Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцичлал сул байгаагийн илрэл болно DNN.mn

МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарьтай ярилцлаа.


-2024 оны УИХ-ын сонгуульд одоогийн байдлаар 70 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөл-бөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. 70 гэдэг бол том тоо гэж зарим хэсэг дүгнэж байна л даа. Таны хувьд юу гэж харж байна. Бие даагчид олноор бүртгүүлж байгаа нь юутай холбоотой вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан тул хүн бүр эрхээ эдлэх эрхтэй. Тиймээс бие даан нэр дэвших эрх бол хүн болгонд нээлттэй тул бүртгүүлж болно гэсэн үг. Тооны хувьд их бага байх гэдэг нь тусдаа асуудал юм. Хамгийн сүүлийн 2020 оны УИХ-ын сонгуулиар 76 мандатын төлөө 13 улс төрийн нам, 4 эвслээс нийт 485, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн. Тэгэхээр 25 гэдэг тоо бол бага байна аа, гэж хувьдаа үзэж байна. Тоог яагаад тусдаа асуудал гэж хэлсэн гэхээр ардчилал улам бэхжих тусам улс төрийн намын институцчилал сайжрах ёстой юм. Энэ тохиолдолд нэр дэвшилт илүү улс төрийн намаар дамжих байдал ихсэх учирта

Бие даан нэр дэвших хүсэлт нэмэгдэж байвал намуудын хөгжлийн асуудалд хариулт өгч байгаа үзэгдэл гэж ойлгож болно. Харин буурч байвал улс төрийн намын хөгжил явагдаж байна аа гэж дүгнэх боломжтой. Нэг төрлийн индикатор.

Нөгөө талаас алдартай нэг тодорхойлолт байдаг юм. Францын улс төр судлаач Морис Дюверже “Парламентын гишүүд давхар мандат авдаг. Гишүүн нь иргэдээс сонгогдохоос өмнө намаасаа сонгогддог. Тус бүрийн ач холбогдол нь мөн намаас хамаарна” гэж 1954 оны бүтээлдээ дурдсан байдаг юм.

Энэ нь нэр дэвших гэдэг нэр дэвшигчийн шалгуурын хангах ёстой гэсэн санааг давхар харуулж байгаа юм. Улс төрийн намууд нэр дэвшигчийн журамдаа нэр дэвших эрх авах шалгуурыг хэрхэн тусгасан байх, бусад улс төрийн тогтолцооны хуулиудад энэ шалгуурыг хэр зохицуулсан байх вэ гэдгээс “хүсэмжит” улстөрчийг нийтэд санал болгож чадах эсэхийг сонгуулиар шалгаж байгаа юм. Товчхондоо сонгогдож гарч ирэх хүн ард түмнийхээ төлөө ажиллаж чадах эсэх, тэднийг төлөөлж чадах эсэхийг шалгадаг гэсэн үг. Тиймээс бие даагч болон намаас нэр дэвших гэдгийн үнэн мөн чанар энд оршино. Харин манайд ямар байгаа бол гэдгийг намуудын нэр дэвшүүлэх журмаас харах хэрэгтэй.

-Одоогийн сонгуулийн тогтолцоо бие даагч нарт хэр ээлтэй вэ?

-Энэ жилийн Их хурлын сонгуулийн тогтолцоо бол хоёр талтай. Нэгдүгээрт, бүсчилсэн тогтолцоо буюу томсгосон олныг төлөөлөх тогтолцоо нь онолын өөрийн шинжийг агуулсан байгаа. Үүнд, томсгох тусам танигдсан, нутаг орондоо нэр хүндтэй байх, мөн санхүү болон бусад олон төрлийн нөөцтэй байх тусам сонгогдох боломжийг өгнө. Энэ шинжээрээ залуу улстөрч, бие даагч нарт халгаатай. Хоёрдугаарт, манай улсын ардчиллын хөгжил 30 гаруй жилийн түүхтэй. Социологич Холмс “Нэгхэн шөнийн дотор шинэ анги давхарга (нийгмийн шилжилт), шинэ боловсролын чиг баримжаа, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ олон улсын хамтын ажиллагаа-итгэлцэл, шинэ ёс зүйн дүрмийг шаардсан маш нарийн төвөгтэй шилжилт хийгдсэн. Мөн үзэл суртлын чиг баримжаагаа өөрчлөх шаардлага байсан” гэж 90-ээд онд шилжилт хийсэн ардчиллыг дүгнэн бичсэн байдаг. Энэ нь бидний хувьд бүх зүйл шинэ байсан тул алдаа, онооны шатыг туулж ирсэн гэсэн үг. Улмаар бидний хувьд ардчиллын бүх хэм хэмжээг нутагшуулахад хөрс нь өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа маш их болсон гэж дүгнэж болно. Үүнийг засахын тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд суурилан дараагийн 30 жилийг угтах гэж зорьж байна. Улс төрийн намууд үүнд санал нэгдэн улс төрийн шийдвэр гарсан гэж харж байгаа. Тэр утгаараа хөгжлийн суурийг тавих тогтолцоо болсон гэж үзэж байна. Тиймээс бие даагч нарт нэлээн бэрхшээл тулгарах байх.

-Бие даагч нарыг олноор сонгох нь ямар давуу талтай, үр нөлөөтэй байдаг вэ?

-Сул тал нь ойлгомжтой, дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр нь эрх баригч юмуу олонх болсон тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагддаг. Тиймээс нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бараг хийгдэж чадахгүй болно. Нөгөө талаас 126 гишүүнтэй болсон учир ойролцоо үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй намууд эвсэн Засгийн газар байгуулах магадлал өндөр байна. Энэ тохиолдолд мөн л хамтын улс төр хийхэд хэцүү болно.

Сайн тал нь гэвэл түрүүн дурдсан намын хөгжлийг хэмжих үзүүлэлт болох тул олон бие даагч гарч ирвэл улс төрийн намуудын институцчилал сул байгаагийн илрэл болно. Мөн сөрөг хүчин болох магадлал хамгийн өндөр тул хяналтын механизмыг хэрэгжүүлэгч байж болно. Гэвч бодит амьдрал дээр бүлэгт нэгдэхийн тулд намуудтай тохиролцох зам нь илүү тод юм даа.

-Улс төрийн хүрээнд бие даагч нарыг санал хуваах зорилготой нэр дэвшдэг гэцгээдэг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд үнэхээр бие даагчид санал хуваасаар ирэв үү, та юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн кампанит ажлын технологи талаасаа санал хуваах зорилго тээж болно. Тийм учраас аль болох хувь тэнцүүлсэн элемент илүү давамгайлсан сонгуулийн тогтолцоо байх нь сайн юм. Судлаачийн хувьд санал хуваагдалт хийлгэж байна даа гэсэн тохиолдол байгаа. Ийм технологи ашиглах нь олныг төлөөлөх буюу тойргийн сонгуулийн тогтолцоотой үед илүү ашиглагддаг гэдгийг судлаачид бүгд гадарлана. Парламентын гишүүн болно гэдэг чинь мөрийн хөтөлбөрийн зорилгыг хууль болгон батлах, өөрчлөх замаар хамтын зөвшилцөл хийгдэж байж хэрэгжүүлдэг албан тушаал юм. Тиймээс бие даагчийн туйлын зорилго юу вэ гэдгийг тэдний харизм, мөрийн хөтөлбөр зэргээс хянах боломжтой.

-Сонгуулиар нэг нэр дэвшигчээс доод тал нь 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл УИХ-ын гишүүн болсноор дөрвөн жилд нийт 250 сая төгрөгийн цалин авах юм байна. Ямар учраас улстөрчид УИХ-ын гишүүн болохоор ингэж их улайрч байна вэ хэмээн гайхах хэсэг байна л даа. Та судлаач хүний хувьд үүнд ямар дүгнэлттэй байгаа вэ?

Дээд тал нь 1.5 тэрбум гэж албан ёсны мөнгөн дүн гарсан. Тэгэхээр маш энгийн асуудал юм. Нэр дэвшигчийн санхүүгийн нөөц үнэхээр сайтай бол өөрөө гаргах байх, харин тийм биш бол хаанаас санхүүжилт босгох нь анхаарал татна. Энийг л харах ёстой, манай улсын эдийн засгийн чадавх, иргэдийн орлогын байдал бодит амьдрал дээр улс төрийн намд хандив өгөх, нэр дэвшигчдэд хандив өгөх хэмжээнд байгаа эсэх. Улмаар нэр дэвшигч хандивын дансаа нээх хугацаа нь богино байна. Ийм байхад сонгуулийн кампанит ажлын зардал гэдэг анхаарал үргэлж татах сэдэв байсаар байна. Тэгэхээр сонгуульд зарцуулах зардал, цалингийн хэмжээ хоёрын урвуу хамаарал нь бас ямар нэгэн зүйлийн урвуу хамаарал байх нь ээ гэсэн үг. Товчхондоо өөр хүсэл сонирхол тээгч гишүүн болох нь ээ гэсэн үг. Хувь судлаачийн үүднээс улс төрийн санхүүжилтийн бие даасан хууль гаргаж байж улс төр, мөнгө хоёрын хамаарлыг тодорхой хэмжээнд хянаж чадна гэж үздэг. Учир нь улс төрийн мөнгөний нэг урсгалыг хаахад нөгөө урсгал нээгдэж байдаг гэж олон судлаачид нотолсон байдаг. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс зарим улс орнууд сонгуулийн зардлыг даадаг, эсвэл сонгуулийн төв байгууллагад нэр дэвшихдээ хураамж төлөн түүнийг нь нийт сонгуулийн сурталчилгаанд ашиглах арга замууд байдаг. Анхаарах зүйл нь улс төрийн санхүүжилтийн асуудлыг бүрэн утгаар шийдэж чадсан улс орны кейс байхгүй. Манай улсын хувьд энэ сонгуулийн дараагаас гишүүн байхын зорилго, чиг үүрэг тодорхой болж ирнэ гэж найдаж байгаа. Хэрэв тийм биш бол одоогийн сонгуулийн зардлын дүнг харахад бүх амьдралаа цэгцлээд эх орныхоо төлөө бүх хүчээ зориулах хүмүүсийн нэгдэл парламент юм байна гэж гэнэн үнэмшил тээхээс өөр аргагүй юм.

Эцэст нь хэлэхэд, ардчиллын амин чухал институци нь нам, сонгууль хоёр. Энэ хоёрын хөгжил аль болох онолын идеал утгад дөхөж очих тусам бидний хүсч байгаа ардчилал гээч зүйл бодит болно. Тиймээс намын хөгжлийн асуудал, сонгуулийн мөн чанарыг нийтээрээ үргэлж анхаарч байх хэрэгтэй юм.

Р.ЖаРГал

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *