Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Увс аймгийн Тариалан сумын үе, үеийн төгсөгчдийн дунд спортын таван төрөлт тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, дартс гэсэн таван төрлөөр жил бүрийн дөрөвдүгээр сард Тариалан сумын үе, үеийн төгсөгчид нөхөрсөгөөр өрсөлддөг уламжлалтай. Тус тэмцээнийг Улаанбаатар хот дахь Тариалан сумын Нутгийн зөвлөлөөс үе, үеийн төгсөгчидтэй хамтран зохион байгуулж ирсэн юм.
Тэгвэл энэ жилийн тэмцээнийг тус сумаас төрөн гарсан волейболын спортын олон улсын хэмжээний мастер Х.Алтайгийн нэрэмжит болгон, 1989-1993 оны төгсөгчид хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд 69 багийн 500 орчим тамирчин 25 сая төгрөгийн шагналын сантай 252 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Өмнөх жилүүдэд залуу болон дунд үеийнхэн өрсөлддөг байв. Энэ жилийн хувьд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнд дунд насны ангиллыг оруулж ирснээр баг тамирчдын оролцоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүссэн. Түүнчлэн жил ирэх тусам тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Тэмцээнд Улаанбаатар хот дахь Тариалан сумын харьяат иргэдээс гадна Увс, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгаас баг тамирчид хүрэлцэн иржээ. Дэлхийн шатрын олимпиадын алтан медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатны холбооны дэд мастер, Тариалан сумын уугуул Б.Мөнгөнзул хүндэт зочдын нэг байв. Ингээд тэмцээний нийт дүнгээр Тариалан сумын ахлах сургуулийг 2011 онд төгссөн 41 дэх төгсөлтийн баг тамирчид шилжин явах цомын эзэд боллоо.
41 дэх төгсөлтөөс сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг мөнгөн медаль, гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг хүрэл медаль, ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медалийн эзэн болсноор энэ жилийн тэмцээнийг манлайлжээ.
One reply on “Тариалан сумын төгсөгчдийн тэмцээнийг амжилттай зохион байгуулав DNN.mn”
Мэдээлэл оруулсан сэтгүүлч дүүдээ баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Та нартаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.