БНХАУ-ын Гадаад хэргийн тэргүүн Ван И Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг хүлээн авч уулзахдаа “Хятадын шаардлага тууштай бөгөөд талуудын үндсэн ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхийг үргэлж дэмждэг. АНУ Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын хөгжлийг дарамтлах ёсгүй, БНХАУ-ын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын талаар Бээжингийн “улаан шугам”-ыг давах ёсгүй” гэж хэлсэн байна. Мөн Ван И “Сөрөг хүчин зүйлс”-ээр шалгагдаж байгаа ч Хятад, АНУ-ын харилцаа тогтворжиж эхэлж байгааг дурдаад “ Гэсэн хэдий ч хууль эрх зүйн үндэслэлгүйгээр Хятадын хөгжлийн хүчин чармайлтыг дарж, бидний үндсэн ашиг сонирхлыг эсэргүүцэх явдал нэмэгдэж байна” гэж нэмж хэлжээ. Хятадын Гадаад хэргийн сайд яг ямар “эсэргүүцэх явдал”-ын тухай ярьж байгаагаа тодорхой хэлээгүй ч одоогоор хоёр их гүрний хооронд Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх байр суурь, Тайванийн засгийн газарт АНУ-ын дэмжлэг үзүүлж буй явдал, олон улсын асуудал зэрэг хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгааг дурдсан байж магадгүй байна.
Харин Хятадад хүний эрх зөрчигдөж байгаа талаар Блинкен үг хэлэхдээ илүү болгоомжтой хандан хоёр орны харилцааг “идэвхтэй дипломат арга замаар” хөгжүүлэх хамтын үүрэг хариуцлага Бээжин, Вашингтонд оногдож байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ тэрээр “дэлхийн хамгийн чухал” харилцаанд буруу алхам гаргахгүйн тулд улс орнуудын хоорондын асуудлын талаар ил тод, шуудхан ярьж байх хэрэгтэйг онцолсон байна. Мөн АНУ нь Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж байгаа ч ирээдүйн талаарх төсөөллүүд нь хоёр орны хувьд харилцан адилгүй байгааг Блинкен онцолжээ. Юун түрүүнд Украин дахь Оросын түрэмгийлэл Хятадын дэмжлэгээс хамааралтай байгааг Блинкен онцлов. Хятадаас ОХУ-д
машин техник, микрочип болон бусад хэрэгслийг нийлүүлсээр байгаад АНУ санаа зовж байна. Эдгээрийг оросууд Украины эсрэг ашиглах боломжтой. Гэхдээ дайны эхэн үед цөмийн зэвсгийн аюулаас сэрэмжлэхэд Хятад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэр сайшаажээ. Энтони Блинкен Бээжин дэх “ВВС”-д ярилцлага өгөхдөө “Хятад улс Украинд ашиглаж буй зэвсэг, техник зэргийг Орост нийлүүлэхээ зогсоохгүй бол Вашингтон арга хэмжээ авна” гэсэн байна. Гэхдээ чухам ямар арга хэмжээ авахыг тодорхой хэлээгүй ажээ.
Харин Хятад улс Орост тусалж байна гэсэн Блинкений мэдэгдлийг Бээжин эсэргүүцсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Хятад улс эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааныхаа төлөө үндэслэлгүй буруутгагдаж байна. Биднээр буруу хүлээлгэх гэж оролдохгүй байхыг АНУ-д уриалж байна” гэжээ. Мөн Вашингтон Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэх хамгийн сүүлийн тусламжийн багцыг баталсан явдал болон ТикТокыг АНУ-д ажиллуулахыг хориглох тухай хууль баталсан Вашингтоны үйлдлийг “Нэг Хятад бодлого”-ын зарчмыг ноцтой зөрчиж байна” гэж Бээжингийн зүгээс эрс шүүмжилжээ.
Мөн Энтони Блинкен БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзав. БНХАУ-ын дарга хэлэхдээ, Хятад, Америк хоёр “өрсөлдөгч биш, түнш” байх ёстой бөгөөд харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих нь Хятад.Америкийн харилцааны “гурван үндсэн зарчим” гэж онцлов. Тэгвэл Хятадын “CCTV” агентлаг Си Жиньпин дарга “Хятад улс өрсөлдөөнөөс айхгүй. Гэхдээ энэ өрсөлдөөн нь үр дүнгүй тоглоом бус тодорхой ахицтай байх ёстой. Хятад улс итгэлтэй, нээлттэй, цэцэглэн хөгжиж буй АНУ-ыг харахдаа баяртай байх болно.
АНУ ч бас Хятадын хөгжил цэцэглэлтэд эерэгээр хандана гэдэгт найдаж байна. АНУ, Хятад аль аль нь дэлхийн энх тайвны төлөө хариуцлагатай байж, бүх улсын хөгжил цэцэглэлтийн боломжийг бий болгох хэрэгтэй. Мөн дэлхийн эв нэгдлийн төлөө эерэг үүрэг гүйцэтгэх ёстой” гэж хэлснийг онцолжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Бээжинд айлчилж, Хятадын дарга Си Жиньпин болон тэргүүлэх дипломатч Ван И нартай уулзаж, Орос, Украины дайн, Тайвань зэрэг асуудлын талаар хэлэлцжээ. Мөн хиймэл оюун ухаан, фентанил, Газын зурвасын мөргөлдөөн, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан зэрэг бусад өргөн хүрээтэй сэдвийг ч орхигдуулаагүй аж. Ажиглагчдын үзэж байгаагаар, хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений энэхүү айлчлал нь Бээжин, Вашингтоны яриа хэлэлцээ, дипломат харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой явдал болсон гэж дүгнэжээ.