Categories
гадаад мэдээ

Ираны довтолгооны эргэн тойронд DNN.mn

Иран улс түүхэндээ анх удаа өөрийн гол дайсан Израиль руу хийсэн шууд дайралт амжилттай няцаагдлаа. Зургаан сарын өмнө ХАМАС-ын халдлагад өртөж байсан Израилийн эрх баригчид холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр тэднээс хамаагүй илүү ноцтой дайсны олон зуун дрон, баллистик болон далавчит пуужингуудыг устгаж чадсан юм. Иймээс өнгөрсөн бямба гаригийн шөнө Ойрхи Дорнодын тэнгэрт юу болсныг, мөн энэ нь Израилийг дэмжиж буй барууны орнуудад хэрхэн нөлөөлөх, бас Арабын ертөнцийн байр суурь зэргийг BBCсудалж үзээд Дамаск дахь Исламын Бүгд Найрамдах Улсын консулын газар руу агаараас цохилт өгсний хариуд Тегеран Израилийг буруутгасан.Харин Израилийн эрх баригчид уламжлал ёсоор ийм ажиллагаанд оролцсоноо баталж бас үгүйсгэлгүй дуугүй өнгөрсөн.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт шилжих шөнө Иран, түүнчлэн Ирак, Сири, Йемен дэх холбоотнуудынхаа баазуудаас Израилийн зүг 300 гаруй дрон болон пуужин харвасан.Тэдний 99 хувийг сөнөөсөн гэж Израиль болон АНУ-ын арми мэдэгдэв. АНУ, Их Британи, Франц, Йорданы арми Израильд агаарын довтолгооноос хамгаалахад нь тусалсан гэж мэдэгдсэн.Дараа нь Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч генерал Питер Лернер уг халдлагад 170 дрон, 30 далавчит пуужин, 120 баллистик пуужин оролцсон гэж манай агентлагт мэдээлсэн. Харин цөөхөн хэдэн баллистик пуужин Израилийн өмнөд хэсэгт орших Неватим агаарын баазыг оносон боловч бага зэрэг хохирол учруулсан тул бидний агаараас хамгаалах ажиллагаа саадгүй үргэлжилсэн гэж Лернер хэлэв. Хохирсон энгийн иргэд гэвэл одоогоор шархадсан ганц охин л тодорхой болоод байна гэжээ.

Судлаачид юуны өмнө энэхүү дайралт нь Оросын армийн Украин руу хийж буй дайралттай тун төстэй байгааг онцлов. Энэ нь нэг дор олон тооны дрон, далавчит пуужин, баллистик пуужин зэрэг олон төрлийн хэрэгслийг зэрэг ашигласан явдал юм. Дайсныхаа агаарын довтолгооноос хамгаалах олон янзын системийг даван туулахын тулд ийм аргыг хэрэглэдэг. Иран бол Оросын хамгийн ойрын холбоотон бөгөөд тэдний цохилтоос сургамж авсан байх өндөр магадлалтай билээ.Украинд хийсэн Оросын хамгийн том цохилтод 100 гаруй дрон, пуужин нэгэн зэрэг оролцож байсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд болсон дайралтын үеэр Украины Зэвсэгт хүчний мэдэгдсэнээр 158 пуужин дроноос ердөө 87 пуужин, 27дроныг устгасан байна.

Хэдэн төрлийн зэвсэг зэрэг оролцсон олон тооны нэгэн зэрэг дайралт Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг “хэт ачаалж” тэднийг 100 хувь няцаах боломжгүй болгож байсан. Иймээс Ираны Израиль руу довтлоход ашигласан олон тооны дрон, пуужингууд нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах системийг дарах болно гэж тооцсон байна.Харин Израилийн хувьд байдал өөрөөр эргэсэн. Учир нь янз бүрийн түвшний Ираны төлөөлөгчид хоёр долоо хоногийн турш удахгүй Израильд хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байсан билээ. Энэ нь Израиль болон түүний холбоотнуудад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт зэвсэг, тэр дундаа дрон, пуужин устгах онгоцнуудыг бэлтгэж, байршуулах цаг өгсөн.

Ираны довтолгоог няцаахад Америкийн AE­GIS агаарын довтолгооноос хамгаалах систем гурван баллистик пуужин устгаж, цэргийн нисэх онгоцнууд нь олон тооны агаарын бай устгасан байна. Мөн Йорданы Агаарын цэргийн хүчин нутаг дэвсгэрийнхээ дээгүүр ниссэн олон арван дроныг буудан сөнөөжээ. Украинд хийсэн Оросын бүх цохилтоос том хэмжээтэй дайралт тагнуулын мэдээлэл, хэд хэдэн орны агаарын довтолгооноос хамгаалах системийн хамтарсан сайн зохион байгуулалтаас болж бараг бүрэн няцаагдсан юм. Израилийн улстөрчид болон олон улсын тоймчид Ираны дайралтыг амжилттай няцаасан нь чухал амжилт болсон гэдэгтэй санал нэг байна. The Economist сэтгүүлийн Ойрхи Дорнод дахь сурвалжлагч Грег Карлстром “Ираны хариу арга хэмжээ стратегийн алдаа байсан гэж үзэх хангалттай үндэслэл бий. Сүүлийн саруудад Израиль улам бүр тусгаарлагдаж байгаа бол Иран мөргөлдөөнд шууд оролцохоос зайлсхийж, Арабын орнуудтай энх тайвныг сахин хамгаалж бүс нутаг дахь нэр хүндээ өсгөөд байсан. Харин бямба гаригийн халдлага нь энэхүү хүчний тэнцвэрийг өөрчилж, Иран одоо сул дорой, арчаагүй харагдаж байна” гэжээ.

Харин Тегеран дахь төрийн хэвлэлүүд болон улстөрчид хэдийгээр Ираны довтолгоо Израильд ноцтой хохирол учруулаагүй ч үүнийг дайсандаа өгсөн хатуу хариу үйлдэл болсон гэсэн байна.

Тухайлбал, төрийн мэдээллийн Тегераны “IRNA” агентлаг ”Түүхэнд анх удаа Израильд эзлэгдсэн Палестины нийслэл Иерусалим дахь Аль-Акса сүмийн тэнгэрт Ираны пуужингууд гарч ирэв” гээд шөнийн тэнгэр дэх пуужингийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд болсон ХАМАС-ын халдлагаас ялгаатай нь Иран халдлагын талаар аль болохоор олон нийтэд урьдчилан анхааруулж байсныг ажиглагчид онцолж байна.Израилийн зүүний сөрөг хүчний “+972” сайтыг үүсгэн байгуулагч Дими Радер Ираны довтолгоо бүтэлгүйтсэн гол шалтгааныг “Энэ тухай инээдтэй гэмээр нарийвчилсан сэрэмжлүүлэг гарч байсан” гээд “Энэ нь Израильд хор хөнөөл учруулахыг Иран хүсэхгүй байгаад бус харин тэд үнэндээ бүрэн хэмжээний дайнаас зайлсхийхийг хүсч байгаагийн илрэл юм” гэжээ.

Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррел Израилийн эсрэг Иран дайралт хийсэнтэй холбогдуулан Европын Холбооны гадаад хэргийн сайд нарыг өнөөдөр яаралтай хуралдуулахаар болов. Жозеп Боррел “Бидний зорилго бол бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, аюулгүй байдалд нь хувь нэмэр оруулах явдал юм” гэж хэлжээ. Мөн Исламын Бүгд Найрамдах Иран Улс Израиль руу дайрсантай холбогдуулан Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок уриалав. Германы дипломат албаны тэргүүн Европын Холбоо Орост дрон нийлүүлснийх нь төлөө Тегераны эсрэг хориг арга хэмжээ авсан хэдий ч шийтгэлийн арга хэмжээг өргөжүүлэхийн тулд “идэвхтэй кампанит ажил явуулж байна” гэж мэдэгдэв. Баербок Иран Израиль руу дайрсан талаар “Ираны үйл ажиллагаа ямар аюултай болохыг бид харлаа” гэжээ

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *