Categories
мэдээ спорт

Гайхамшигт Алонсо DNN.mn

Bayer 04 Leverkusen буюу Леверкузены “Байер 04” гэдэг баг Германд бий. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш дээд лиг болох Бундеслигт тогтмол тоглож байгаа, зуу гаран жилийн түүхтэй дундаж баг. Дундаж гэж хэлж буйн учир нь ийм олон жил Бундеслигт тоглохдоо нэг ч удаа аваргалж үзээгүй, цомуудад бол хааяахан түрүүлчихдэг учраас тэгсэн юм. Ийм багийн тухай юу болоод онцлоод эхлэв ээ гэх байх. Учир нь тэд энэ жил нөгөө огт түрүүлж үзээгүй Бундеслигтээ түрүүлэх нь бараг л зуун хувь болчихсон, Германы цомын финальд шалгарчихсан, Европа лигийн шилдэг найман багт багтчихсан гээд ерөнхийдөө галзуу амжилттай яваа учраас тэгсэн юм аа. Ер нь тэд өнгөрөгч оны тавдугаар сараас хойш ялагдаж үзээгүй яваа гэхээр гайхаж онцлохгүй байж боломгүй нь. Яагаад ийм амжилтанд хүргэв гэхээр нууц нь зүгээр л Хаби Алонсо хэмээх испани залуутай холбогдоно.

Хаби Алонсо хөлбөмбөгч гээд манаргаж явахдаа Ливерпүүл, Реал Мадрид, Байер Мюнхэн гэх мэтийн ланжгар багуудын бүрэлдэхүүнд цог золбоотой, дуурсах, дурдагдах мөртэй явсныг хөлбөмбөг сонирхогч хүмүүс мэднэ. Тэр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог байсан тул онцгойлсон гавьяа шагнал хүртэж яваагүй ч гэлээ ямар ч багийн дасгалжуулагч түүнийг өөртөө авах юмсан гэж мөрөөддөг тийм хөлбөмбөгч байсан. Тэгж явахдаа Анчелотти, Гвардиола, Моуриньо, Пеллегрини, Бенитес, дель Боски мэтийн ланжгар дасгалжуулагчдын удирдлага дор тоглож, суралцаж явсан хүн. Моуриньо аль эрт бүр 2010 онд “Хаби бөмбөг өшиглөхөө болиод ирсэн цагт маш сайн дасгалжуулагч болно гэдэгт би итгэдэг. Пеп Гвардиола миний удирдлага дор тоглодог байхдаа яг ийм байсан юм. Тэр хоёрт нэг адилхан зүйл байна аа. Завсаргүй асууна. Дасгалжуулагч хүнд байх ёстой зан чанарыг тоглож байхдаа эзэмшиж эхэлнэ гэдэг бас авьяас шүү” гэж хэлсэн байдаг юм. Дэлхийн аварга, Европын аварга, Аваргуудын лигийн нижгээд аварга, алба хаасан улсуудынхаа бүгдийнх нь аварга, цомын аварга гээд ер нь баахан гуншинтай, дахиад хэдэн жил байг гэхнээ Арабт ч юм уу, Америкт ч юм уу тоглож болох насан дээрээ байсан хүн тэр жил гэнэт л дасгалжуулагч болно гээд “гутлаа тайлаад” явсан нь тун саяхан. Тэгээд Испанийн доод лигийн Реал Сосьедад, Реал Мадридын залуучуудын багуудыг ганц хоёр жил дасгалжуулаад өнгөрөгч жил Леверкузены Байер багт ирсэн юм. Дасгалжуулж үзэж буй анхны дорвитойхон баг. Тэнд ирэнгүүтээ ийм гайхамшигт амжилт үзүүлэхэд хэд хэдэн зүйлс нөлөөлсөн гэлцэх юм. Юуны өмнө Байерын удирдлага түүнийг урихдаа Алонсогийн хүссэний дагуу багаа бүрдүүлэх боломжийг олгож хөрөнгө мөнгийг нь шийдэж өгсөн. Түүний өнгөрсөн жил цуглуулж авчирсан тоглогч нар өнөөдөр хэрхэн цэцэглэж буйг анзаарч болно. Баг нь Хаби Алонсогийн тоглох тактикийг ягштал биелүүлдэг тул тоглолтын эцсийн мөч хүртэл тэмцэж чаддаг болсон. Энэ жил тэд хэдэн ч тоглолтод шүүгчийн шүглийн эцсийн дуутай зэрэгцээд гоол оруулж ялалт байгуулав даа, тоог нь ч алдлаа. Гэхдээ энэ бол аз биш шүү. Хэрэвзээ аз байсан бол 35 ялалт таван тэнцээ гээд бүтэн жилийн хожигдож үзээгүй яваа цувралыг үнэгүйдүүлсэн явдал болно. Түүнийг ийм лут амжилттай явах үед Реал Мадрид, Ливэрпүүл, Бавари гээд Алонсогийн тоглож байсан гранд багууд дасгалжуулагчийн эрэлд гарчихсан яваа нь таарч буй бас аймаар сонин тийм үү. Ливэрпүүлийн Клоппе энэ жил дасгалуулаад ажлаа өгнө гээд зарлачихсан, Реалын Анчелотти 2025 он хүртэл гэрээтэй, удирдлага нь сунгахгүй гээд бараг хэлчихсэн, Бавари бол бүр Алонсогийн багт “зодуулаад” сэхэл авахгүй байгаа тул уламжлал ёсоороо өөрийг нь ялаад байгаа багийн гол хүнийг нь мөнгөөр урхидаад авчихдаг заншлаараа түүнийг мөрөөдөөд эхэлчихсэн гээд л.

Харин Алонсо алинд ч гэлээ хариу өгөлгүй чимээгүй байсны эцэст “би эндээ дахиад нэг жил үлдэнэ. Европын цомд багаа бэлдэж, эхэлснээ дуусгахыг хүсч байна” гээд хаалга хаачихлаа. Эр хүн дээ. Нэг ийм сайхан залуу, шинэ дасгалжуулагч хөлбөмбөгийн ертөнцөд мэндэллээ.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *