УИХ-ын чуулганы хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарах аж.
Түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болж, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдэнэ гэдгийг төсөл санаачлагчид хэлж байлаа.