АНУ-ын Манхэттэн дэх Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампын “порно од” Сторми Даниэлсийг “чимээгүй байлгах төлбөр” өгсөн эрүүгийн хэргийн тангарагтны шүүгчдийг бусад хотоос сонгох Трампын өмгөөлөгчдийн хүсэлтийг няцаав. Учир ньТрампын олон жил амьдарсан Манхэттен хотын оршин суугчдын дунд Ардчилсан намынхан давамгайлж байдаг юм. Иймээс Трамп “Энэ шүүхийн шударга байдалд найдахгүй байна” хэмээн гомдоллож байгаа билээ. Уг шүүх хуралдаанд оролцох тангарагтны шүүгчдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлж байна.
Тангарагтны шүүгчид нэр дэвшихээр санамсаргүй байдлаар сонгогдон дуудагдах Нью-Йорк мужийн оршин суугч иргэд ердийн суурь мэдээллээс гадна экс ерөнхийлөгчийг дэмжсэн, эсэргүүцсэн байгууллага, бүлэглэлд холбогдсон эсэхээ тодруулахыг хүссэн асуултуудад хариулах аж. Мөн тэд ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж, уншдаг, ямар нийгмийн сүлжээнд байдаг, уг сүлжээнийхээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог, эсвэл зүгээр л дагагч болдог гэх мэт асуултад хариулах аж. Сонгон шалгаруулалтын санал асуулгад “чамин” гэмээр ч асуултууд байна. Жишээлбэл, “Ерөнхийлөгч асан хүнийг муж улсын шүүхээр яллах нь зөв эсэх талаар та хатуу бодолтой эсвэл эргэлзээтэй байна уу?”, “Энэ хэрэг Трампын цаашдын ажилд хэрхэн нөлөөлөх талаар танд ямар нэгэн хувийн бодол байна уу?” гэх мэт..
Энэхүү эрүүгийн хэргийн учиг нь бэлгийн харьцаатай байсан “порно од” кино жүжигчин Сторми Даниэлст Трампын мөнгө шилжүүлсэн баримт нотлогдсон ч Трампын толгой компанийн тайланд энэ төлбөрийг түүний тухайн үеийн өмгөөлөгч Майкл Коэний үйлчилгээний хөлс гэж тэмдэглэсэн явдал юм. Трамп өөрөө уг хуурамч баримтыг үйлдсэн гэдгээ хүлээхгүй байгаа бөгөөд энэ эрүүгийн хэрэг нь түүнтэй холбоотой бусад хэргийн нэгэн адил улс төрийн хавчлагын үр дүн гэж мэдэгдсээр байгаа билээ. Ерөөс Трампын өмгөөлөгчид экс ерөнхийлөгчийн эсрэг явуулж буй эрүүгийн бүх шүүх хурлыг аль болох сунжруулахыг хичээж байгаа бөгөөд тодорхой хэмжээний амжилт олоод байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээр тэд Трампыг ерөнхийлөгч байх хугацаандаа хийсэн аливаа үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй дархан эрхтэй гэж мэдэгдсэн. Үр дүнд нь уг асуудал Дээд шүүхэд хүрч, энэ сарын 25-нд энэ хэргийг хэлэлцэж эхлэх болсон. Иймээс энэхүү Манхэттэний эрүүгийн хэрэг бол ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуусах боломжтой цорын ганц Трампын шүүх хурал юм. Учир нь Трампын бусад бүх шүүх хурал Дээд шүүхийн шийдвэр гартал царцаад байгаа билээ. Хэрэв Трамп сонгуульд ялбал түүнд холбогдох бүх хэргийг түдгэлзүүлэхээс гадна прокурор түүний эрүүгийн хэргүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тушаал гаргах боломжтой болох юм. Гэхдээ хэргийн учир огт өөр зүйлд байгаа нь тодорхой болоод байна. Энэ бол Трампын Кремлээс санхүүждэг гэх хэрэг юм. Ерөөс Москва барууны улстөрчдийг авлигаар санхүүжүүлдэг болох нь сүүлийн үед тодорхой болчихоод байна. Тухайлбал, Бельгийн Ерөнхий сайд Александр ДеКру ирэх зургадугаар сард болох Европын сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон ОХУ-ын сэжигтнийг мөрдөн шалгаж эхэлснийг зарлав. Түүний хэлснээр тус улсын тагнуулын алба Украинд үзүүлэх Европын дэмжлэгийг зогсоох зорилготой Оросын тагнуулын сүлжээ Европын хэд хэдэн улсад үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон байна. Мөн ерөнхий сайд Де Кру тус улсын тагнуулын алба Москвагийн улстөрчдийг санхүүжүүлдэг авлигын сүлжээг илчлэн шуугиан тариад байгаа Чех улсын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад Европын парламентын гишүүдэд “Кремль Оросын суртал ухуулгын ажлаа дэмжүүлэхийн тулд мөнгө санал болгосон нь тодорхой болоод байна” гэж мэдэгдэв. Де Кру “Манай тагнуулын мэдээллээр Москвагийн зорилго маш тодорхой байна. Энэ нь Европын парламентад аль болох олон Оросыг дэмжигч нэр дэвшигчийг сонгоход тусалж, энэ байгууллагад Оросыг дэмжигч тодорхой бүлэг бий болгон, бэхжүүлэх зорилготой юм” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Европын парламентын сонгууль Европын Холбооны улсуудад ирэх зургадугаар сарын 6-9-нд болно. Өөрөөр хэлбэл, Оросууд Европын Холбооны улсуудын улс төрчдөд авлига өгөх гэж оролдож буйг илрүүлээд байгаа ч ийм асуудалд хэрхэн хариуцлага тооцох тодорхой хууль одоогоор байхгүй байгаа юм. Гэхдээ энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Учир нь эх орноосоо урваж өөрийн улсын эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан ямар ч хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй.
Дональд Трампын хувьд манайд “Монгол ялна!” гээд ялагдуулсантай агаар нэг “Make America Great Again” буюу “Америкийг дахин хүчирхэг болгоно” гэсэн уриатай явж байна. Ийм уриаг хэн зааж өгөөд байдаг нь тодорхой! Энэ нь Москва манай 126-гийнн тодорхой хэсэгт бас авлига өгч УИХ-д өөрийн бүлэгтэй болох гэж байна гэсэн үг. Иймээс УИХ-д нэр дэвшигчдэдээ “Москвагийн өгсөн мөнгийг ав. Тэгээд улс болон иргэдийнхээ төлөө ажиллаад бай!” гэж уриалах шаардлага үүсээд байна. Учир нь Монголын сонгогчид бол яав ч оросууд биш. Тэд юмны цаад учрыг ойлгоно! Үүнийг л “Монголд хэрэгжүүлсэн урианы америк хувилбар оршвой!” гээд байгаа хэрэг. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг дээ.
Г.АМАРСАНАА