Categories
мэдээ нийгэм

Ц.Батболд: Ойрад судлалд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй арвин түүхтэй угсаатнууд юм DNN.mn

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболдтой уулзаж ярилцлаа.


-Увс аймгийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд шинэ түвшинд гарсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Саяхан БНСУ-д 50 залуусыг суралцуулахаар илгээсэн. Тэд ямар шугамаар явав?

– 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Увс аймгийн ард иргэд улс төрийн аль ч хүчин, бие даагчдыг олонх болгоогүй. АН-ын 19, МАН-ын 17, бие даагч 5 төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Миний хувьд бие даагчдын төлөөллөөр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна. Бидний бие даагчид нь мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг бий болгох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Увс аймгийн хүүхэд, залуусыг дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, хөрш зэргэлдээ дөрвөн аймаг, 1500 км радиуст байгаа ОХУ-ын муж, улсуудтай хамтран ажиллах, төлөвлөлтийг бий болгоно гэсэн зорилтыг дэвшүүлж сонгуульд оролцсон юм. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан мөн Монгол Улсын гадаад бодлогын нэг цонхны бодлогын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл өгч, зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийнхаа гадаад харилцааг сайжруулахаар ахиц гарган ажиллаж байна. Тухайлбал, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНСУ-ын Намдун дүүргийн засаг захиргаа, “On Happy” олон улсын байгууллагатай Санамж бичиг байгуулж, Боловсролын ерөнхий газартай гэрээлж, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын “Inha institute of technol­ogy” техникийн коллежид Увс аймгийн уугуул 50 залуусыг гагнуурчин, инженер технологийн чиглэлээр суралцаж байна. Эдгээр залуус маань дэлхийн 165 оронд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн дипломтой төгсөнө. Таван жилийн турш жил бүр 50 оюутан, энэ жилийн хувьд 100-г шинээр элсүүлэн суралцуулах төслийг ийн эхлүүллээ. Цаашид тасралтгүй суралцаж, мэргэжил эзэмших нь чухал учраас цалинтай ажлын байраар хангагдаж, ажиллангаа суралцах боломж бүрдүүлэхийг хичээж, хамтын ажиллагааны гэрээндээ тусгаж өгсөн нь онцлог байлаа.

БНСУ-ын Инчоны боловсролын газар, Инха техник, технологийн сургууль, “On Happy” ОУТББ, Инчоны Бизнес эрхлэгчдийн холбоо бодлогын түвшинд хөгжиж буй орны хилийн дагуух бүс нутагт Олон Улсын глобаль их сургуулийг барьж, байгуулах чиглэлээр санал, санаачилга гаргаж, судалгаа хийж хамтран ажиллаж байгаа. Судалгааны үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хотын төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан, боомтын сэргэлтийн үйл явцтай уялдуулан Увс аймагт “Олон улсын глобаль их сургуульд суурилсан шинэ хотын төлөөвлөлт” нэртэйгээр судалгаа, ТЭЗҮ боловсруулах, танилцуулга эхлээд явж байна. Уг сургуулийг байгуулснаар Монгол Улсын 21 аймаг, хөрш зэргэлдээх ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн өнцөг булангаас 2800 оюутан хүлээн авах чадал бүхий дотуур байртай, оюутны хотхон байгуулах хүсэлтийг аймгийн ИТХ-д гаргаж, 100 га газрыг сургуулийн зориулалттай тусгай хэрэгцээнд авч, хамтарч хөрөнгө оруулалт хийн ажиллах хамтын ажиллагаа эхэлсэн. Солонгост суралцаж байгаа манай аймгийн оюутан залуус нь ирээдүйд нутагтаа баригдах олон улсын сургуульд багшлах боловсон хүчин, анхны мэргэжилтнээр бэлтгэгдэж байгаа гэж хэлж болно. Саяхан би оюутнуудаа эргэж очсон. Солонгосын талаас оюутны тоог 100 болгож нэмэгдүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн учраас ирэх тавдугаар сард хамтрагч талаас ирж, шалгаруулалтаа явуулна.

-Олон улсын сургууль байгуулна гэж та хэллээ. Ийм боломж байгаа гэж үү?

-БНСУ-ын талаас хамтын ажиллагааны хүрээнд сургууль байгуулахад манай аймгийг хамгийн тохиромжтой бүс нутаг гэж үзсэн. ОХУ-тай хиллэдэг, зэргэлдээ аймгуудаас ч суралцагчдыг татах боломжтой таатай байршил. Харин сургуулийн кэмп барихын тулд наад зах нь 100 га талбайд төлөвлөх ёстой. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр баталгаажуулан ТЭЗҮ боловсруулах Ажлын хэсгийг Увс аймгийн төрийн болон чиг үүргийн байгууллагууд, улс төрийн намуудын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

Хожим аль нам ялсан ч тухайн ажил зогсохгүй үргэлжилж байхаар тооцож ажлаа эхлүүллээ. Манай аймагт улс төржилт өндөр. Ямартаа ч солонгосчууд бидэнд сургууль барьж өгөхдөө кэмпээ эхлээд байгуулна. Дадлагын баазуудаа таван их сургуулийн хэмжээнд бариад дараа нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээ босгож, хамгийн сүүлд шинэ суурьшлын бүсэд амьдрах иргэдийн хэрэгцээний газар олгох гэх мэтээр төлөвлөж, оюутан, залуусын хот болгохоор төлөвлөсөн.

-Та хэдхэн хоногийн өмнө япончуудтай хог боловсруулах үйлдвэр барих талаар уулзсан байсан?

-Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн хур хогийг зайлуулах шинэ технологи нэвтрүүлэхээр судлуулаад хог боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтарч хийхээр болсон. Аймгийн ИТХ-ын 18 дугаар хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” 2024 оны 18/08 тогтоолыг баталж, японы талаас 7 хүнийг бүрэлдэхүүнд оруулсан. Японы “Craftsmanship part­ners”, “Нитори Холдинг” ХХК-ийн төлөөллийн хамт Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнд Увс аймагт байгуулах хог боловсруулах үйлдвэр, хөрсгүй газар тариалангийн шийдлийг танилцууллаа. ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Япон улсын буцалтгүй тусламжаар уг үйлдвэрийг баригдах боломж бүрдэх юм.

-Ойрад судлалын эрдэм шинжилгээний хурлыг ойр ойрхон зохиолоо. Үүний цаад зорилго, ач холбогдол нь юу юм бэ?

-Увс аймгийн ИТХ-ын даргын хувьд, хувь хүний хүсэл эрмэлзлээр угсаатны зүйн судалгааг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг ахиулах зорилготойгоор сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ойрад судлалын хурлуудыг ивээн тэтгэж хамтран ажиллалаа. Монгол угсаатан болон монгол үндэстний дунд баруун зүгт байдгаараа, хэл аялга, түүхэн үрээр бусдаасаа ялгарах бүлгийг ойрад гэдэг. Хэдийгээр эрдэмтэн судлаачид маань эрт дээр үеэс судалж, олон сайхан судар номыг туурвин үлдээсэн байдаг. Үр хойчис бид эх түүхээ марталгүй санаж, сэргээж явах үүрэгтэй. Эрдэм шинжилгээний хурлыг Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран элжигэн халх, дөрвөд, баяд, хотон угсаатны судлалын эрдэм шинжилгээний хурлуудыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ арга хэмжээг Увс аймгийн уугуул, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Лхагвасүрэн ламтан их дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Мөн аймаг, сумдын ИТХ, Засаг даргын тамгын газар, Нутгийн зөвлөл, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы шашны дээд сургууль, Тод номын гэрэл төв ТББ зэрэг олны хүчээр хийж ирсэн ажил юм. Угсаатны түүх, өв соёл, угсаатны зүй, хэлбичиг, хүрээ, сүм хийдэд тулгамдаж буй асуудлаар эрдэмтэн, мэргэд шинжлэх ухаанчаар хэлэлцсэнийг ном болгон баринтаглаж, үлдээж байна. Хамгийн сүүлд энэ оны эхээр хотон угсаатны чиглэлээрх эрдэм шинжилгээний хурлын бүтээлүүд одоо хэвлэгдэн гарч байгаа.

Аймгийн ИТХ, аймгийн музей, “Ж.Батмөнх сан” хамтран төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны үйл, хэргийг мөнхжүүлэх “Бид мартаагүй” өдөрлөгийг зохион байгуулж ажилласан нь залуус, хүүхдүүдэд түүхийг эргэн харж, танин мэдэх ач холбогдолтой байв. Мөн баруун хязгаарыг сэргийлэн батлан хамгаалах сайд, Ховдод сууж хэрэг шийтгэх сайд, Богд хаант Монгол Улсын сангийн дэд сайд, Дөрвөд далай ханы Зүүнгарын чуулганы дарга, Дөрвөд Далай хан Түмэндэлгэржавын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Гандантэгчинлэн хийд, Шашны дээд сургуультай хамтран Цорос ноёд, тайж нарын түүх өв соёл, эрдэм шинжилгээний хурал 2024 оны тавдугаар сарын 17-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зохион байгуулна.

-Төвөөс алслагдсан хөдөө, орон нутагт амьдрал хэр байна вэ. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадав уу. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг толгойлоход ямар хүндрэлтэй тулгардаг вэ?

-Үзэл бодлоор нь хааж хавчдаг, ялгаварладаг асуудал хүнд байдаг. Төрд сонгогдсон түшээ нь хүртэл хотон, баяд, дөрвөд, халх язгуур угсаагаар нь ялгаж ханддаггүй байгаасай. Монгол Улс хэтийн хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох зорилгын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн-Эдийн засгийн форум”-ыг зохион байгууллаа. Тус форум нь төв, зүүн, баруун, хангай, говийн бүсэд хувааж, бүс бүрт тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц, шийдлийг хэлэлцсэн гэх боловч Увс аймгийг төлөөлж, Аймгийн Иргэдийн Хурлын даргын хувьд үг хэлэх боломж олгосонгүй. Энэ мэтчилэн яривал ярих зүйл бий. Гэхдээ урагш харж алхахаас биш, хойш зүглэхгүй. (инээв.сурв.) Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар манай аймагт АН, МАН аль нь ч олонх болоогүй. Бие даагч олонтой Иргэдийн хурал байгуулагдсан. Хөгжлийн бодлого, хөтөлбөрийг чухалчилсан дөрвөн жил байлаа. “Орлогын бүтээн байгуулалт-Увс” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг дэмжих, орлоготой, оролцоотой байлгах зорилт тавьж ажиллав. Үнэнийг хэлэхэд, хүндхэн дөрвөн жил өнгөрч байна. Ковид-19 цар тахлын 1,5 жил, цас зудын байдал, хамгийн түрүүнд дэмжих ёстой Сангийн сайд маань хааж, боож ажиллалаа. Гэхдээ орлогыг дарга бий болгодоггүй, УИХ-ын гишүүн баялгийг бий болгодоггүй. Дарга нарын үүдэнд дугаарладаг байдлыг больж, иргэд өөрсдөө орлогоо бий болгохыг зорьсны хүчинд 575 айлын орон сууц, хоёр аж ахуйн нэгжээс хоёр том худалдааны төвийг шинээр ашиглалтад орууллаа. Өмнөх 4 жилд 60 айлын сууц баригдсан байдаг. “Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд-100” буюу хойтон жил Увс аймгийн түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, ойг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлуулах, ойн ажлыг олон нийтэд сурталчлах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Увс аймгийн ИТХ “Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд” малчдад туслах аяныг уриалахын зэрэгцээ малчдыг дэмжих зардалд 795.7 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.

-Та “Шударга ёсыг бий болгоё” гэсэн уриатайгаар сонгогдсон төлөөлөгч. Энэ хугацаанд юуг амжуулав?

-Манай ИТХ 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 41 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо 36 төлөөлөгчтэй. Хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрээр нотлогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Урьд нь санамсаргүй хүний амь бүрэлгэсэн, дүүгээ заазуурдсан зэрэг хэрэг зөрчилд холбогдсон ч аргацааж өнгөрүүлдэг байсан явдлыг таслан зогсоолоо. Бүрэн эрхийн хугацаандаа аймгийн ИТХ-аас Улс, аймгийн бодлогын баримт бичигт тулгуурлан аймгийнхаа нийгэм, эдийн засгийн онцлогт тохируулан “Шинэ хөдөө-Увс”, “Увс-Агро”, “Хүн болох багаасаа” 1,2, “Дижитал Увс аймаг”, “Хөдөөгийн сэргэлт-Нээлттэй Увс аймаг”, “Тэрбу ммод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хоёр живаа харгаа” хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

Иргэдийг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах, олон улсын чанар, стандартыг нэвтрүүлсэн, өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хоршооны хөгжлийг дэмжих, орон нутагт шинэ ажлын байр бий болгох зорилгоор 4 жилийн хугацаанд 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Шинэ хөдөө-Увс” төслийг хэрэгжүүлж байна. Улаангом, Өндөрхангай суманд сүү, цагаан идээ боловсруулах цех, Тариалан суманд тэжээлийн цех, Өмнөговь суманд жижиг оврын тэжээл боловсруулах цех, Ховд, Сагил суманд зөгийн аж ахуй байгуулагдсан. Төслийн үр дүнд чацарганы ургац 20 хувиар, арвайн ургац 50 хувиар нэмэгдсэн.

Дэлхийн банкны 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдах Нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилгын инженерийн шугам сүлжээний ажилд 1.4 тэрбум төгрөг, Төв цэвэрлэх байгууламж байгуулах 3 тэрбум, Улаангом сумын зүүн тойргийн дэд бүтэц 0.9 тэрбум, гадаадын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр “Увс” аялал жуулчлалын цогцолбор 3 тэрбум, “Боршоо” олон улсын боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор, “Бизнес инкубатор” төвийн барилга, Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто замын ажил 62 тэрбум, Увс нуур-Улаангом чиглэлийн 25.8 км зам, Тээс рүү тавих зам, Гурил тэжээлийн үйлдвэр зэрэг томоохон ажлууд хэрэгжиж байна. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2023 онд аймгийн төсөвт 38.5 тэрбум төгрөг оруулахаас 40.3 тэрбум төгрөгийн орлого орж, төлөвлөгөөний биелэлт 1774.2 (4.6%) сая төгрөгөөр давж биелсэн. Орон нутгийн төсвийн орлого 22.3 тэрбумыг төвлөрүүлэхээс 25.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 2956.9 (13.2%) сая төгрөгөөр давж биелсэн үзүүлэлттэй байна. Үүнээс улсын төвлөрсөн төсөвт 5.5 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 9.7 хувиар, аймгийн төсөвт 19.8 тэрбумыг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 14.3 хувиар тус тус давуулан биелүүллээ.

Аймгийн хэмжээнд 2023 онд 90.2 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх оноос 5 дахин өссөн байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны байдлаар 690.7 тэрбумд хүрч, 2020 онтой харьцуулахад 1.6 дахин өслөө. Гадаад худалдааны бараа эргэлт 27394.4 мянган ам.доллар, үүнээс экспорт 2567.91 мянган ам.доллар, импорт 24826.51 мянган ам.долларт хүрчээ.

Манай аймагт мал тооллогын дүнгээр 10.1 мянган малчин өрхийн 17.3 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Нийтдээ 31427.5 га-д тариалалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад хүнсний ногоо 77.1 га, тэжээлийн ургамал 567.9 га-аар өссөн үзүүлэлтэй, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 5317.1 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 39.2 хувиар өссөн байна. Манай Увс аймаг ЭЕШ-ын дундаж оноогоор улсад II байр, ЕБС болон СӨБ-ын багшийн гүйцэтгэлийн оноогоор улсад I байр эзэлсэн нь бахархалтай.

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудтай уялдуулж бүс нутгийн интеграцийн бодлого хэрэгжүүлэх, боомтын хөгжил, тээвэр логистикийн нэгдсэн системийг төлөвлөх, эдийн засгийн системүүд төлөвлөх, үйлдвэрлэл, технологийн парк, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрийг боловсруулах зэрэг аймгийн хөгжлийн стратеги төлөвлөлтийг хийх хамтын ажиллагааны Санамж бичгийг Увс аймгийн ИТХ-ын даргын хувиар Монголын үйлдвэр, технологийн Паркуудын нэгдсэн холбоотой байгуулан ажиллаж байна.

Х.Биндэрьяа

 

2 replies on “Ц.Батболд: Ойрад судлалд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй арвин түүхтэй угсаатнууд юм DNN.mn”

Урайнхай дөрвөд хоёр хэзээ ч ойрдын бүрэлдэхүүнд байгаагүй. Урайнхадууд тусдаа улс байгуулж явсан тусдаа хүн ам зүйн бүлэг, дөрвөдүүд зусарч монголчуудын аль хүчтэй талд нь тал засч хор хутгаж холбирч дагаж явсан яг тогтсон байр суурьгүй хүмүүс. Ойрдын бүрэлдэхүүнд Цорос буюу өөлдүүд, хошууд, хойдууд буюу хотгойдууд, торгуудууд багтаж байсан. Дөрвөдүүд торгуудыг дагаж баруунтай нэг холбирсон ойрдын бүрэлдэхүүнд хуурамч дүр эсгэн орсон байр сууриа олоогүй гарсан халхуудыг дагаж ойрдын ар нуруунаас дайрсан харх манжын бууны ноход монгол гэж хэлэхэд хэцүү дээ монголын хар бараан түүхүүд дөрвөдүүдтэй холбогддог.

Ойрдын үр хойчис одоо ч зовхи өөдөө оршин байгаа шүү та нар бусдын нэр зээлдэхээ болиорой эсхүл суга савинд наалдахаа болиорой та нар наад зусарч энд тэнд очиж орох газар ойчихгүй аягагүй мэт наалдаж явахаа боль. Та нар хэзээ ч ойрд биш захын өөлдөөс очоод асуу дөрвөд хотон хоёр ойрд гэвэл хөх инээд нь хүрнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *