Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тогтуун байх нь гол түлхүүр” DNN.mn

Ямар ч зүйлд тогтуун байх нь эрүүл мэнд болоод сэтгэл санаанд маш хэрэгтэй байдаг. Тогтуун байж зөв шийдвэр гаргаж чадна.

Энэхүү ном нь 2019 онд хэвлэгджээ. Зохиогч нь Райан Холидей юм.

Уг ном оюун санаа, сэтгэл зүрх, бие махбод гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Уншихад тун хялбараар бичжээ. Бүлэг, хэсэг бүр өөр өөр утга, жишээг өгүүлэх аж.

Эхний бүлэгт оюун санаагаа хэрхэн тогтвортой байлгах талаар өгүүлнэ. Ингэхдээ маш сонирхолтой жишээгээр эхэлдэг. 1962 оны аравдугаар сарын 15-нд Жон Ф.Кеннедид Америкийн тагнуулын газраас нэгэн захидал ирнэ. Америкийн эргээс ердөө 90 бээрийн зайтай Кубын арал дээр Зөвлөлтийн дунд ба холын зайны баллистик цөмийн пуужингийн цэгүүдийг олж илрүүлсэн тухай мэдээ юм. Кеннеди энэ үед зөвхөн аймшигтай, хар бараан үр дүнг төсөөлж байв. АНУ, ЗХУ-ын хоорондын эхний мөргөлдөөнд 70 хүртэлх сая хүний амь эрсдэхээр тооцож байлаа. Кеннеди бол асар их эрх ямбанд өссөн залуу Ерөнхийлөгч. Ялагдахыг хүсдэггүй, түрэмгий эцгийн гараар өссөн. Түүний гэр бүлийн тоглож хэлдэг уриа нь “Битгий уурла, хариугаа ав”. Тэр үед Кеннедигийн зөвлөхүүд улсынхаа зэвсгийг бүрэн ашиглаж довтлохыг зөвлөсөн юм. Харин түүний хувьд сайтар тунгаан бодохыг сануулдаг.

Ер нь өнөөгийн нийгэмд ч гэлтгүй зөв шийдвэр гаргахын тулд тухайн зүйлд төвлөрөх шаардлагатай байдаг. Хэт яарахгүй, тайван, хааяа чимээгүй сууж аливаа зүйлийг тунгаан бодох тухай энэхүү ном өгүүлдэг.

Мөн одоо байгаа агшиндаа байх тухай гарна. Бид ирээдүйд болох зүйлсийг бодож, түүндээ шаналж, стресстдэг. Амьдралын ихэнх хугацааг нэг бол өнгөрснийг дурсаж, эсвэл болоогүй ирээдүйд санаа зовж өнгөрөөдөг. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь одоодоо орших байдаг. Тэгэхээр одоо хийж буй зүйлдээ л илүү төвлөрөх нь чухал юм.

Зохиогч Райан Холидей бол янз бүрийн шашны урсгалуудын жишээнээс түлхүү ашигладаг.

Бид завгүй, тархиа маш их ачааллуулдаг. Тиймээс тархиа амраах, нэг зүйлийн тухай гүн гүнзгий бодох, тэмдэглэл хөтлөх, мэргэн сургаал хайх ардын зүйр үг ч юмуу, өөртөө итгэлтэй, эгоноос хол байхын тухай эхний бүлэгт тус бүр жишээтэй тайлбарлажээ.

Хоёрдугаар бүлэг буюу сэтгэл санаагаа тогтвортой байлгах. Энд дэлхийн алдартай гольфчин Тайгер Вүдсийн тухай өгүүлнэ. Энэ төрлийн спорт нь оюун сангаагаа төвлөрч тоглохгүй л бол алдах магадлалтай. Шат бүр хариуцлага. Тиймээс түүний аав Тайгер Вүдсийг анхаарлаа төвлөрүүлж сургах, сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс талбай дээр бэлтгэж хийх бүрд нь тоглолтын үед нь хүйтэн цэвдэг байлгах гэж хажуунаас нь янз бүрийн үгээр тохуурхдаг байв.

Гэхдээ нэг талаар аавынх нь бэлтгэл сургуулилт амжилт олсон. Тайгер Вүдс оюуны хувьд чанга, цэвдэг сэтгэлтэй, авьяастай байсан. Гэвч амьдралынх нь бусад бүх зүйл сул дорой, эмзэг, тэнцвэргүй байв. Тогтуун байдал нь зөвхөн гольфийн талбайд л гарч ирдэг байлаа.

Тиймээс эргэн тойрныхоо байгаа байдлыг ажиглаж, амар тайван байдлыг эрхэмлэх, мэдрэхийг эрэлхийлээрэй.

Гуравдугаар бүлэг. Бие махбодоо хэрхэн тогтуун байлгах тухай. Энэ хэсэгт 26 насандаа улс төрд гарч, 65 жилийн турш Засгийн газарт ажилласан Уинстон Черчиллийн тухай өгүүлэх аж. Түүний энэ хугацаанд хэрхэн ажиллаж байсныг тодорхойлсон байна. Тэрбээр ажлынхаа хажуугаар 40 гаруй ном туурвиж, 500 гаруй уран зураг зурж, 2300 илтгэл тавьжээ. Тэгэхээр өдөр тутамдаа аливаа зүйлийг ачаалалгүйгээр хийхийн тулд тооцоололтой байх хэрэгтэй.

Оюун санаа, сэтгэл зүрхээ анхаардаг шиг бие махбодоо ч бас мартаж болохгүй.

Бидэнд өдөр тутамдаа маш олон зүйлийг амжуулах хугацаа хангалттай байдаг ч залхуурснаасаа болоод хийдэггүй. Тиймээс цар хүрээгээ тодорхойлох. 24 цагт багтаж төлөвлөсөн ажлаа хийхийн тулд зарим зүйлд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Мөн агаарт алхах, дадал зуршилтай болох, эд хогшлоо цөөлөх, ганцаараа байх, ганцаараа байснаар хүн илүү их зүйлийг бодож, шинэ санаа ч олж чаддаг. Мөн хүн байх, унтаж амрах, хоббитой болох талаарх санааг энэ номоос уншаарай.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *