Ийм байж болох уу, Монголын Шүүх засаглал. Энийг чинь л “Монголын шүүх шударга бус байна. Ялзарсан байна. Алагчилж байна” хэмээн ард түмэн шүүмжилж, бухимдаад байгаа юм шүү дээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан хоёр Шүүхээс ял сонсоод байна. Тэгсэн хэрнээ Төрийн ордонд ажлаа хийж байна. Бүр төр барилцаад сууж байна. Гэтэл хуулийн шатанд сэжигтэн (яллагдагчаар татагдсан гэдэг бол гэмт хэрэгтэн гэсэн үг биш)-ээр татагдсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрийн хорионд оруулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлалаа.
Угтаа Монголын Шүүхээр таслагдсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг хоёр л ингэж хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хууль яагаад эрх баригчдад, улстөрчдөд үйлчлэхгүй, эгэл нэгэн сэтгүүлч бүсгүйд хатуу үйлчлээд байгаа юм бэ. Үүнд Монголын Шүүх албан ёсны тайлбар өгнө үү. Өгөхийг ч шаардаж байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Харин шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн.
Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд гишүүн байх хугацаандаа “НВЦ” компани шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхолд үйлчилсэн. Тэрээр Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн байдаг. Ц.Баатарбилэгийг 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсныг гэм буруутайд тооцсон юм. Ямар ч байсан анхан шатны Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Одоо бол давж заалтах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Аль ч утгаараа эдгээр гишүүд төрд ажиллаж байх ёстой хүмүүс биш. Хуулийг уландаа гишгэсэн үйлдэл дэндэж байгаагийн нэг жишээ бол Б.Энх-Амгалан шүү. Гишүүн Б.Энх-Амгалан нь УИХ-ын Аюулгүй байдал Гадаад бодлогын байнгын хорооны дарга хийж, Монголын төрийн дөрөв дэх халдашгүй дархан эрхтэй хүн байсаар байна.
Гэтэл эгэл сурвалжлагч эмэгтэй энэ хоёрын дэргэд ямар ч хуулийн шийдвэргүй байж яагаад гэрийн хорионд байгаа юм. Яагаад сэтгүүлчээр ажиллах эрхийг нь хуулиар боомилоод байгаа юм. Үүнийг чинь л Шүүх “алагчилж” байна гэж ард түмэн үзэж байна. Ард түмэн яг юунд дургүй байдаг гээч, ерөөсөө хууль ард түмэнд алагчилж хандахад, дарга-иргэн хоёрт тэнгэр газар шиг хандахад л ясны
дургүй байгаа юм. Шулуухан хэлэхэд, Монголын Шүүхийн шударга бус байдал гэдэг нь энэхүү алагчилж хандаж байгааг л хэлээд байгаа юм биш үү.
Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг нь хамгийн олон дагагчтай, нийгэмд нөлөөлөгч нэгэн бөгөөд сонгуульд нөлөөлнө гэж үзээд түүнийг ийнхүү эрхийг нь хязгаарлаж байгаа нь тодорхой. Тэгвэл бодит байдал дээрээ МАН-ын нэр хүндэд бүр ч аймаар сөрөг нөлөөлөх, Шүүхийн шийдвэртэй эрхэм гишүүддээ Н.Өнөрцэцэг шиг хандаач. Хуулийг тэгш шударгаар биелүүлээч. Адилхан Монгол Улсын иргэд шүү дээ.
Ер нь бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Шүүхээс буруу зөвийг тогтоогоогүй байгаа. Түүн шиг хуулийн шатанд яваа олон хүн бий. Бүгд ажлаа хийгээд, сайндаа л хилийн хоригтой, эрх орондоо хязгаарлагдмал эрх чөлөөтэй явж байна. Гэтэл сэтгүүлч эмэгтэйг болохоор яагаад гэр-эмнэлэг-цагдаа гурваас өөр хөл гишгэх газаргүй болгож, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хасч, Үндсэн хуульд заагдсан үндсэн эрхийг нь зөрчиж байгаа юм. Ардчиллын баталгаа, үнэт зүйлийн нэг бол …хувь хүний хэвлэн нийтлэх эрх чөлөө шүү дээ. Ардчиллын баталгаа бол чөлөөт хэвлэл. Эдгээр үнэт зүйлүүд хаана байна вэ. Бид ч ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж өөрсдийгөө дэлхийд тунхагладаг.
Монголын нийгэм, монголчууд энэ үйл явцыг Хүний эрхийн ноцтой зөрчлийн хэмжээнд харж байгаа. Хэвлэл мэдээллийн салбар бүр ч онцгой анхаарч байгаа. Монголын Шүүх засаглал эрх мэдэлтэн- эгэл сэтгүүлч хоёрт хэрхэн ялгавартай хандаж байгаа нь Олон улсын Хүний эрхийн байгууллагуудад ноцтой кейс болж очно. Нөгөө л Монгол Улсын Хүний эрхийн индекс ямар түвшинд байгаагийн нэг баримт болно. Үүнээс гарах үр дагавар ямар байхыг ойлгож байгаа биз. Монгол Улсын нэр хүнд, ардчилал, шударга ёсны үзүүлэлтүүд Олон улсад доогуур түвшинд очиход, сөрөг нөлөө нь юу байхыг мэдэж байгаа гэдэгт найдъя. Эрхэм гишүүд Шүүхээр таслагдсан ч төрийн өндөр алба хашсан хэвээр байдаг, эгэл сэтгүүлч эмэгтэй сэжигтэн төдий байцаагдахад хөл гар тушиж түгждэг, гэрт нь цоожилдог энэ асуудал бол Олон улсад, ардчилсан нийгэмд байж боломгүй үйлдэл. Цааш хэвээр үргэлжилбэл маш ноцтой үр дагаварт хүрэхийг тогтож харна уу, цаана нь байгаа хүмүүс…
Б.Нямаа