Categories
мэдээ нийгэм

Б.Өсөхбаяр: Шүүхийн шийдвэр гарчихсан байхад барилдуулахгүй байгаа тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны Удирдах Зөвлөл өнгөрсөн оны тавдугаар сард хуралдаж допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын эрхийг дөрвөн жилээр хассан билээ. Эрхээ хасуулсан бөхчүүд спортын арбитрын шүүхэд хандсан юм. Шүүхээс бөхчүүдийн эрхийг сэргээх шийдвэр гаргасан ч МҮБХ ямар нэг хариу өгөхгүй байгаа аж.

Энэ талаар аймгийн арслан Б.Өсөхбаяр болон түүний гэр бүлийнхэн “Монгол Ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Аймгийн арслан Б.Өсөхбаяр “Өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-ний өдөр бөхийн холбоо допингийн шинжилгээ авсан юм. Улмаар тавдугаар сарын 11-нд миний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн талаар мэдэгдэл ирсэн. Тодруулбал миний шинжилгээнээс предезин гэх зүрх, судасны эмийн бодис илэрсэн болохыг тогтоосон.

Энэ бодис яагаад надаас илэрсэн талаар тайлбар өгье. 2023 оны нэгдүгээр сарын 25-нд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын харъя “Сүлд” спорт хороонд тамирчнаар орсон. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэгт орох шаардлага тавьсан. Ингээд зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн. Шинжилгээгээр зүрхний дутагдалтай гэсэн онош тогтоож хоёр эм бичиж өгсний нэг нь предезин юм.

Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн. Тухайн үед ямар эмчилгээ хийлгэснээ системд бүртгүүлдэг тул допингийн шинжилгээний дараа ийм бичиг хийлгэх боломжгүй.

Уг эмчилгээг дуусгаад ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа допингийн шинжилгээ авах болсон тул эрх бүхий хүмүүст нь тайлбарласан. Тэгэхэд допингийн шинжилгээ өгдөг хуудас дээрээ биччих гэж гэж хэлсэн. Хуудас дээр нь ямар эм уусан, юу хэрэглэснээ бүгдийг нь бичсэн боловч үүнийг огт хэрэгсэхгүй байгаад гомдолтой байна.

Допингийн шинжилгээний дараа эмчийн шаардлагаар эм ууснаа тайлбарлахаар бөхийн холбоо нь шинжилгээ авсан байгууллагаасаа тодруул гэдэг, допингийн эсрэг төв нь холбооны захиалгаар авсан тул шийдвэрийг тэд гаргах ёстой гэдэг.

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 27-нд миний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг бөхийн холбоо гаргасан. Уг шийдвэр гарсныг эсэргүүцэж Олон улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүхэд өргөдөл өгсөн юм. Уг шүүхээс арваннэгдүгээр сарын 9-нд допингийн шинжилгээ авах процессын алдаа гаргасан тул шийдвэр нь хүчингүй гэж үзсэн.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл бөхийн холбоо 21 хоногийн дотор олон улсын арбитрын шүүхэд хандах ёстой байсан ч давж заалдаагүй. Тэгэхээр шүүхийн шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс миний барилдах эрх сэргэх ёстой.

Үүнээс хойш удаа дараа бөхийн холбоонд барилдах хүсэлтээ өгсөн ч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй. Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Холбооны зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан ч шүүхээс процессын алдаа гаргасан байна гэж үзсэн. Гэтэл МҮБХ-ны зүгээс Удирдах Зөвлөл хуралдсаны дараа шийдвэр гаргана гэдэг албан тайлбартайгаар удаа дараа хойшлуулж байна.

Тиймээс иргэдэд бодит байдлыг хүргэх үүднээс сэтгүүлчдэд хандахаас өөр аргагүйд хүрлээ” гэж ярилаа.

Түүний ар гэрийнхэн нь хэрвээ асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандахаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *