Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.
Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.
Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголоо. Тиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд болох аж.
Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц. Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.