Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Хөгжлийн банкны хэрэг буюу 80 иргэн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох шүүх хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Н.Мөнхбатын хувьд анх хэд, хэдэн зүйл ангиар буруутгагдаж байсан. Өнөөдөр түүний холбогдсон хэргүүд юу болж хувираад байна вэ?
-Н.Мөнхбат Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 2013 оны наймдугаар сард томилогдоод УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг 2014 оноос эхлээд л Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 (Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах), 150 дугаар зүйлийн 150.2 (Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх), 266 дугаар зүйлийн 266.2 (Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх) гэсэн зүйлүүдээр түүнийг 2016 оны нэгдүгээр сард сэжигтнээр тооцсон мөрдөгчийн тогтоол байна. Ер нь бол Хөгжлийн банктай холбоотой бүхий л асуудлаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд Н.Мөнхбат, түүний гэр бүл, төрөл садангуудын хөрөнгө орлогоос эхлүүлээд л нэг бүрчлэн шалгасан. Гэвч Н.Мөнхбат Хөгжлийн банкны эд хөрөнгө завшсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдаас хээл хахууль авсан, хувьдаа ашиг хонжоо олсон гэх ямар нэг үйл баримт огт тогтоогдоогүй. Н.Мөнхбат хийх ёстой ажлаа хийж байна гэсэн итгэл үнэмшлээр шударгаар ажиллаж байсан учраас даравч ил гарна, булавч бултайна гэдэг шиг үнэн юм үнэнээрээ л тодорсон. Энэ бол шүүхийн дүгнэлт шүү. Үүнд бид харин талархалтай хандаж байгаа.
-Прокурор Н.Мөнхбатыг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж байсан Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийг хугацаанаас нь өмнө татаж, хүүгийн алдагдалд оруулсан зэрэг хэд, хэдэн үйлдэл байсан байх аа?
-Үүн дээр нэмээд “төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Уул уурхайн яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулаагүй байхад их хэмжээний зээл олгож, “Мон-Лаа” ХХК-д давуу байдал олгосон”, ”Худалдаа Хөгжлийн банкнаас зах зээлийн ханшаас илүү үнээр оффисын байр худалдан авч, уг хуулийн этгээдэд давуу байдал олгосон” гэж буруутган, дээрх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, хамгийн анх 2017 оны зургадугаар сард шүүх рүү шилжүүлсэн.
Энэ хэрэг анхан шатны шүүх-прокурор-давахын шүүх-АТГ-анхан шатны шүүх гэсэн тойргоор 2018-2021 он хүртэл явсан. Шалтгаан нь мөрдөгч, прокурор оролцогч талын гаргасан цагаатгах талын баримтыг хэрэгт нотолгоо болгож хавсаргадаггүй, хэргийн бодит байдлыг тогтоодоггүй, цагаатгах үйл баримтуудыг шалгуулах тухай Н.Мөнхбат, түүний өмгөөлөгчийн хүсэлт гомдлыг хүлээж авдаггүй. Хэт яллах байр сууринаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хэргийн бүрдэл хангагдаагүй байна гэсэн. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн удаа дараагийн захирамжийн заалтыг мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна гэсэн үндэслэлээр уг хэрэг дээрх байгууллагуудын дунд дөрвөн жил гаруй хугацаанд эргэх буцах тойргоор явлаа.
Миний хувьд хууль сахиулах байгууллагад 30-аад жил, мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, тасгийн даргаар 10 орчим жил ажиллаж байсан, тодорхой хэмжээний мэдлэг, туршлага хуримтлуулсан учраас хэрэг шалгах процесс, үйл явдлын өрнөлийг мэднэ л дээ. Хэрэг мөрдөн шалгах үе шатанд асар их но-той асуудал, хүний эрх, халдашгүй байдал зөрчигддөг, улс төрийн нөлөөлөл байна гэдгийг энэ хэрэгт олон жил ажиллахдаа сэтгэл, оюунаараа мэдэрсэн, мэдэрсээр ч байна. Тийм итгэл үнэмшилтэй болсон.
-Хэрэг удаашраад байгаа шалтгааныг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчидтэй холбон тайлбарлах явдал бий. Бас шүүхтэй ч холбодог?
-Иргэд, олон нийт шүүх л хэргийг санаатай удаашруулаад байгаа мэт ойлголттой байдаг нь тэдний буруу биш. Эрх баригчид төөрөгдүүлсэн мэдээллээр тархийг нь угаадаг, тэдэнд бодит мэдээллийг өгдөггүй, улстөржүүлсэн үйлдэл, үйл ажиллагаа хэт хавтгайрсантай шууд холбоотой. Мөрдөн байцаалтын нууц гэдгээр халхавчилж өмгөөлөгч нарын амыг хаадаг, боодог, хуулиар сүрдүүлдэг асуудлыг эргэн харах, түүнийг өөрчлөх тийм цаг үе, нөхцөл шаардлага үүссэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Хадгаламж буцаан татсан”, “Худалдаа Хөгжлийн банкнаас байр худалдан авсан” үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, “Мон Лаа” ХХК-нд зээл олгосон нь гэм буруутай гэж үзэж, 2002 оны хуулийг хэрэглэн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ хэрэг дээр прокурор эсэргүүцэл бичээгүй байхад Хөгжлийн банк гомдол гаргасныг хэлэлцэх нэрийдлээр давахын шүүх дээрх тогтоолыг хүчингүй болгосон нь өнөөдөр өрнөж буй үйл явдлын эхлэл болсон юм.
-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Н.Мөнхбатад оноосон дөрвөн жилийн ялыг хоёр жил болгон бууруулсан. Харин өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгчийн зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Хоёр жил болгож бууруулах ч юу байх вэ дээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан маш ноцтой алдааг залруулсан төдий л үйлдэл гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн тухайн шийдвэр гаргасан шүүгчийн хувьд олон жил ажиллаж байгаа, мэдлэг чадвартай, туршлагатай алдаа гаргадаггүй шүүгч гэж сонсож байлаа. Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлж баталсан хуулиуд, манай нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцид заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэх заалтыг хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хуулийн хууль үйлчлэх цаг хугацааны зарчмыг зөрчиж, илтэд яллах байр сууринаас хандаж шийдвэр гаргасан. Хуульд заасан үндэслэлээр шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн хэргийн хууль зүйн үндэслэл арилаагүй байхад сэргээсэн нь хуульд нийцээгүй учраас уг гаргасан шийдвэр ч хүчингүй болох үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Н.Мөнхбат гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хууль түүний эрх зүйн байдалд эергээр нөлөөлөх нөхцөлийг бий болгосон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь илтэд байхад 2015 оны хуулийг хэрэглэсэн. Хэрэглэхдээ түүний эрх зүйн байдлыг дордуулсан 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулсан хорихоос өөр төрлийн ялын сонголтгүй заалтаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж ял оногдуулсан. Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн үргэлжилсэн хоёр үйлдлийг бие даасан гэмт хэрэг мэтээр тооцож, ялыг нь нэмж нэгтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилээр хасаж, дөрвөн жил хорих ял оногдуулсан нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Үүнийг санамсаргүй үйлдэл гэж харахгүй байгаа. Энэ алдааг нь л давж заалдах шатны шүүх залруулах төдийгөөр хязгаарлаж, хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Н.Мөнхбатад оногдуулсан ялын хэмжээг бууруулсан шийдвэр гаргасан.
-Энэ хэргийн шалгалт сүүлийн найман жил орчим үргэлжилсэн. Үндсэн хуулийн Цэц дээр бас маргаантай байгаа сэдэв байх аа. Гэтэл ингээд хэргийг шүүгээд шийдвэрлээд явчихаж болох юм уу?
-Н.Мөнхбатын өмгөөлөгчөөр 2016 оноос эхлэн ажилласнаас хойш найман жилийн хугацаа өнгөрчээ. Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, хууль буцаан хэрэглэх зарчмуудын талаар зүгээр ч нэг хөндөж яриагүй юм шүү. Н.Мөнхбатад эрүүгийн хариуцлага оногдуулах л гэж байгаа бол түүний эрх зүйн байдалд эергээр нөлөөлөх, дээрх хуулийн зарчмууд зайлшгүй хөндөгдөж байгаа юм. Учир нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн цаг үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар шүүх тодорхойлох хууль зүйн үндэслэлтэй байсан. Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тодорхойлох гэдэгт гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол энэ нь тухайн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болно. Чөлөөлнө гэдэг нь эрүүгийн хариуцлагын төрлийг тодорхойлж байгаа нэг хэлбэр. Үндсэн хуульд “…зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг иргэндээ олгосон”, хөөн хэлэлцэх хугацааны талаарх маргаан өнөөдөр Үндсэн хуулийн Цэц дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Гэтэл иргэнийхээ зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалах ёстой анхан болон давж заалдах шатны шүүхүүд Н.Мөнхбатын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан үйлдэл, үйл ажиллагааг дэмжсэн үйлдэл болж хувирлаа. Үүнийгээ тэд яаж тайлбарлахыг би хэлж мэдэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Цэц дээр 2002, 2015, 2020 оны Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны заалтын аль нь Үндсэн хууль зөрчсөн бэ, энэ хэрэг дээр аль заалтыг хэрэглэх вэ гэдэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад давж заалдах шатны шүүх Н.Мөнхбатад Эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг яаран хэлэлцэж шийдвэрлэх биш, эсрэгээрээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн залруулж, хүчингүй болгон, түүнийг нэн даруй суллан, хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан. Хуулийн ийм заалтыг эс хэрэгжүүлснээрээ давж заалдах шатны шүүх хуулиа мөн л зөрчлөө. Үндсэн хуульд заасан Н.Мөнхбатын зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалсангүй эс үйлдэхүй гаргалаа. Үл үзэгдэх хэн нэг этгээдийн дохио зангаа шүүхэд нөлөөлөөд байна гэж хардаж байна.
-Энэ хэрэг бол маш олон оролцогчтой, шүүхийн практикт өмнө нь байгаагүй шүүх процесс үргэлжилж байгаа. Нэг талаас банкны харилцаатай холбоотой асуудал эрүүгийн гэмт хэрэг болох уу гэдэг асуудлыг зарим хуульчид хөндсөөр байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эрхийг нь хамгаалах, нийгэмд хууль, шударга ёсны баталгааг шүүх л хэрэгжүүлдэг гэсэн ойлголттой хүмүүсийн нэг нь би. Хөгжлийн банкны хэрэг гэдэг шошго наагаад, хоорондоо хамааралгүй хүмүүсийн хэргийг нэг шуудайнд хүчээр хийгээд шүүх рүү ирүүлсэн байдаг юм. Зээл өгсөн авсан асуудал энэ хэрэг дээр ч мөн ялгаагүй яригддаг. Энэ нь тэгээд нийгэмд аюултай үйлдэл юм уу, Хөгжлийн банкны тухай хуулийн заалт, дүрэм, журмыг зөрчсөн нь бусдад давуу байдал олгох нөхцөл бий болгосон, тиймээс урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж, гэмт хэргийг хамтран үйлдсэн байна гээд Засгийн газрын тэргүүн, салбарын сайд, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх удирдлагын баг, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд гээд ажлаа хийсэн бүх хүмүүсийг хоморголон яллаж, эрүүгийн хариуцлага хүлээлгүүлэхээр авчирсан байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцаас харахад бусдад давуу байдал олгох шууд санаатай үйлдэл хийгээгүй, ажлаа л хийцгээсэн хүмүүс юм байна гэдэг нь илт харагдаж байсан. Гэтэл тэр нь улсын яллагч нарт үйлдлээрээ нэгдсэн болж харагдаад байгаа юм билээ.
Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийн заалттай холбож өөрсдийн бодлоороо л улсын яллагч нар дүгнээд байсан. Хөгжлийн банкны албан тушаалтнуудад мэргэжлийн алдаа гаргасан зарим нэг асуудлууд байсан. Гэхдээ мэргэжлийн алдааг эрүүжүүлж, эрүүгийн хариуцлага оногдуулаад байгаа нь хэлмэгдүүлэлт төдийгүй төрд ажиллах хүний тоо цаашид буурах муу үр дагавартай. Мэдлэгтэй, ур чадвартай, мэргэшсэн залуус нь Хөгжлийн банкинд ажиллахгүй гэдэг болсон байна лээ. Энэ бол анхаарал хандуулах асуудал мөн. Эцэст нь дүгнээд хэлэхэд, Анхан шатны шүүх тэр олон хүмүүсийн асуудлыг хэргийн үйл баримт, нотлох баримттай харьцуулах, талуудын байр суурийг чөлөөтэй сонсох зэргээр мэтгэлцэх нөхцөл боломжоор бүрэн хангаж, тэдгээрийг харьцуулан маш сайн нягталж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт гаргасан, зөв шийдвэрлэсэн.
-Танай үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нэг үндэслэл бол Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй байр худалдаж авч, бусдад давуу байдал олгосон гэх. Олон нийтэд ил болсон мэдээллээр шүүгдэгчид энэ үйлдэл дээр өөрсдөдөө давуу байдал олгоогүй гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн юм билээ. Өөрт давуу байдал, ашиг хонжоо олоогүй бол гэмт хэрэг гэж үзэх үү?
Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1116 дугаартай шийдвэрт: “Шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө давуу байдал бий болгоогүй буюу өөртөө ашиг олоогүй байна” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ бол шүүхийн дүгнэлт.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэм хэрэг, гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцдог. Иргэний хуулийн хэм хэмжээнд нийцүүлж, “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ Хөгжлийн банк, Худалдаа Хөгжлийн банкны хооронд байгуулагдсан нь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна.Хуульд нийцүүлж явагдсан худалдах, худалдан авах үйл ажиллагааг нийгэмд аюултай үйлдэл гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байгаа, Худалдан авсан байр нь үрэгдэж үгүй болоогүй байна, үнэ ханш нь унаагүй бүр өссөн байна. Хөгжлийн банкинд хохирол учруулаагүй, өөрөөр хэлбэл мөнгөө буцааж аваад, байрыг нь буцаагаад өгөх эрх нь нээлттэй.1. Худалдан авсан 3200 мкв талбай, 10 автомашины зогсоол бүхий Монгол улсад ганцхан байдаг банкны стандарт шаардлага хангасан байранд өнөөдрийг хүртэл Хөгжлийн банк 9 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Худалдан авсан үнийн дүнгээр буюу 27.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийгээ Олон улсын санхүүгийн байгууллагын аудитаар баталгуулжуулан 9 жилийн турш тайландаа бүртгэсээр ирсэн. 2.Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн үнэлгээгээр уг байрны ханш 70 тэрбум төгрөгөөс доошгүй байгаа. Худалдан авсан үнээсээ 2 дахин бүр илүү өсчээ.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг байрны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор 5 удаа шинжилгээ хийлгэж, бусад 4-ийг нь үгүйсгэж чадаагүй хэрнээ хамгийн сүүлийн, хамгийн багаар үнэлгээ тогтоосон дүгнэлтээр 4.5 тэрбум төгрөгийн зөрүү гаргасныг үндэслэлтэй байна, тиймээс давуу байдал олгосон байна гэж шүүх буруутгасан.Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах ёстой харилцааг эрүүгийн шүүхээр оруулан шийдвэрлүүлж, бусдын өмчийг үнэгүйдүүлэн дээрэмдэхийг Хөгжлийн банкны өнөөдрийн удирдлагасанаархаж байна. Үүндээ эрүүгийн шүүхийг ашиглаж байна.Хөгжлийн банк энэ гэрээг цуцлах эрхээ иргэний хуулийн дагуу хэрэгжүүлэхийг огт хүсдэггүй юм. Хэрэв эрүүгийн шүүхийн эдгээр шийдвэрүүд хүчин төгөлдөр болвол “Худалдах, худалдан авах” гэрээ хүчингүйд тооцогдож, 27.5 тэрбум төгрөгөө Хөгжлийн банк буцаан аваад, уг байрыг буцаах эрх үүснэ. Түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк 9 жилийн түрээсийн төлбөрөө Хөгжлийн банкнаас нэхэмжлэх ньтэдний хууль ёсны эрх болж хувирна.Тэгэхлээр эрүүгийн шүүхүүдийн энэ шийдвэр эцсийн үр дагавраараа Худалдаа Хөгжлийн банкинд ашигтай болж хувирсан байгаа биз.Н.Мөнхбат өмнө нь давуу байдал олгосон уу ,эсхүл шүүх өнөөдрийн шийдвэрээрээ давуу байдал бий болгож байна уу гэдэгт өөр цаг хугацаанд өөр хүмүүс шударга дүгнэлт хийх нь гарцаагүй юм. Нөгөө талаар хууль дүрэм, журмаар бүрэн эрх олгогдоогүй, ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлдэг, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хамтарч оролцдог Гүйцэтгэх захирлыг шүд сугалж байгаа юм шиг ганцааранг нь сугалж үлдээгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь логикгүй байна. Эрх мэдэлгүй хүн яаж албан тушаалаа урвуулах юм бэ. Шийдвэр гаргах ямар ч эрхгүй л албан тушаалтан шүү дээ.Түүнчлэн энэ гэмт хэргийн субьектив талын гол шинж болох хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа баримт нотолгоогүйгээр хувийн бодлоороо шүүхүүд шийдвэр гаргадаг болжээ.
-“Мон Лаа” ХХК болон Бэрэн группэд зээл олгосон хэрэгт буруутгагдсан. Хөгжлийн банкинд нэлээд хохирол учруулсан гэж одоог хүртэл бичигдэж байгаа. Эдгээр зээлийнх нь талаар тодруулж өгөхгүй юү?
-Зээл өгсөн авсан асуудлыг нийгэмд аюултай үйлдэл, зээлийн гэрээнд заасан үнийн дүнг нь гэмт хэргийн улмаас Хөгжлийн банкны ашиг сонирхолд учирсан шууд үр дагавар буюу хохирол гэж хуулийг төсөөтэй хэрэглэж, шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсаар байгаа. Хор хохирол учруулах ямар үйлдэл хийсэн гэж Н.Мөнхбатыг буруутгасан бэ гэхээр үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулаагүй гэдэг. Энэ нь тэгээд гэмт хэрэг юм уу. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүх, улсын яллагч нар, Хөгжлийн банк аль нь ч ТЭЗҮ-г заавал батлуулах ёстой гэдэг хууль эрх зүйн ямар акт байгаагаа нотолж чадаагүй, гаргаж үзүүлээгүй. Түүнчлэн “ТЭЗҮ-ийг эцсийн байдлаар авах” гэж юуг хэлээд байгаагаа огт тодорхойлж чаддаггүй юм. Эдгээрт шүүх дүгнэлт хийгээгүй. Уул уурхайн яамнаас өмгөөлөгчийн хүсэлтээр ирүүлсэн албан бичигт: “…үйлдвэрийн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зайлшгүй урьдчилан батлуулсан байх тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй болно” гэсэн бичиг ирүүлснийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгч түүнд дүгнэлт хийхийг огтхон ч хүсээгүй байна билээ. Өнөөдөр “Мон Лаа” ХХК зээл, зээлийн хүүд 8.3 тэрбум төгрөг төлж зээлээ барагдуулсан, Хөгжлийн банк энэ зээлийн гэрээнээс гурван тэрбум орчим төгрөгийн ашиг олсон. Хамгийн хачирхалтай нь давуу байдал олж авсан гэх “Мон-Лаа” ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 онд эрүүгийн хариуцлагаас прокурорын шийдвэрээр чөлөөлсөн байдаг юм. Энэ нь тэгээд шударга ёс мөн үү, хууль шүүхийн өмнө эрх тэгш байж чадаж байна уу.
“Бэрэн”-гийн асуудал мөн ялгаагүй л зээл өгсөн, авсан иргэний хуулийн л дагуу шийдвэрлэгдэх ёстой асуудал. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсан гэмт хэрэг биш гэж үзэх хуулийн үндэслэлтэй асуудал байгаа юм. Албан тушаалаа урвуулсан үйл баримт тогтоогддоггүй, хийх ёстой ажлаа л Н.Мөнхбат хийж гүйцэтгэсэн, барьцааны хөрөнгө хангалттай авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах байдлаар зээл, зээлийн хүүг бүрэн төлүүлэх боломжтой. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал дээр энэ цаг хугацаанд энэ хэрэг хэлэлцэгдэж нягтлагдаж байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар “Бэрэн”-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэдгээр биш гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдох хуулийн үндэслэлтэй байна гэдгээр миний бие тогтоолд хэсэгчлэн гомдол гаргасан байгаа. Хурлын шийдвэр өнөөдөр эцэслэн гараагүй байна. Давахын шүүх хуульд нийцүүлж, бодитой шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа.
-Шүүгчдийн томилгоо эргэлзээтэй байгаа гэв үү. Хүний эрх, эрх чөлөө алдагдах эрсдэлтэй нөхцөлийн талаар та дээр дурдлаа?
-Н.Мөнхбатад холбогдох хэрэг зургаан удаа давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Гэтэл үүний тавд нэр бүхий шүүгч илтгэгч шүүгчээр, нэр бүхий нэг шүүгч хоёр удаа оролцсоны нэгд нь хурал даргалагчаар томилогдсон байдаг юм. Энэ хоёр шүүгчийн өмнө өөр нэр бүхий шүүгч нар томилогдсон тухай сонссон байсан боловч дахин томилгоо хийгдэж тэдний нэрсээр солигдсон байдаг юм билээ. Энэ томилгоо бол эргэлзээ төрүүлэхүйц шалгуулах ёстой асуудлын нэг мөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бидний гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Н.Мөнхбат нарыг гэмт хэрэг үйлдсэн байна, яллаад аваад ир” гэсэн агуулгаар анхан шатны шүүх рүү буцаасан нэр бүхий хоёр шүүгч дахиад томилогдсон нь, нэг нь илтгэгчээр, нөгөө нь шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон нь тохиолдлын зүйл биш. Биднийг гайхаж цочирдоход хүргэсэн. Н.Мөнхбат нарын үйлдлийг гэмт хэрэг мөн гээд толгойдоо кодолсон, итгэл үнэмшилтэй болсон дээрх шүүгч нар бидний гаргасан гомдлыг хүлээж авахгүй байх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь ойлгомжтой байсан учраас татгалзсан. Гэвч хуульд заасан үндэслэл биш гэдгээр бидний татгалзлыг хүлээн аваагүй, хуралдаан цааш үргэлжилж ялаа оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд онц гойд өөрчлөлт ороогүй.
-Н.Мөнхбатын хувийн байдал ямар байгаа вэ?
-Хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж, хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө мэдээллийн хэрэгслэлүүдээр гүтгүүлж балбуулж, олон нийтээр зүхүүлэн, хардлага сэрдлэг доор 10 жил ажил төрөлгүй явж байгаа хүн. Хийх ёстой ажлаа гүйцэтгэснийхээ төлөө хорих ялаар шийтгүүлсэн хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Өөрсдийн үр хүүхэд, ах дүүсээрээ төсөөлөөд нэг үзээрэй. Тэрээр гэмт хэрэг хийгээгүй, банкныхаа эрх ашгийг хохироосон үйлдэл гаргаагүй гэдэгтээ өнөөдөр ч тэр итгэлтэй байгаа.
Хамгийн гол нь шүүх л үнэнийг тогтоож өгнө, зөрчигдөж байгаа эрхийг нь сэргээнэ гэдэгт маш их итгэж, найдаж байсан. Харамсалтай нь шүүх шударга үнэнийг тогтоож чадсангүй, эрх эрх чөлөө нь зөрчигдсөн иргэнээ хамгаалсангүй. Ардчилсан нам засгийн эрх барьж байсан тэр цаг үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсныхаа төлөө гэм буруугүй гэмтэн боллоо. Шүүхээс ял оноож, хууль завхруулж хэлмэгдүүллээ. Ардчилсан Монгол Улсын анхны улстөрийн хоригдол боллоо гэсэн байр суурийг тэр илэрхийлж байна билээ. Өмгөөлөгчийн хувьд түүнтэй байр суурь, итгэл үнэмшил ижил байгаа. Өнөөдөр, маргааш биш юм аа гэхэд шударга үнэн ялах өдөр ирэх нь цаг хугацааны асуудал. Бусдыг хэлмэгдүүлж, сэтгэл санаа, эрүүл мэндээр нь хохироосон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэдэг тэр цаг үе ирнэ. Хууль, шударга ёс тогтоно гэдэгт би итгэлтэй байна. Хувь хүмүүс бүлэглэл биш хууль засагладаг тэр цаг ирнэ.
Б.ЭНХЗАЯА
One reply on “Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар: “Н.Мөнхбат нарыг яллаад аваад ир” гэсэн далд гар ажилласаар байна DNN.mn”
Мөнхбатыг хилс хэргүүдээр гүжирдэж нэр төр амьдралыг нь хохироох гэсэн биш харин ч эсрэгээрээ ямар их мэдлэгтэй, ямар мундаг хатуужил, зан чанартай залуу болхыг сүүлийн жилүүдэд Монгол даяараа харж ажиглаж хүндэлж байна.
Энэ залуу улам хүчтэй болноо. Шудрага үнэн ялна.
Хүнийг энгэж хохироосныхоо шийтгэлийг амсах хүмүүс нь амсаж л таараа.