“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлэг боллоо.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх буюу хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 10 гишүүний 6 нь дээрх төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэмсэн 29.3.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзжээ.
Хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд санал хураалт явуулахад гишүүдийн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.
Тус Байнгын хороо энэ сард Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай“ Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цаглавар хамаарахгүй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 03 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.