Алтны унци түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Нэг унци алтны үнэ 2200 ам.доллар давав. Энэ талаар эдийн засагч Г.Батзоригоос тодрууллаа.
——————————————————————————————————-
-Алтны унци огцом өссөн шалтгаан юу байв?
-Алтны ханш өссөн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдрийн FED-ийн мөнгөний бодлогын шийдвэрээс хойш алтны үнэд нэлээд хөдөлгөөн орсон. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл “Бодлогын хүү оргил цэгтээ хүрсэн” гэдгийг хэлсэн. Ер нь ирэх зургаа юмуу долдугаар сараас бодлогын хүүг бууруулж эхэлнэ. Хамгийн багадаа хоёр удаа бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт зах зээлд бий болсон. Энэ нь алтны ханшийг өсгөх нэг шалтгаан байлаа. Хоёрдугаарт, олон улсын нөхцөл байдал болон сонгуулийн үе таарч байна л даа. Хэрэв Д.Трамп ялалт байгуулж чадвал тарифууд тавина. Тодорхой бус үед алт сонголт байдаг. Гуравдугаарт, хувьцаа нэлээд өсчихсөн, бондын хүү бууж байгаа болохоор хүмүүс аюулгүй сонголт гэдгээр нь бас алт руу хошуурч байна.Тэр утгаараа хөрөнгө оруулагчид алтыг түлхүү сонгож байна.
-Олон улсын нөхцөл байдал алтны үнэд нөлөөлж байна гэлээ. Энэ нь Орос Украины хямралтай холбоотой юу. Зарим агентлагууд мэдээлэхдээ “Оросын цэргүүд Украин руу дайрснаас АНУ болон Европын Холбоо Оросын валютын нөөцөөс 300 тэрбум ам.доллар хурааж авсан. Үүний дараа дэлхийн Төв банкууд их хэмжээний алт худалдаж авсан” гэх юм. Энэ хэр бодитой вэ?
-АНУ-ын сонгуулийг бодвол дайны хямрал нөлөө бага гэж харж байна. Яагаад гэвэл энэ бол аль эрт эхэлчихсэн байсан асуудал шүү дээ. Тэглээ ч дэлхийн эдийн засагт аль хэдийнэ нөлөө нь мэдрэгдээд явчихсан. Гол нь АНУ, Хятадын хоорондын харилцаа, дэлхийн хоёр том гүрний тодорхой бус байдал анхаарал татаж байна.
-Цаашид алтны төлөв байдал яахаар байна вэ?
-Хүмүүс бариад эхэлчихвэл хэсэгтээ буухгүй болов уу. Дээрх шалтгаан нь угаасаа ирээдүйд бий болох зүйлс. Тэрнээс урьтаж хүмүүс алтыг хямд байхад нь авч байгаа гэх юмуу даа.