Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

Зураач Ц.Сүхээ: Намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж бодож явдаг даа DNN.mn

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Цагааны Сүхээгийн тэртээх 1980-аад оноос 2020 оны хооронд бүтээгдсэн олон зуун эх загвар, тэмдэглэлүүд бүхий “Миний өдрийн тэмдэглэлүүд” бие даасан үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баяртай байна. Өөрийнхөө үзэсгэлэнг хүнд дэлгэж үзүүлнэ гэдэг зураач хүний баярын нэг юм даа. Энэ л миний сэтгэлийн баяр. Анх 1984 онд тэр үеийн зөвлөлтийн Ленинград хотын Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академид суралцаж байлаа. Тэр үеэс бүтээлийнхээ санаануудыг тэмдэглээд ирсэн юм. Тэгээд л үзэсгэлэн гаргах хэмжээний болчихсон байсан. Эдгээр бүтээлүүдээсээ сонгоод уран бүтээлийн үзэсгэлэнд оролцоно. Эх загвараа өшөө илүү баяжуулаад ямар санааг яаж гаргаж ирэх вэ гэдгээ хүртэл шийдэж зурна. Тухайн үед хүмүүс зарим зургуудыг минь хараад бие даасан зураг болчихсон байна шүү дээ гэдэг байсан.

Энэ миний гурав дахь үзэсгэлэн. Нэг дэх үзэсгэлэн нь 2014 онд Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байсан юм. Дараагийн бие даасан үзэсгэлэн Америкийн Нью-Йорк хотод орчин үеийн урлагийн үзэсгэлэнд нээсэн, одоог хүртэл ажиллаж байгаа.

-Үзэсгэлэн хэд хоног байрших вэ?

-Дөрөвдүгээр сарын 5-нд “B contemporary art gallery”-д нээгдсэн. Ер нь дөрөвдүгээр сарын 21-нийг дуустал гарна. Хуучин хоёр долоо хоног гаргадаг байсан бол одоо уртасгасан хуваариар гаргаж байгаа юм. Тэгээд л үзэсгэлэнгээ гаргачихаад сууж байна даа. Мөн үүдэндээ сэтгэгдэл үлдээх дэвтэр бэлдсэн. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс сэтгэгдлээ хуваалцах юм. Түүнийгээ хараад ямар сайхан сэтгэгдэл бичдэг юм бэ гээд баярлаад сууж байна. Урам хайрласан сэтгэгдлээс өөрийгөө илүү мэргэжлийн хэмжээнд хүрэхийн тулд хөдөлмөрлөх ёстойг ойлгож байна.

-Та бүтээлүүдээсээ онцолж яривал ямар зураг сонгох вэ?

-Эдгээр зураг бүгд л миний үр хүүхэд. Энэ нь сайн, муу гэлтгүй миний сэтгэлээс гарч байгаа. Эхлээд ямар зураг зурах вэ гэсэн сэтгэгдэл бууна, дараа нь түүнийгээ дүрсэлнэ. Өнгө, зохиомж гаргаад л боловсруулалтын процесс юм даа.

-Нэг бүтээл хэр удаж гараас гардаг вэ?

-Зургаа зурахдаа хүнд үзүүлж болох хэмжээний буюу энэ зураг дууслаа гэх үедээ л дуусгавар болгодог. Түүнээс хугацаа шаарддаггүй. Эх загвар нь гарчихсан байдаг ч бүтээл болохдоо 10, 20 жил болох нь бий.

-Хүмүүс таны ямар зургийг илүү сонирхож байна?

-Янз бүр л байна. Хамгийн гол нь залуучууд, үзэгчид маань миний энэхүү үзэсгэлэнг хүндэлж үзэж байгаа нь баяртай байна. Хүмүүст өөрийнхөө бүтээлийг дэлгэж үзүүлнэ гэдэг сайхан байна. Улам л илүү сайхан зураг бүтээчих юмсан гэсэн хүсэл төрөөд л явж байна даа.

-Та хэдэн наснаас уран зургаар хичээллэж байв?

-Зургадугаар ангиасаа л зургийн дунд сургууль байдгийг мэдээд зурсан зургуудаа очиж үзүүлэхэд долдугаар ангийн сурагч авдаг гээд тэр үед уулзаж багш маань Пионерын ордны зургийн дугуйланд суралцах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Тэгээд долдугаар анги төгсөөд л зургийн сургуульд орж байлаа. Тэр үедээ зураач болно гэж ерөөсөө санаанд бууж байгаагүй. Ер нь л ийм мэргэжил байдаг гэдгийг мэдэж, энэ л намайг сайн сургана гэсэн итгэлээр л явж байв.

Тэгсэн миний тэр ойлголтоос тэс ондоо зүйл байдаг юм байна. Зураач, бүтээлч болно гэдэг их сайхан ч юм. Мөн их хүнд ажил байдаг юм байна даа. Юм хийх хэцүү гэдгийг одоо л жаахан мэдэрч байна. Гоё зүйл хийгээд явж болох ч өөрийн сэтгэлийг илэрхийлсэн нандин зүйлийг тэр болгон урган гаргаж болдоггүй юм байна шүү дээ. Өөрөө өөрийгөө хөгжүүлж л явахгүй бол.

-Анхны үзэсгэлэн гаргах мэдрэмж ямар байсан бэ?

-Хорооноос үзэсгэлэн гаргах хуваарийг тэр үед гаргадаг байсан юм. Хавар, намар, оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гээд л. Гадаад дотоодын үзэсгэлэнд оролцох завшаан гарвал зургаа явуулчихна. 2007 онд Мексикт болсон олон улсын усан будгийн финальд “Бороотой өдөр” гэдэг зургаар оролцож байсан. Дараа нь тэр музейн захирлаас зургаа манайд хадгалуулаач. Олон орны бүтээл байдаг ч Монголоос уран зураг байхгүй гэсэн утгатай захиа илгээхэд зөвшөөрч байлаа. 2008 онд “Бээжин-Финаль III” уран зургийн үзэсгэлэнд “Хайр” зургаараа оролцож байсан юм. 2017 онд Шанхайд болсон Монголын зураачдын үзэсгэлэнд оролцсон.

-Таны хүүхдүүд уран зураг зурдаг уу?

-Хүүхэд болгон зураг зурдаг шүү дээ. Ач нар маань өвөөдөө зураг зураад харуулдаг юм. Зураг зураад ирэхэд нь урам хайрлаад л явуулдаг даа. Том болоод ямар мэргэжилтэй хүн болохыг мэдэхгүй л байна.

-Таны уран зургаас хүмүүс юуг илүү ойлгоосой гэж бодож байна?

-Хүнд хүрсэн бүтээл гарсан байгаасай л гэж хүсдэг дээ. Зураачдын хүний сэтгэлд буусан зураг байдаг шүү дээ. Түүн шиг өөрийн зүрх сэтгэлээ гаргаж, сэтгэлээ илчилсэн, намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж боддог. Тэр зураг нь хэзээ гарахыг таашгүй. Ямар зовлон жаргал эдэлж гарахыг одоогоор мэдэхгүй л байна. Түүний төлөө одоог хүртэл хичээж явна. Энэ насандаа тийм сайхан зураг зурчихвал болчих гээд л байна. Хүнд тэгж л үлдээвэл сайхан.

235 replies on “Зураач Ц.Сүхээ: Намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж бодож явдаг даа DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *