүчний гудамжтай холбох бүтээн байгуулалтын ажил одоо эхэлж байна. Энэ жил ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. “Hermes”-ийн нүхэн гарцын ажил мөн энэ жил эхэлнэ. Саяхан Улаанбаатар төмөр замтай газрын асуудлаа эцэслэж тохирсон.

Нарантуулын уулзвар дээр нэг асуудал бий. Тэр нь “Туул 1” коллекторын түвшин нүхэн гүүрний түвшин хоёрын огтлолцлыг яаж арилгах вэ гэсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, нэг түвшинд болчихоод байгаа юм. “Туул 1” коллектор бохир усны том шугам дээр удахгүй инженерийн шийдэл гаргана гэж бодож байна. Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Ард Аюушийн гудамжтай холбох буюу олны хэлж заншсанаар I хорооллын арын зургаан эгнээ замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Одоогоор уг байршил дээр гурван айлын газрын асуудал шийдэгдээгүй байгаа. Хэрвээ өөрсдөө чөлөөлөхгүй бол Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу албадан чөлөөлнө. Тиймээс тавдугаар сард тэдгээр айлуудад сүүлийн удаа сануулаад Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа зохион байгуулж газрыг чөлөөлнө.

Замын бүтээн байгуулалтын ажлууд урьд хожид байгаагүй өргөн хүрээнд энэ жил хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Замын ажил хийх нэг хэрэг. Цаашид замын стандартыг сайжруулах замын гүүрэн байгууламж, ус зайлуулах системийг шинэчлэх, өргөсгөх зэрэг олон ажил бий.

Жишээлбэл, Яармагийн замд саяхан шар усны үерээр ус хаясан. Замын усны хаялга нь байгаа боловч ачааллаа дийлэхгүй, уулнаас бууж ирж байгаа их усыг дунд нь тосож авах, ус зайлуулах үерийн шугам сүлжээ хийгдээгүйтэй шууд холбоотой. Богд уулын арын ус шууд төв зам руу хаяж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хот үерийн усны иж бүрэн байгууламжид шинэчлэл хийх шаардлагатай болчихоод байна. Үүнийг хийхийн тулд ЖАЙКА олон улсын байгууллагад санал тавьсан. Дэлхийн банк, Нидерландын вант улсын Засгийн газарт тус тус санал тавьсан. Эдгээр байгууллагуудын аль нэгнээс удахгүй хариу ирэх байх. Ер нь урт хугацааны хөнгөлөлттэй хөгжлийн зээлээр бүхэлд нь шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар хот шиг голын усны тохируулгын систем хийгдээгүй том хот бусад оронд байхгүй. Өөрөөр хэлбэл, Хэнтийн нуруунаас эх авч байгаа Туул гол ямар ч усны тохируулгагүй Улаанбаатар хот руу урсаж орж ирж байгаа. Социализмын үед буюу 1980-аад оны сүүлээр бараг 27 боть Туулын гадаргын усан сангийн ТЭЗҮ-ийг хийсэн. Тэрэлжээс хотын төв хүртэл таван газар боож, тухай бүрт нь усны тохируулга хийдэг далан байгууламжууд хийхээр тухайн үед төлөвлөсөн. Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жил энэ ажил мартагдсан. Сэлбэ гол нэг ч усны тохируулгагүй. Тиймээс Сэлбэ дэд төвийн хүрээнд тус гол дээр усны тохируулга хийх ТЭЗҮ боловсруулж байна. Туул гол дээр таван тохируулга хийнэ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлээр хийх үү, эсвэл хөгжлийн зээлээр хийх үү гэдгээ Хөгжлийн бодлого төлөвлөлт дээр бид ярьж байна. Туул, Сэлбэ хоёр дээр тохируулга хийчихвэл Улиастайн болон Толгойтын зэрэг бусад голуудад тохируулгын систем хийхэд харьцангуй хялбар гэж харж байгаа.

Бид гүүрэн байгууламж барихдаа зам хаахгүйгээр анх удаа барьж байгаа гэдгээрээ онцлог. Таван шард барьж байгаа гүүрэн гарц доогуур нь төмөр зам явж байгаа. Өөрөөр хэлбэл, төмөр замын хөдөлгөөнийг нэг ч зогсоохгүйгээр барилгын ажил хийгээд зургадугаар сарын 25 гэхэд оруулна.

-Түгжрэлд нөлөөтэй чухал замуудын нэг бол Зайсангийн тойрог зам. Уг замыг буцаагаад хэвэнд нь оруулах уу?

-Анх намайг ирэхээс өмнө Зайсангийн тойрог замыг нэг чигийн урсгалд оруулсан юм билээ. Шалтгаан нь нэгдүгээрт нэг гүүртэй. Нэг гүүр нь баригдаж байсан. Тухайн үед нэг урсгалтай болгохгүй бол Яармагийн замыг таг гацаагаад байсан. Харин нэг урсгалд оруулснаар яармагийн замын гацаа багассан нөлөө үзүүлсэн юм билээ.

Хотын шуурхай удирдлагынхан зориуд иргэдэд хүндрэл учруулж нэг чигт байлгаад байгаа зүйл биш шүү дээ. Зорчилт хөдөлгөөний матриц дээр судалгаа хийсний үндсэн дээр үүнийг өөрчилж болохгүй гэж гарч ирээд байгаа юм. Тэгээд ч удахгүй нөгөө гүүрийг нь шинэчилнэ. Дахиад нэг гүүрээр зорчино.

-1250 км авто замын хучих төсөв санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Мэдээж хэрэг одоо 1250 км замыг бүхэлд нь хучихгүй. Эврэлтэй бүх замыг хучна. Ойролцоогоор 150 тэрбум төгрөгөөр хучихаар төлөвлөж байна. Нийслэл дотооддоо бонд гаргаж байгаа.

-Бондыг зам засвараас гадна юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хууль гэж байдаг. Энэ хуулиар нийслэл хотыг гадаад, дотоод бонд гаргах эрхийг олгосон. Бид гадаад, дотоод хоёр бонд гаргана. Гадаад бонд нь зөвхөн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зориулагдана.

Гуравхан зүйл дээр дотоод бонд гаргаж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц барих зорилгоор 300 тэрбум төгрөгийг дотоод бондоос гаргана. Үүн дээр нэмэх нь 150 тэрбум төгрөгөөр авто замын төслөө хэрэгжүүлнэ. 50 орчим тэрбум төгрөгөөр нь “Туул 1” коллектор төслийг дуусгана.

Гадаад бонд гаргаж байгаа учир нь бид Сэлбэ дэд төв дээр 12 мянган айлын орон сууц, уг төвийн орчимд хиймэл нуур, гадаргын ус ашиглах, усны тохируулга хийх том байгууламж барина. Эдгээр барилга бүтээн байгуулалтын нийт зардлын 70 орчим хувийг барилгын материалд зарцуулдаг. Мэдээж гадаадаас барилгын материал татдаг учраас валютын ханшид нөлөө үзүүлж болзошгүй гэж үзээд гадаадаас бонд босгож байгаа. Төгрөгөөр гадаадаас барилгын материалууд авчихвал ам.долларынхаа ханшийг барихгүй шүү дээ.

-Тойрог замууд баригдах уу?

-Тойрог замын төслийн нэгжийг татан буулгаж Авто замын хөгжлийн газартай нэгтгэж байгаа. Тойрог зам барихын тулд эхлээд ТЭЗҮ боловсруулах ёстой. Дараа нь ажлын зураг хийгдэх ёстой. Энэ ажлуудыг ирэх жилийн улсын төсвөөр хийлгэх санал хүргүүлнэ. Ингээд өөрийн гэсэн зурагтай, төсөвтэй болчихвол бусад уул уурхайн түүхий эд баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Нийслэл дээр хөрөнгө оруулалтын төлбөрийн огцом дарамт авбал нийслэл өөрөө дампуурна. Одоо бид метроны төсөл хэрэгжүүлж байна. Сэлбэ, Баянхошуу-Ханын материал дэд төвүүдийн барилгын ажил эхэлж байна. Шар хад дэд төвийн ажил үргэлжилж байна. Том бүтээн байгуулалтууд хийж байгаа. Мөн зайлшгүй хэрэгжүүлэх лаг боловсруулах үйлдвэр байгуулах, Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийг шинээр барих, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг хоолойд тулчихсан ажлууд бий. Үүнтэй зэрэгцээд тойрог хурдны замыг зэрэг эхэлбэл нийслэл дампуурчихна. Тиймээс нийслэл өөр дээрээ санхүүгийн дарамт авахгүй, бусад төрлийн санхүүгийн хэрэгсэл ашиглая гэдэг үүднээс тооцоо судалгаагаа хийж байна.

-Богд уулыг нүхэлж зам тавих ажил хэзээ эхлэх вэ. Үүнийг ажил хэрэг болгочихвол урагшаа нэлээд айл нүүх болов уу гэж харж байгаа?

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар энэ талаар мэдээлэл хийгдэнэ. Улаанбаатар хотын Хүрхрээгийн амнаас урагшаа Номтын ам руу гарах нүхэн гарцыг байгуулна. Улмаар төв аймгийн Зуунмод хотын хойд талын аманд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлнэ. Цаашлаад Улаанбаатар хотын тэлэлтийг Хөшигийн хөндийг түшиглэн Зуунмодтой холбосон шинэ суурьшлын бүсийг бий болгох төлөвлөгөөтэй ажлууд хийгдэнэ.

-Дагуул хотуудыг хаана байгуулах вэ?

-Нийслэлийн хуулийн багийнхан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дууссан. Маргааш Засгийн газраас УИХ-д өргөн барина. Дагасан 30 орчим хуульд

нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Эдгээр хууль тогтоомж Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж УИХ-ын хэд хэдэн тогтоол гарна. Шинээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн суурин дээр 20 минутын хот гэдэг концепцийн дагуу орон нутгийн чанартай 14 дагуул хот байгуулна. Үүнээс гадна дагуул Багахангай хот, дагуул Майдар хот, дагуул Шинэ Зуунмод хот, дагуул Агросити хотуудыг байгуулна. Налайх, Багахангай дүүргүүдийг улсын зэрэглэлтэй хот болгох тогтоолын төсөл өргөн баригдаж байгаа.

-Танаар яриулах дараагийн чухал төсөл бол метро. Метроны төсөл одоо ямар шатанд яваа вэ. Энэ жил ямар ажлууд хийгдэх вэ?

-PMC буюу төслийн менежмэнтийн багийг шалгаруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан. Тавдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ. Ингээд нэгдээд үнэлээд маргаан будлиан нь дуусаад хэлэлцээр гэрээ хийчихвэл шалгарсан төслийн мененжмэнтийн баг PMC буюу барьж гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн жишиг баримт бичгийг боловсруулж өгнө. Үүний дагуу тендер зарлагдах ёстой. Энэ ажил энэ ондоо үргэлжилнэ.

Тендерт гүйцэтгэгчийн шалгаруулалт, инженерийн ажил буюу зургийн ажил руугаа орно. Энэ жилдээ геологи зургийн ажил хийгдэх төлөвлөгөөтэй байна.

-Эрдэнэс Баянбогд нүүрсний ордыг метро барихад ашиглах уу. Энэ ордыг хэзээ ашиглалтад оруулах вэ. Нөөц нь тодорхой болчихсон юм билээ шүү дээ?

-Нөөцийн хайгуул хийгдчихсэн. Урьдчилсан байдлаар нөөцийн тооцоо гарсан. Эрдэс баялгийн зөвлөлөөр тайлангаа удахгүй оруулна. Эрдэнэс Баянбогдын Нийслэлийн өмчийн талбай дээр операторын ажил хийх, бүтээгдэхүүнээ хуваах хөрөнгө оруулагчийг хайж байгаа. Эхний хэлэлцээр амжилтгүй болсон. Учир нь Эрдэнэс Баянбогд ордын нүүрсний чанар өндөр биш байсан. Энэ уурхайг тойрог зам барихад ашиглана.

-Нийтийн тээврийн шинэчлэл нэлээд хийгдлээ. Цаашид нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах чиглэлд ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа вэ. Буцаад өвөл болоход олон цагаар автобус хүлээж зогсохгүй байх нөхцөлийг яаж бүрдүүлэхээр ажиллаж байна вэ?

-Метро, тойрог хурдны зам барихаас нааш шийдэгдэхгүй шүү дээ. Импортоор машин орж ирээд л байна. Зам гэдэг чинь өөрийн гэсэн хэмжээ дамжаатай. Өвөл болохоор дахиад хөдөлгөөний хурд саарна. Алхах хүмүүс багасна. Бүгд л машинтайгаа явна. Дахиад л түгжрэлийн асуудал гарна. Бид авто замын түгжрэлийг бууруулах хуулиар Улаанбаатар хотод импортлох автомашинд олгох дугаар олголтыг хязгаарласан. Харамсалтай нь Автотээврийн үндэсний төв олгосоор л байна. Автобусаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэж чадахгүй байна шүү дээ. Өнөөдөр 1124 автобус хөдөлгөөнд оролцож байна. Хоёр сая хүнтэй хэрнээ автобусаар, таксигаар манайх шиг шийдэх гэж байгаа улс дэлхий дээр бараг байхгүй. Нийтийн тээврийн асуудлаа шийдсэн орнуудын ихэнх нь метро ашигласан.

Дүүжин тээврийг оруулах гэж байна. Удахгүй трамбайны төслийг оруулахаар ажлын хэсэг гарчихсан явж байна. Бүх төрлийн тээврийн хэрэгслийг өөр хооронд нь холбоос уялдаатайгаар хөгжүүлж байж түгжрэлээс гарна. Иргэдийн авч байгаа машины тоогоор замыг өргөсгөөд шинэчлээд байх боломжгүй. Тиймээс эхлээд метроны төслөө явуулах, хоёрдугаарт, бусад нийтийн тээврийн төрөл хэлбэрүүдийг хөгжүүлэх, тойрог хурдны зам барьж байж Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлж, түгжрэлийг бууруулна.

Үүнээс гадна бид маш хүйтэн хотод амьдардаг. Тиймээс иргэд автобусны буудал дээр автобус хүлээх сонирхолгүй. Тэрний оронд түгжрээд ч болов машиндаа паараа тавиад дулаан сууж байсан нь дээр гэсэн зарчмаас шалтгаалж Улаанбаатар хотын автомашиныг дийлэхээ больчихоод байгаа юм. Импортоор авч байгаа автомашины тоог хязгаарлах шаардлагатай. Мөн нийтийн тээврийн сан байгуулж байгаа. Энэ жил шинээр өгсөн автобуснуудаасаа эргэн төлөлтийг нь хийлгэж, нийтийн тээврийг хөгжүүлэх санд мөнгө төвлөрүүлж байна. Энэ жил ойролцоогоор 25 тэрбум төгрөг төвлөрнө. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс мөнгө авахгүй парк шинэчлэл хийх мөнгөтэй болж байна гэсэн үг.

-Тантай ярилцаж байгаагийнх асуулгүй өнгөрч болохгүй асуулт бол танай нам Хотын дарга, Нийслэлийн намын хорооны дарга гэсэн хоёр тусдаа даргатай энэ сонгуульд оролцох уу?

-Дүрмээрээ Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн намын хорооны дарга байх дүрэмтэй. Тодорхой хугацааны дараа шийдэгдэх байх. Сонгуулийн өмнө, хойно Нийслэлийн намын хороо хуралдах талаар одоогоор надад мэдээлэл алга.

-Ирэх сонгуульд Улаанбаатар хот ямар уриатай оролцох вэ. Өмнө нь “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн уриатай оролцож байсан шүү дээ?

-Би тийм романтик нэр өгөхгүй. Хотын наад захын стандартын шаардлагаа биелүүлж чадаагүй байж “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн романтик нэр өгөхгүй гэж бодож байгаа. Хотын стандартыг мөрдүүлдэг, хот өөрийн гэсэн стандарттай, иргэд нь гудамжаар алхахад аюулгүй, цонхоо нээхэд хоолой нь хорсдоггүй, зам дээрээ гурван цаг түгжирдэггүй хотыг бий болгохын тулд бид олон зоримог, шийдэмгий үйлдлүүдийг хийхээс өөр аргагүй байгаа юм. Тийм ч учраас анх удаагаа орон сууцны том хорооллуудыг барьж айлуудыг нүүлгэн шилжүүлж оруулах замаар агаарын бохирдолтой тэмцье гэсэн бодлого хэрэгжээд явж байна.

Би өнөөдөр л гэхэд 112 айлын газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг олгох захирамж дээр гарын үсэг зурлаа. Өдөрт 50-100 айлын асуудал наадам хүртэл орж ирнэ. Метроны төслийг эхлүүлчихлээ. Дүүжин тээвэр ч гэдэг юм уу, бусад нийтийн тээврийн автобустай зэрэгцэж Улаанбаатар хотын иргэдийг нийтийн тээврээр зорчуулах боломжийг бий болгохын төлөө бид ажиллаж байна.

2006 онд Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол одоо эсрэгээрээ 60 гаруй хувь нь хувийн машинаар зорчдог болсон байна. Энэ статистик өөрчлөгдөж байж бид түгжрэлгүй болно.

Бид одоохондоо нийслэлийн сонгуулийн мөрийн хөтөлбөр ярихад эрт байна. УИХ-ын мөрийн хөтөлбөрт “20 минутын хот” гэдэг хөтөлбөр дэвшүүлж байгаа. 20 минутын зай дотор хүүхдээ сургуульд хүргээд өгчихдөг, төрийн болон бусад үйлчилгээг авдаг болгохын төлөө ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна.

-Нийслэлийн ажлыг явуулахад улс төртэй хэр их тулж байх юм бэ. Том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс төр, эрх ашиг гээд олон зүйлтэй тулдаг шүү дээ?

-Ажил хийхэд бэрхшээл байлгүй яах вэ. Гэхдээ хотынхоо хөгжлийн эсрэг байя гэсэн улс төрийн ямар ч хүчин байхгүй. Өнгөрөгч даваа гаригт АН-ын бүлэг ч тэр, ХҮН намын бүлэг ч тэр бидний дэвшүүлж байгаа орон сууцжуулах төлөвлөгөө, метро, нийтийн тээвэр.. бүгдийг нь хоёр гараа өргөөд дэмжье гэсэн. Засгийн газар дээр ч бидний хэрэгжүүлж байгаа эрчим хүчний зэрэг том төслүүд, төр хувийн хэвшлийн түншлэлийг бүгдийг нь дэмжье гэсэн шийдэлд хүрсэн. Бид нэг л хотод нэг л дээвэр дор амьдарна шүү дээ. Үүн дээр заавал улстөржих зүйлгүй. Мэдээж миний явуулж байгаа үйл ажиллагаа бүх хүнд таалагдахгүй. Шүүмжлэлтэй байж л нийгэм эрүүл, ардчилсан байна. Тиймээс жижиг сажиг шүүмжлэлүүдийг би тоохгүй. Явдгаараа л явна. Эцсийн дүндээ үр дүн чухал. Намайг хотын даргаар томилогдож байхад “бүтэхгүй дээ” л гээд байсан. Бид хоёрдугаар сарын 1 гэхэд 600 автобус оруулж ирсэн. “Хог шороондоо баригдсан энэ хот ёстой бүтэхгүй” гээд байсан дөрөвдүгээр сард амралтын өдрүүдээр иргэд, аж ахуйн нэгжүүд, хот нийтээрээ л хөдөллөө. Тоос шорооноосоо нэг удаа салгалаа. Шар усны үер бууна гэж мэргэжлийн байгууллагууд хэлж байсан. Хаваржин бид мөс зөөсөн. Шар усны үерт автсангүй. Орос, Казахстан зэрэг улсууд шар усны үерээс болж хүндэрлээ шүү дээ. Одоо миний хамгийн том айж байгаа зүйл нь зуны бороо, үер. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тиймээс аливаа зүйл өөрийн гэсэн зорилго төлөвлөгөөтэй. Түүний араас гүйцэтгэлтэй явж байж үр дүн гарах байх. Улсын баяр наадмаас өмнө Улаанбаатарынхаа бүх эвдрэлтэй замыг засаад иргэддээ бэлэг барья гэсэн бодолтой сууна.

-Та хотын даргаар томилогдохдоо “Би сонгуулийн мөчлөг тохируулж ажиллахгүй” гэж хэлж байсан. Гэхдээ та 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Тийм, тийм. Би сонгуулийн мөчлөг тохируулж ажиллахгүй гэж хэлсэн. Энд тэнд тууз хайчилж хуримын генералын ажил хийхгүй гэж хэлсэн. Нэр дэвших миний эрхийн асуудал. Одоогоор шийдээгүй байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *